Гэртээ улаан лооль тариарай

Идэр хүйтэн өвлийн улирал ард хоцорч, урин дулаан хаврын улирал айсуй. Гэвч энэ улиралд хүний биеийн дархлаа хамгийн их суларч, ядаргаанд ордог. Үүнээс сэргийлэхийн тулд амин дэмтэй, ногоо ихтэй хоолыг хүнсэндээ хэрэглэж заншаарай. Гэрийн нөхцөлд, тасалгаандаа хэрхэн хүнсний ногоо тарьж болох тухай “Шим ертөнц” хүрээлэнгийн технологич Г.Энхжаргалын зөвлөгөөг хүргэж байна.  

ХӨРСИЙГ ШУВУУНЫ САНГАСААР БОРДДОГ

Хаврын улиралд амин дэмийг нөхөж, цусны үйл ажиллагааг идэвхижүүлэх хамгийн шимтэй ногоо бол улаан лооль. Зөвхөн хоолондоо ч биш дангаар нь хэрэглэхэд ч цус төлжиж, дархлаа сайжирдаг. Тэгвэл энэ ногоог гэрийн нөхцөлд тарьж болно. Үүний тулд эхлээд хөрснийхөө талбайг бордох шаардлагатай. Сайн ялзарсан бууц болон шувууны сангас, ясны үнс, өндөгний хальсыг нунтаглаж хөрсөө бордоно. Ингэхдээ 1-2 см зузаантайгаар метр.кв талбайд хоёр кг бууц цацаж бордоно. Хөрсний хувьд дан хар шороо биш 30 хувь нь хонины бууц, адууны хомоол, 20 хувь нь үр тарианы лайн бэлтгэхэд хангалттай.

ТАРЬСНААС ХОЙШ ДӨРӨВ ДЭХ ХОНОГТ НАВЧ ЦУХУЙДАГ

Харин үрсэлгээг хийхийн тулд улаан лоолийн үрийг модон эсвэл хуванцар сав, жижиг гялгар уутанд ч суулгаж болно. Үрийг +20+30 градусын бүлээн усанд 30-40 минут байлгасны дараа уснаас гаргаж, шүүж, нойтон буюу сийрэг даавуунд боож +20+30 градусын дулаан газар 2-3 хоног байлга. Хөөж соёолсоны дараа шороонд үрээ суулгаж соёолуулна. Тарьсанаас хойш 3-4 хоногт анхны навч цухуйна. Энэ хугацаанд байрны дулааныг өдөртөө 20+25 градус шөнөдөө +18 градус байлгана.

СУУЛГАЦЫГ ШИЛЖҮҮЛ

Үрслүүр суулгац 15-25 см ургаж салаа мөчрүүдэд цэцгийн бундуу сууж цэцэглэх үед буюу 5-6 ширхэг жинхэнэ навчтай болоход үрсэлгээгээ савнаас нь гаргаж, тусгайлан бэлдсэн хонхойлгон нүхэлсэн газарт суулга. Ингэхдээ иш, үндсийг хугалж гэмтээхгүй байхыг хичээгээрэй. Суулгац шилжүүлсний дараа 2-3 хоногт нэг удаа услах шаардлагатай. Ингээд л улаан лооль бүрэн боловсорч гүйцэхийг хүлээх үлдлээ.

Ч.Гантулга


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.