Мартагдсан “бонд”-ууд маргаашийн өр биш биз

olloo_mn_1444005699_bonduud

Сандарсан. Иргэд чулуу бариад төрийн ордон луу шидэх вий гэж айсан. 50 төгрөгийн үнэтэй хоосон шар уут барьсан эмээ өвөө нар толгой сэгсэрч жижиглэнгийн худалдаа хэсч өнжсөн дүр зураг ядуухан орны өнгө төрхийг илтгэх мэт сэтгэл хямралтай үед Монгол Улсын засгийн газар хоёр ч удаа эрсдэлтэй ч юм шиг элдэвтэй ч юм шиг зүйл хийсэн. Энэ нь эдийн засгийг хямрахад тусалсан уу эсвэл тогтоход нөлөөлсөн үү гэдэг нь судлаачдын дунд тодорхой болоод байгаа.  Манай улс гадны орноос хөрөнгө оруулалт оруулж ирээд байна уу эсвэл өр чирч ирээд байна уу гэдгийг ойлгохоо болилоо гэх эмгэнэлт үг нэг үе гудамжаар тархсан.Тухайн үед Самурай бондыг оруулж ирснээр эдийн засгийн уналтаас босно гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Арай өнөөх бонд гэх яриа Н.Алтанхуягтайгаа таг болчих юм биш биз гэж хардах ч хүн байна. Ямартай ч Монгол, Япон хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу “Самурай” бонд гарган арилжаалж эхэлсэн. Тус бондын мөнгө 2014 оны эхээр манай улсын дансанд орж ирэхдээ 5.7 тэрбум иен дутуу орж ирсэн байдаг. Энэ нь иргэдийн дунд 5.7 тэрбум иен хааччихав гэсэн хачирхалтай асуулт, хардлага үлдээсэн. Гэтэл иргэдийн хар яриагаар бол Самурай бонд гэх мөнгийг зээлэхдээ жуулчилж өгсөн компанид нь шагнал болгож үлдээсэн сурагтай. Үүнд, Андер- райтер буюу зуучлагчаар Япон улсад дээгүүрт ордог үнэт цаасны хөрөнгө оруулалтын хоёр компани ажилласан. Зуучлалын хоёр компани нь зөвхөн үйлдвэржилтийн бонд гаргаж, тэр нь амжилттай болсон тохиолдолд тодорхой хэмжээний хураамж авдаг ,

Энэ үнэлгээний дагуу 0.1 хувиар зуучлалын хөлсөө тооцон суутгаж авчээ. Үүнийг зарим эдийн засагчид олон улсын жишгээс харьцангүй доогуур зуучлалын хөлс авсан гэж үзэж байгаа. Гэвч мөнгө санхүүгийн хүндхэн асуудалтай манай улсад бол тийм ч бага мөнгө биш юм. “Самурай” бондын эхний санхүүжилт өнгөрсөн 2014 оны 01 сарын 6-ний өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд орж ирсэн байдаг. Гэхдээ 30 тэрбум иенийг авахаас эхний ээлжийн 24.3 тэрбум нь манай улсын дансанд орсон. Ингэхдээ Японы олон улсын хамтын ажиллагааны банк баталгааны шимтгэлийн хүүнд 5.7 тэрбум иенийг суутгаж авсан нь гайхшрал төрүүлээд байсан. Энэ нь нийт 10 жилд гарах эрсдлийн зардлыг нэг дор тооцон авсан гэсэн үг аж. Үндсэн төлбөрийг бондын хугацаа дууссаны дараа буюу 10 жилийн дараа үндсэн төлбөрийг нэг дор өгөх ёстой гэнэ.

