АСЕМ-ын уулзалтад 22 орны 100 гаруй төлөөлөгч оролцоно

Монгол Улсын Их Хурал Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг ирэх дөрөвдүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү 9 дүгээр уулзалт нь Ази, Европын Дээд түвшний XI уулзалт (АСЕМ)-ын хүрээнд зохион байгуулагдаж буй эхний хурал юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 13 дугаар тоот захирамжийг үндэслэн Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл ханган ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр /2016.03.10/ уулзалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар хуралдав.

Тус хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ц.Нарантунгалаг болон Ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо.

Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар мэдээлэл хийх үеэр, одоогийн байдлаар 22 орноос мөн Европын парламентаас нийт 100 гаруй төлөөлөгч уулзалтад оролцохоор байна. Үүнээс парламентын дарга гурав, дэд дарга зургаа бүртгүүлээд байна гэж танилцуулаад бэлтгэл ажлын явц болон цаашид хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар Ажлын хэсгийн гишүүдтэй зөвлөлдөв.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон холбогдох яам, газрын албаны хүмүүс багтсан болно.

2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох юм. Тухайлбал, 2016 оны 04 дүгээр сарын 21-23-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт, 05 дугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, 06 дугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт зохион байгуулагдана. Харин 07 дугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих