Шашин ба үзэл бодол

12sdf1s2d

1930-аад онд Банчинбогд, Ёнзонхамба, “Дүвчин” Самбуу нараас “Шамбалын дайн”-д оролцвол нүгэл болохгүй, буян болно. Амь биед аюул учрахгүй, учирвал “Шамбалын (бурхны) оронд төрнө гэсэн ятгалгад лам, шүтлэгтэнүүд итгэдэг байжээ. Орчин үед хэн ч итгэхгүй болсон.

Тэр үед маань, мэгзэм, тарнийхаа утга учрыг монгол хэлээр ойлгодог лам, шүтлэгтэнүүд маш цөөхөн байсан билээ.

Монголчуудын монгол хэл дээр ойлгож мэдсэн нь 10 цагаан буян, 10 хар нүгэл байсан бөгөөд түүнийг ажил амьдралдаа олон зуун жил мөрдөн хэрэгжүүлж ирсэн байна.

Өөрөөр хэлбэл шарын шашин нь олон зуун жил ХIII-ХIХ зуунд монголчуудыг нэгдсэн үзэл санаа /үзэл суртал/-тай болгож, хүмүүжүүлжээ.

Шарын шашинд лам багш нь баньдтайгаа (ижил хүйстэн) хурьцахыг ариун бус үйлдэлд тооцдоггүй байсан ажээ.

Хүмүүс сайн сайхан амьдарч байгаагаа урьд насанд хийсэн буян, бүтэлгүй байвал хийсэн нүгэл гэж мунхарч номхон хүлцэнгүй байсан үед “Шамбалын дайн”д оролцвол үхэхгүй, үхвэл “Шамбалын оронд”-д хүн болж төрнө гэсэн үг нь дайн бослогод хүмүүс оролцоход нөлөөлжээ.

Найман хүний зүрх сугалж, сугалуулж, 100 гаруй хүн алж, алуулсан танхай этгээд “Жанжин” Б.Түгж “Миний бие чадвал шар цэрэгт идэвхтэй явж хувьсгалт засгийг устгаж, шажинтай төр байгуулан жаргал эдлэх, ядавч үхэн үхэтлээ идэвхтэй байлдан тэмцэж, хувьсгалч нарыг алсаар эцэст нь амиа өгч, хойд төрөлдөө бурханы сайн оронд төрөх зорилготой гэж мэдүүлснээс илэрхий байдаг.

Тэр үед буруу юм тухайлбал ан амьтан алах, өвс ургамал зулгаах, газар шороо ухах, урсгал усанд хэртэй хувцас угаах зэрэг нь нүгэл болно гэж цээрлэдэг байсан бол 1921 онд ялсан ардын ардчилсан хувьсгалын ялалтын ачаар XX зууны далаад жилд социалист үзэл санаа, суртлаар хүмүүжин боловсорч соёлжсоноос шашны мухар шүтлэг, сүсгээс салж өөрчлөгдсөн юм.

Энэ жилүүдэд 2-3 үеийн хүүхэд залуус боловсрол, хүмүүжилтэй болон төлөвшиж байтал 1990-ээд оноос тэднийг хүмүүжүүлэх байгууллага, хүмүүсгүй болж ардчилал эрх чөлөөгөөр түрээ барьж сахилга, үүрэг хариуцлагаа ухамсарладаг нь цөөрч задгайрснаас ажилгүйдэл, ядуурал, залхуу байдал, гэмт хэрэг, зөрчил өсөж доройтлоо.

Ийнхүү XXI зуунд ардчилсан хөдөлгөөн, хувьсгалаар социалист үзэл бодол, суртлаа, капиталист үзлээр сольж шинэчлэгдлээ. Социалист их хувьсгалын онолыг бүтээн, хэрэгжүүлэгч В.И.Ленин “Нэг бол хөрөнгөтний үзэл суртал, эсвэл социалист үзэл суртал байх бөгөөд уг асуудал зөвхөн ийм байна” гэж (V боть 391-р тал) бичжээ. Аливаа хүнд хоол, хувцас, гэр орон хэрэгтэй байдагчлан үзэл суртал, ёс суртахуун хэрэгтэй байдаг нь сүүлийн 25 жилд үгүйлэгдлээ.

1990-ээд оноос манай улсын хамгийн нөлөө бүхий МАН зүүн төвийн үндсэний ардчилсан үзэлтэй, АН барууны гэх боловч тодорхойгүй үзэлтэй болж тэдний аль нэг үзлийг нь судалж сурталчилж, сургаж хэрэгжүүлж, нийтэд хүртээл болж байгаа нь үгүй. Тиймээс “нэг нь нийтийн төлөө” нэг нийтийн төлөө” гэж байснаа “нийт нь нэг хэсгийн төлөө, нэг хэсэг нь өөрийн төлөө” ажиллаж амьдардаг боллоо. Манай улсад баруун, зүүний үзэл нь төвтэйгээ нийлэхэд 900 зайтай боловуу эсвэл В.Лениний хэлсэнчлэн “байдаггүй гуравдах үзэл суртал буй болох гэж дуншаад байна уу” гэсэн эргэлзээ төрж байна.

Монгол улс шинэ Үндсэн хуулиндаа ‘‘Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлон байгуулна” гэж зарлан тунхагласан атлаа түүндээ хүрэх нэгдсэн зорилго, үзэл бодолгүй болсноос ХИАН байгуулж, байгаа нь нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдохгүй байна. Үүний улмаас эзэн Чингэсээс “Сэтгэлийг нь эзэмдвэл бие нь хаачихав” гэж зааж сургасныг манай улсын баруун, зүүн, төвийн зөрүү үзэлтэй намууд, төр засаг (анхаарч ажиллах цаг нь болоод байна. Хөрөнгөтний болон социалист үзэл суртал хэзээ ч нийлж нэгдэж байгаагүйг хүмүүс мэддэг. Өөрөөр хэлбэл ХIII-ХIХ зууны шашны, XX зууны социалист үзэл суртлын аль нь ч ач холбогдолгүй болчихлоо.

Бас сүм хийд, лам нарт очиж мөргөж шүтсэн хүмүүс үнэн санаанаасаа үе дамжсан итгэл үнэмшилтэй ханддаг мухар шүтлэгтэн байсан бол өнөө үед өвчин, үхэл тохиолдсон ахуй амьдрал, ашиг хонжоо доройтсон үед сүм хийд, лам нарт очиж сүсэглэдэг, сайнаар нөлөөлсөн санагдвал түр зуур итгэдэг. Сайн нөлөө үзүүлээгүй санагдвал тоохгүй болж бөө рүү юмуу, христос руу явдаг хуурамч түр зуурын шүтлэгтнүүдтэй болж XII – XIX зууны үеийн шүтлэгтэнгүй болсон. Хүмүүс байшингийнхаа суурийг тавих, хүүхдийн үс үргээх, хүн оршуулах зэрэгт лам зална. Лам нь Төвдөөр ном уншаад монголоор ерөөлийн үг хэлнэ. Дараа нь ёс үйлийг хагас дутуу гүйцэтгээд өнгөрдөг өнгөцхөн шүтлэгтэй сүсэгтэнтэй болсон. Уншсан номын ид шид яасныг бүү мэд мартана.

Бас хүн амьтан алах, хулгай дээрэм хийх, худал хэлэх, залилах, байгаль дэлхийгээ сүйдлэх, ашиг хонжоо олохдоо “нүгэл” болно гэж бодох байтугай ашиг хонжоотой бол юуч хийхээс буцахгүй 10 цагаан буян 10 хар нүгэл гэгчийг тоохгүй хувиа хичээсэн хандлагатай болсон.

Хүн өөрөө (нүгэл) бурууг хийж үйлдээд бурхан шашнаар засуулах, арилгуулах гэж бодох бус, 10 хар нүгэлийг байнга цээрлэн тэвчиж, 10 хар цагаан буяныг санан хэрэгжүүлж байвал бурханы шашинг зөв шүтэж байна гэж ойлгох хэрэгтэй. Бурханы шашинд авах гээх юм их байдгаас авахыг нь авч, хаяхыг нь хаяж байгаа бөгөөд юуны өмнө шинжлэх ухаантай нийлж нийцдэг зурхайн ухааныг судлан мэдэж, цаг агаар, байгаль дэлхий, хүн амьтантай бие сэтгэлээр ухаалгаар зөв хандаж хайрлаж хамгаалж байх ёстой.

Буддын шашин Монголын үндэснийх биш боловч олон жилийн уламжлалтай шашин болсон учраас хүндэтгэж төрөл бүрийн тарнийг /Төвдөөр уншихад ид шидтэй, Монголоор уншихад ид шидгүй болчихдоггүй юм бол/ Монголоороо наандаж шинийн нэгэнд зүг мөрөө гаргахдаа тарниа Монголоор уншдаг болмоор санагддаг.

Монголчууд 1930-аад онд “Нартай байхад бороо орохгүй, ламтай байхад үхэхгүй” гэж итгэдэг мухар шүтлэгтэй байснаас, хүчирхэг зэвсэгтэй ардын цэргийн өөдөөс “сум нь онохгүй, оносонч үхэхгүй, үхвэл шамбалын оронд төрнө” гэсэн ламын үгэнд орж бороохой бариад дайнд орж байсан бол, орчин үед бурханы шашинд итгэдэг ч мэдлэгтэй сүсэгтэн болж өөрчлөгдсөн билээ. Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамцаас Монголчуудад цагаан сарын шинийн нэгэнд ирүүлсэн мэндчилгээндээ “Бурханы шашин чухал, эрдэм мэдлэг илүү чухал” гэж айлдсаныг мартахгүй санацгаая.

Манай улсад шашны буруу, муу нөлөө байсныг санаж, орчин үед ач тус, хорыг нь мэдэх мэдэхгүй олон шашин нэвтэрч байгааг анхаарч сэрэмжтэй байцгаая.

Б.Зинамидар

Эх сурвалж: “Хөх толбо” сонин


URL:

Сэтгэгдэл бичих