 Энэ нь олон улсад бонд гаргадаг тогтолцоо аж. Тиймээс хөрөнгө оруулагчдад цаашдаа 1.52 хувийн хүү төлөх л үлдээд байгаа юм байна. Үүнийгээ ч эргэн төлөлтийг үйлдвэржилтээс гаргана гэж тооцоолж буй. “Самурай” бондын мөнгөний дийлэнх хувийг үйлдвэржилтэд зарцуулах талаар тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг мэдэгдэж байсан. Тиймээс уг хөтөлбөрт хамрагдсан үндэсний үйлдвэрлэгчид арван жилийн дараа энэ мөнгийг босгосон байх ёстой гэсэн үг. Арван жилийн дараа манай улсын хувьд Япон улстай хийх худалдаа үйлчилгээний ажил нэмэгд сэнээр бидний иенийн орлого өснө гэсэн мөрөөдөлтэйгөөр Засгийн газар дээрх шийдвэрийг гаргасан бололтой. Тиймээс мөрөөдөлдөө найдах нь тийм ч зөв алхам биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Иенийн эрсдлээ долларын эрсдэл рүү шилжүүлэн тооцох судалгаа хийж гарах үр дүнг нь сайн тооцоолох нь зөв байх. Хэрэв тэгж чадвал бид 10 жилийн дараа ашигтай байх магадлал өндөр бий. Ямартай ч, Японоос “Самурай” нэртэй бонд орж ирсэн. Энэ нь түр зуурын амь торгоох тариа л битгий байгаасай гэж залбирах хүн олон байсан. Ийнхүү хоёр жилийн өмнөөс эхэлж манай улсын иргэд дунд “бонд” гэх шинэ үг хэллэг орж ирээд байгаа. Магадгүй зарим нь одоог хүртэл “бонд” гэж юу вэ гэдгийг ч мэдэхгүй алхаж явааг үгүйсгэх аргагүй юм. Анх “Чингис” бондыг манай улсын Засгийн газар 4.1-5.1 хувийн хүүтэйгээр гаргасан. Тухайн үедээ энэ нь хамгийн хямд эх үүсвэр байлаа. Харин өнгөрсөн оны есөн сарын байдлаар олон улсын зах зээл дээрх “Чингис” бондын хоёрдогч зах зээлийн хүү долоо орчим хувьд хүрч өссөн. Ганц Монголын бондынх ч бус бусад улсын ам.доллараар гаргасан бондын хүү нь өсч буй. Үүний гол шалтгаан нь АНУ-ын эдийн засгийн сэргэлттэй холбогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус улсын эдийн засаг сэргэхтэй зэрэгцээд ам.долларын өртөг нэмэгдэж байгаа хэрэг. Ийм үед ам.доллараас дутахааргүй “Самурай” бонд гаргах нь хүүгийн хувьд харьцангуй хямд тусна.

Хамгийн сүүлд Самурай бондыг Тунис улс 2.04 хувьтайгаар гаргасан. Энэ нь Африкийн улс төрийн эрсдэл ихтэй улс. Харин манай улс Тунисаас эрсдлээрээ харьцангуй бага байх болов уу. Тийм учраас “Самурай” бондыг дээрхээс бага хүүтэйгээр гаргах боломжтой гэж үзэж манай засгийн газрын тэргүүн Японд бадар барин байж олж ирсэн. Япон улсын санхүүгийн зах зээл дэлхийд АНУ- ынхтай дүйцэхүйц хүчирхэг, аварга том гэдэг. Дотоодын зах зээл дээр нь иенээр байршчихаад байгаа хөрөнгийн хэмжээ энэ улсын ДНБ- ээс гурав дахин том. Тэр хэрээр энэ зах зээл дээр чөлөөтэй ажиллах, хөрөнгө босгох боломж өндөр, хүү нь хямд байгаа юм. Дэлхийн олон улс “Самурай” бондоор хөрөнгө оруулалтаа хийж, хөгжсөн. Япон улс өөрөө ч бас “Самурай” бонд гаргаснаар өнөөгийн төвшинд хүртлээ хөгжиж чадсан. Монгол Улс ч бас “Самурай” бондыг ашиглан хөгжих боломжтой гэдгийг судлаачид хэлж байсан. Анх “Чингис” бондыг орж ирж байхад эдийн засгийн ирээдүйн гол хүч хэмээн шагшин магтах хүн олон байсан. Гэвч “Чингис” бондын хугацааг тав болон 10 жилээр тогтоосон. Манай улс наанадаж таван жилийн дараа бондынхоо үр өгөөжийг хөрөнгө оруулагчдад өгнө. Бүтэн таван жил эсвэл 10 жилийн дараа үр өгөөжөө өгөх бондын хөрөнгө оруулалт тэр хэмжээгээрээ эрсдэл дагуулдаг. Харин богино хугацаатай, хүү өндөртэй байвал хөрөнгө оруулагчдад таатай байх нь дамжиггүй.

“Самурай” бондыг яг энэ шаардлагад нийцсэн гэж үзэж байсан. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд олон удаагийн давтамжтай бонд гаргах бололцоотой гэж үзэж байсан. Ийнхүү манай улс хоёр том бондтой модон морь жилтэй золголоо. Харин биднийг өрөнд унагах уу эсвэл өршөөл үзүүлж эдийн засгийг өндийлгөдөггүй юмаа гэхэд хөл дээр нь тогтвортой байлгах уу гэдгийг төр, засгийн удирдагчид л мэдэх байх. Ямартай ч 5.7 тэрбум иен салхинд хийсгээд “Самурай” бондыг оруулж ирлээ. Үүнийг ашиг уу алдаа юу гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ хэмээн хүлээгсэд олон бий. Өнөөдрийн байдлаар ерөнхий сайд солигдчихсон “Самурай” болон “Чингис” бодын талаар иргэд бүү хэл УИХ ч мартчихсан юм шиг таг дуугай байсаар л байна. Магадгүй тэдэнд бонд бодож байхаар сонгууль бодсон нь ч дээр байж болох юм. Мартагдахын харгуйд үлдэж буй “бонд”-ууд маргаашийн өр болчихгүй л бол бусад нь яамай.

Тоймч В.НЭРГҮЙ


URL:

Сэтгэгдэл бичих