Хөшөөт цогцолборыг нээлээ

Баянзүрх дүүргийн бэлэгдэл хөшөөт цогцолборын нээлт өнөөдөр боллоо. Тус хөшөөг Баянзүрх дүүргийн Чулуун овооны аюулгүйн тойрог дээр буюу Баянзүрх дүүргийн төв цэг болох Нарны зам, Ургах наран хороолол, Энх тайвны өргөн чөлөөний уулзвар гурван замын сүлжээ цэгт бүтээн байгуулсан юм.  “Баянзүрх” хайрханыхаа эзэн сахиус “ар” хэмээх цагаан арсланг дүүргийнхээ өндөрлөгт баянзүрхчүүдийн бахархал болгон залж, гурван цагийн эргэлтэнд тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, цог хийморь хөдлөшгүй бат бэх мандан бадарч байхыг бэлэгдэж дүүргийн өндөрлөгийг бүтээжээ. Энэхүү цогцолборын эргэн тойроны 500 метр газрыг гэрэлтүүлэх 25 метр өндөртэй тавган гэрэлтүүлгийг суурилуулжээ. Мөн ногоон байгууламж, цэцгийн мандал гээд иж бүрэн цогцолбор байгуулжээ.

Баянзүрх хайрханы  эзэн Баян намсрай бурханы хүлэг, араатны хаан “ар” цагаан арсланг хөх тэнгэр, эх дэлхий, лус хангай гурван цагийн эргэлтэнд үргэлж ариун дагшин, унаган төрхөөрөө байж, ард иргэд нь айх аюулгүй, шаналах зовлонгүй, хангалуун чинээлэг байхын ерөөл бэлэгдэж бадамлянхуа цэцгэн дээр ургах нарны зүгт, Баянзүрх хайрханаа мэлмий тунгалаг тольдож байгаагаар шүншиг аравнай өргөж байрлуулжээ.  Өндөрлөгийн оройд соёмбо залж Монгол гэрийн халз хэмээн 29 сувдыг зүйрлүүлэн гантиг цагаан шатаар өсөж хөгжихийн дэвшлийг илэрхийлэн бүтээжээ.  Түүнчлэн төрийн дээд хүмүүний төрөлд багтаж монгол хүний голомтын үнэнч сахиус хэмээн домогт гардаг Асар Басар хоёр нохойг урсгал хоёр замын хоточ болгон сонор соргогийг бэлэгдэж байрлуулжээ. Өндөрлөгийн гүйцгэгчээр “Хаус” констракшин ХХК ажиллан Баянзүрхчүүддээ хүндэт өндөрлөгийг нь хүлээлгэн өглөө.

Нээлтийн ёслолын ажиллагаанд дүүргийн удирдлагууд иргэдийн төлөөлөл оролцон үндэстэн бүрийн төлөөлөл болсон ардын хувцасны үзүүлбэр, ардын цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж ерөөл магтаалаа хайллаа.

Зургыг энд дарж үзнэ үү.

А.Зул


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих