Үндсэн хууль тойрсон хуйвалдаан урт наслахгүй

АН, Шударга ёс эвсэл хамтран төрийн жолоог атгаснаас хойш Монгол Улсад хууль дээдлэх зарчим хөзөр хаягдав. Энэ хямрал улам даамжирсаар өнөөдрийн Үндсэн хууль үнэгүйдэх хэмжээнд туллаа. .Монгол Улсад хууль дээдлэх зарчим ийнхүү хөсөр хаягдсан нь  иргэдийн төрд итгэх итгэл алдагдах, эрх мэдэлтнүүд хууль тогтоомжийг үл тоон оодрох, улс орны эдийн засаг хямрах, ард иргэдийн амьдрал доройтох,  аж ахуйн нэгжүүд дампуурах, гадаадын хөрөнгө оруулагчид дайжих үндсэн шалтгаан болсон нь харамсалтай.Иймд хууль дээдлэх зарчмын тухай, энэхүү зарчмыг хэрхэн сэргээх арга замын тухай ярилцах нь  тулгамдсан асуудал болжээ. Эртний Грекийн их сэтгэгч Платон /м.э.ө 427-347 он/ анх нийгмийг ёс журамгүй анархи байдлаас эсвэл харгис дарангуйллаас аврах цорын ганц зам бол эрх зүйн ноёрхол гэдгийг нотлож, хууль дээдлэх зарчмыг “хууль бол төр баригчийн эзэн, төр баригч нь түүний боол” гэсэн санаагаар тодорхойлсон байна. Мөн Платон хууль дээдлэх зарчмыг “хууль нь хүчгүй, аль нэг удирдагчийн нөлөөнд оршдог тийм төрийн мөхөл ойрхон байгааг харж байна” гэжээ. Түүний шавь Аристотель (м.э.ө 384-322)  “хаана хуулийн засаг үгүйлэгдэж байна, тэнд төрийн байгууллын ямар ч хэлбэр байхгүй, учир нь хууль бүхнийг захирч байх ёстой” гэж хууль дээдлэх зарчмын ач холбогдлыг онцолсон байна.

Хууль дээдлэх үзэл баруун Европт 18 дугаар зуунд хэмжээгүй эрхт хаант засаглалын эсрэг тэмцлийн нэг лоозон болж засаг төрийн бүх эрх мэдлийг хаан ганцаар эзэгнэж дур зоргын шийдвэр гарган дарангуйлдаг ёсыг халж, засаг төрийг үндсэн хуулийн хязгаарлалтад оруулахын төлөө тэмцэл 18-19 дүгээр зуунд эх газрын орнуудад өрнөж ялсан түүхтэй.

Энэ тэмцлийн үр дүн болж Францын 1791 оны Үндсэн хуульд “Францад хуулиас дээгүүр засаг байхгүй. Хаан зөвхөн хуулийн дагуу хаанчилж, гагцхүү хуулийн нэрийн өмнөөс захирагдахыг шаардах эрхтэй” гэж анх удаа хууль дээдлэх ёс төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон тунхаглагдаж, хэрэгжсэн түүхтэй.

Хууль дээдлэх зарчим нь төрийн хуульд төр, иргэн хоёр адил тэнцүү эрх тэгш байдлаар захирагдах, төрөөс иргэнийхээ эрхийг зөрчихгүй байх, хуульд захирагдахаас татгалзаж үл тоож  буй төрийн өндөр албан тушаалтан хэн ч бай түүнийг хөөн зайлуулах зэрэг эрх зүйт ёсны баталгааг бий болгодог.

Хууль дээдлэх зарчмын үзэл санааны гол агуулга нь хуульд захирагдах, хуулиас гадуур ажиллагаа явуулахгүй байх, хуулийг нэг мөр зөв ойлгон хэрэглэх, нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтад хууль тэргүүлэх байр суурь, чиг үүрэгтэй байх ойлголт бөгөөд хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж болохгүй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл хууль дээдлэх нь эрх зүйт төрийн агуулгын шинж бөгөөд хуулийн дарангуйлал тогтооно гэсэн утга биш, харин эрх зүйн буюу хуулийн засаглал тогтоох, төр, иргэн аль ч бай хуулийг дээдлэн хүндэлж биелүүлэх, эрх зүйн зохистой ухамсар төлөвшүүлэн баримтлах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хамгаалах, хууль нэрийн дор хуулийн дарагуйлал тогтоохгүй байх, хууль зөрчсөн тохиолдол бүрт хариуцлага тооцох явдал юм.

Хууль дээдлэх нь ямар нэгэн хуульгүй хэн нэгний дарангуйлал ноёрхож байснаас дээр хэдий ч энэ нь ардчиллын үнэт зүйлс, Үндсэн хуульт ёсонд төдийлөн хангалттай биш юм.

Учир нь хэн нэгэн удирдагч эсхүл засгийн газарт хязгааргүй эрх мэдлийг хяналтгүйгээр олгосноор ямар ч дэглэмийг хууль ёсных болгож болдог нь 1930-аад оны Германы жишээ бэлээхэн байна.

1930-аад онд буюу А.Гитлер засгийн эрх мэдлийн төлөө тэмцэж байсан үед Германы төр Үндсэн хуультай, түүгээр ч барахгүй олон нам оролцсон ардчилсан сонгууль явуулдаг л байсан. Харамсалтай нь эрх мэдэл нэг дарангуйлагчийн гарт орж ямар аймшигт үр дагаварт хүргэснийг бид мэднэ.

Хууль дээдлэх зарчмын суурь нь Үндсэн хуулийг дээдлэх ёс мөн.

Монгол Улс 1992 онд баталсан анхны Үндсэн хуулиндаа “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны нэг зарчим мөн” гэж онцлон тунхаглаж төр, түүний албан тушаалтнууд энэ зарчмыг хатуу мөрдөхийг хуульчилсан.

Хуулийг дээдэлсэн, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмуудыг хүндэтгэсэн төр л ямагт хүчтэй, шударга, нэр хүндтэй, тогтвортой оршихоос гадна ардчиллын үнэт зүйл баталгаажиж, хариуцлагын тогтолцоо бүрэн бий болж хэрэгждэг учиртай.

Гавьяат хуульч Б.Чимэд гуай хууль дээдлэх ёсны мөн чанарыг ардчиллын үнэт зүйлс мөн гэж байнга онцолдог байсан ба энэ нь зөвхөн хуулийг эрх зүйн болон нийгмийн бусад хэм хэмжээнээс дээгүүрт тавьж ухамсарласан дотоод итгэлийн үндсэн дээр нийтээр, юуны өмнө засаг төр өөрөө биелүүлэх, хэрэглэх, хамгаалах ёсыг хэлж, ойлгох нь зүйтэй, иймд хууль дээдлэхийг төрийн үйл ажиллагааны зарчим болгосны учир энэ гэсэн байна.

Гэтэл өнөөдрийн эрх баригчид, түүний дотор УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд хууль тогтоох, гүйцэтгэх эрх  мэдлийг Үндсэн хуулийн цэцтэй хамт эзэгнэхийг санаархаж энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэж байна.

Үүний тод жишээ нь 2015 онд Монгол Улсын Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон эрх буюу Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүрэн эрхэд халдсан болон 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганыг зөвхөн Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татах зорилгоор зарлан хуралдуулж түүнийг Үндсэн хууль зөрчин эгүүлэн татсан шийдвэрийг гаргасан явдал юм.

Энэ мэт бусармаг үйлдлүүд ард олны дургүйцлийг төрүүлж, улс төрийн хямралыг гүнзгийрүүлж,  Үндсэн хуульд харшилж, үндэсний эв нэгдэл, хууль дээдлэх зарчмыг алдагдуулахад хүргэж, яваандаа ноцтой сөргөлдөөнд хүргэхгүй гэх баталгаа алга.

Үндсэн хууль тойрсон хуйвалдаан, эрх мэдэлд шунасан санаархал урт наслахгүй ч үндэсний эв нэгдэл, хууль дээдлэх зарчимд нэн хор уршигтай  муу зуршлыг үлдээдгээрээ нийгэмд аюултай юм. Хуулийн нэрээр ийнхүү  дарангуйлал тогтоох, хүч хэрэглэх, хууль бус үйлдэл хийх, ашиг хонжоо олохоос илүү аюултай зүйл гэж үгүй бөгөөд үүнийг жинхэнэ ардчиллын төлөө тэмцэгчид дүр эсгэсэн ардчилал гэж дүгнэдэг.

Иймийн учир Монголын ард түмэн улам сонор сэрэмжтэй байж, Үндсэн хуулиа хамгаалан нэгдэх цаг болжээ.

Эрх баригчдын энэ увайгүй үйлдлийг хуулийн дагуу өөрчлөх ганц арга бол сонгуулийг шударга явуулж, тэднийг төрийн эрх мэдлээс хөөн явуулах юм.

Хууль, эрх зүйн бодлогын газрын ахлах ажилтан М.Төрбат


URL:

Нэр: НАУРЫЗЫН БАЯР Огноо: 17 March 2016

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих