МАН Архангайг алаглуулж чадах уу

Сүүлийн гурван УИХ-ын сонгуулиар Архангай аймагт АН 100 хувь ялалт байгуулсан. Харин одоо энэ цуврал цааш үргэлжлэх үү, үгүй юү гэдэг нь хэдхэн сарын дараа тодорхой болно. Түүнээс наана аль намаас хэн хэн нэр дэвших вэ гэдэг нь хамгийн чухал. Тус аймаг хоёр мандаттай бөгөөд АН-аас Н.Батбаяр гишүүн, Б.Болор сайд нэр дэвших бололтой. 2004 оноос хойш тасралтгүй гурван удаа сонгогдсон Н.Батбаяр гишүүн энэ удаад намынхаа жагсаалтад бичигдэх бүрэн боломжтой ч аймагтаа нэр хүнд сайтай байгаа учраас ялж сурсан нэгдүгээр тойрогтоо нэр дэвшиж ч болох юм. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Гудамж” төслийг хэрэгжүүлэх хоёр аймгийн нэгээр Архангай аймгаа “шургуулсан” нь түүний алсыг харсан нүүдэл байжээ. Архангай аймгийн төвд  “Гудамж” төслийн хүрээнд 14 км хатуу хучилттай авто зам, түүнийг дагасан тохижилтын ажил хийгдэж өнгө зассан. Энэхүү бүтээн байгуулалтын ажил Н.Батбаяр гишүүнээр овоглогдож байгаа учраас архангайчууд түүнд ам сайтай байгаа юм байна.

Б.Болорын хувьд анх удаа УИХ-д сонгогдож, бүр цаашлаад Сангийн сайдаар томилогдсон өсөлтөө сон­гуулийнхаа гол пиар болгож өрсөлдөх нь ойлгомжтой. Харин Н.Батбаяр гишүүний хэмжээнд хүрэхүйц үнэ­лэгдэж байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Ямартай ч Архангайн хүчитнүүд түүнийг дэмжих нь лавтай. Учир нь, тэрээр аймгийнхаа “Бөхбилэгт” дэвжээний тэргүүнээр ажилладаг юм.
АН-аас Архангай аймагт нэр дэвших магадлалтай улстөрч дээрх хоёроос өөр байхгүй гэхэд болно. Харин МАН-ын тухайд Уул уурхайн дэд сайд асан Г.Тэмүүлэн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай, генсек Ж.Мөнхбат, Засаг дарга асан Ё.Баатарбилэг, Нийгмийн даатгалын ерөнхий  газрын  дарга асан Ч.Алтанхуяг гэх мэтээр нэрс хөврөх ажээ. Эдгээрээс хамгийн идэвхтэй байгаа нь Г.Тэмүүлэн. Өмнөх сонгуулиар дэвших хүсэлтэй байсан ч ах нартаа зайгаа тавьж өгөхөөс өөр аргагүй болсон гэдэг.

Харин энэ удаад дэвшүүлэхгүй гэвэл НАМЗХ-ныхоо нэрийг барьж зүтгэх нь ойлгомжтой. Чимээгүйхэн байгаа хэдий ч Архангайд дэвших магадлалтай хүмүүс нь Т.Бадамжунай, Ё.Баатарбилэг, Ч.Алтанхуяг нар юм. Ж.Мөнхбатыг өмнөх сонгуулийн жишгийн дагуу албан тушаалаараа намынхаа жагсаалтад дээгүүр бичигдэнэ гэж олон нийт харж байгаа.

Гэвч энэ нь баталгаатай биш. Учир нь, МАН-ынхан ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа учраас түүнийг Архангайд дахин нэр дэвшүүлж, гарахгүй бол сайд болгоно гэх тохироо хийж болох юм. Энэ бүхнээс үзэхэд Архангай аймгаас сонгогдож УИХ-ын гишүүн болох хүсэлдээ хөтлөгдсөн Г.Тэмүүлэн хэнтэй хамт нэр дэвшихийг таамаглахад хэцүү юм. Цаашлаад 2000 оноос хойш цэнхэртсэн Архангайг МАН-ынхан алаглуулж чадах эсэх нь бас л эргэлзээтэй.
МАХН дангаараа сонгуульд оролц­вол Архангайгаас нэр дэвшигчид нь Н.Удвал, Д.Тэрбишдагва байх магадлалтай юм байна. Тус намд олон сонголт алга. Д.Тэрбишдагва гишүүн Сонгинохайрхан дүүргээс гурван удаа дараалан сонгогдсон хэдий ч төрсөн нутаг Архангайдаа нэр дэвшиж магадгүй гэх мэдээлэл бий. Учир нь, гурав сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн сонгогчид түүнээс уйдсан байх гэж тооцож байгаа бололтой.
Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалын тухайд өмнөх сонгуулиар Архангайд нэр дэвшээд ялагдсан ч нам нь дахин нэр дэвшүүлбэл очих газар нь зөвхөн Архангай. Гэхдээ 2012 онтой харьцуулахад Н.Удвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд үзчихсэн, улсын хэмжээнд ажиллачихсан учраас бас л хүчтэй өрсөлдөгчийн тоонд нэрлэгдэх биз ээ.

Эцэст нь өгүүлэхэд, Архангай бол албан тушаалаар пиар хийж болдоггүй аймаг. Тухайлбал, тэндээс сонгогдоод УИХ-ын даргаар ажилласан хоёр ч спикер дараагийн сонгуулиар нь унаж байсан түүхтэй. 2000 оны сонгуулиар 1996 онд сонгосон УИХ-ын дарга Р.Гончигдорж, 2004 оны сонгуулиар 2000 онд сонгосон УИХ-ын дарга С.Төмөр-Очир нарыг Архангайн сонгогчид унагаж байсан. Аймгаа төлөөлүүлэн сонгосон гишүүн нь индэрт гарч суучихаад УИХ-ын үйл ажиллагаатай зууралдаж тойргоо хаячихаад байдаг учраас дахин сонгодоггүй байсан ч байж болох. Гэхдээ л тэнд албан тушаалын эрэмбэ үйлчилдэггүй гэдгийг бодолцох ёстой болов уу.

АРХАНГАЙ АЙМГААС СОНГОГДСОН ГИШҮҮД  
1996 он: Р.Гончигдорж (Ардчилсан холбоо эвсэл), С.Ламбаа (Ардчилсан холбоо эвсэл), С.Төмөр-Очир (МАХН)
2000 он: С.Төмөр-Очир (МАХН), М.Далайхүү (МАХН), Б.Чадраа (МАХН)
2004 он: Р.Гончигдорж (АН), Н.Батбаяр (АН), С.Ламбаа(АН)
2008 он: Р.Гончигдорж (АН), Н.Батбаяр (АН), С.Ламбаа(АН)
2012 он: Н.Батбаяр (АН), Б.Болор (АН)
2016 он: ?

С.Шийлэгтөмөр

Эх сурвалж: Ардын эрх


URL:

Сэтгэгдэл бичих