Нанхиад салхинаа дайх гуниг

Модон тэрэгний арал нумартал санахуй нь
Мөнхийн жаргал мэт тийн сэтгэснийх буй за
Мөнгөн шөнийн одод мэлмэртэл уйлахуй нь
Мөнөөх сэтгэл тийн итгэснийх буй за
Чөдөртэй морин лугаа эргэцэн үл хагацах
Чөмөгтэй яс лугаа эвцэлдэн үл салах амраг минь
Чинхүү хүслээ юунд хугачнам
Чин улсын өнгөнд юунд хууртнам
Сарны илтэс хуваалцан байжихул
Санаашрал юуг минь хулгайлан мордогч
Саваагүй догдлолоо тэнгэрт сацалж ахул
Сүүдэр үгүй сарнин хулжигч хүү бээр
Холын холд ураг барилдан
Хүний газарт бууриа сэлгэв гэмүй
Хүндээ хөнгөнөөс өгөх лугаа адил
Хүргэн болон одов гэмүй
Намрын манан хөлд хөглөрөхүй дор
Нандин дурдатгал нэхэн хөвөлзмүй
Нарсан ой чихнээ шуугихуй дор
Нөмгөн сэтгэл ганихран дэвэлзмүй
Нимгэн тэрлэг жиндэн алхахуй яа
Нарны утас тэмтчин бэдэрмүй
Намхан уулын оройд мацахуй яа
Нанхиад зүгийн салхи исгэрмүй
Цаадах наадахыг учирлъя хэмээвч
Цагаан хэрэм өмнүүр минь хөндөлсмүй
Аралтай тэрэгнээ ус дамналддаг хүү минь
Алтан угалзат жуузнаа залардаг гэв үү
Адуу уургалж, эмнэг мушгидаг гарынх нь
Арван хуруунд эрдэнэс гялалздаг гэв үү
Гэзгээ ширлэж гэрээ ачаалдаг мөр нь
Гэгээ гүнжийн өвдөгцөө өнждөг гэнэм
Цэгээнд халамцаж, цээжээ дэлддэг зүрх нь
Цэцгэн гэгийн ховсын ятганд уяатай гэнэм
Хоргой дээлэнд холбирох тийн заяа бөгөөс
Холын бус ойрын төдий цэнгэл бус уу
Харийн ноёдод бөхөлзөх тийн найрсал аваас
Халх цусаа худалдсантай агаар нэгэн бус уу
Төрсөнөөс дутуугүй сүйлсэн амраг би бээр
Төөрсөн янзага лугаа өнчрөв бус уу
Хойтын үйлийг огоорох эфү хүмүүн бээр
Хожим төрөх агиан Монгол гэх үү

А.Сүглэгмаа

/Манжийн дарлалын он цаг дор 18, 19-р зууны үед Манж нар Ар халхын ноёдыг урвуулж авахын тулд юуны өмнө үзэсгэлэн төгс гүнж нараараа урхиддаг, зарим ноёдыг бүр хайртай хатнаас нь салгаад хүчээр Бээжинд аваачиж суулгадаг байжээ. Ингэж Манжийн хүргэн болсон ноёдыг “Эфү” гэж нэрлэсээр ирсэн түүхтэй. /


URL:

Сэтгэгдэл бичих