Амины үнэтэй гэрэл зураг- Кевин Картер

Өмнөд Африкийн гэрэл зурагчин Кевин Картер 1994 оны Пулицерын шагналыг та бүхний харж байгаа өлсгөлөнд нэрвэгдсэн бяцхан охиныг махчин шувуу ээрч байгаа зургаараа хүртжээ.

Тэрээр энэ зургаа олон нийтэд дэлгэж, шагналын эзэн болоод удалгүй амиа егүүтгэж нас барсан юм.

Түүнийг Өмнөд Африкийн Иоханнесбург хотын захад автомашин дотроо угаартсан байдалтайгаар нас барсныг цагдаа нар олоход,  найз нөхөд, гэр бүлийнхэндээ бичсэн захидлууд ч байжээ.

Арав гаруй жилийн турш гэрэл зурагчнаар ажиллахдаа улс орныхоо дотоодын зөрчил тэмцлийг гэрэл зурагт буулгаж, олон нийтэд мэдээлсэн тул хэд хэдэн удаа баривчлагдаж байсан хүн юм.

Нас барахаасаа жилийн өмнө тэрээр хувийн зардлаараа Судан улсад очиж, иргэний дайн, өлсгөлөнг сурвалжлан дэлхий дахинд хүргэжээ.

Түүний шагнал хүртсэн зурагт нэгхэн км-ийн цаана байгаа НҮБ-ын байранд очиж, хоол идэхээр мөлхөн явж байгаа бяцхан охин, охины тамир барагдахыг анан хүлээж буй махчин шувууг дүрсэлжээ.

Энэ зураг Нью-Йорк Таймс, Мэйл, Гуардиан зэрэг дэлхийд алдартай сонинуудад хэвлэгдсэн байна. Нью-Йорк Таймс  сонин зургийн тайлбарт охин НҮБ-ын хооллох байранд хүрсэн эсэх нь тодорхойгүй гэж бичсэн нь авъяаслаг гэрэл зурагчны үхлийн шалтгаан байж болох гэнэ.

Картер тухайн үед тас шувууг хөөж, үргээгээд зураг авсан газраас хөдөлсөн байна.

Зарим эх сурвалж Кевин Картер зураг авах үедээ Суданы зэвсэглэсэн цэргүүдийн хамт явж байсан бөгөөд охиныг аврахыг оролдсон тохиолдолд өөрөө аюулд орж, дэлхий дахины нүдийг нээсэн энэ зураг олон улсын анхааралд өртөж чадахгүй байсан гэж тайлбарладаг.

Түүнийг бяцхан охиныг орхисондоо  харамсан гашуудаж, гэрэл зурагчинаар ажиллах явцдаа нүүр тулгарсан бүх үхэл хагацлыг олон жил тээж явсны эцэст, уй гуниагаа дийлэлгүй амиа егүүтгэсэн гэж ихэнх хэвлэлд мэдээллэдэг. Олон хүн дайны хөлд нэрвэгдсэн хүмүүст эм тариа, эд материал, хоол хүнс, халамж анхаарлаар тусалж чадах ч Судан улсын цэргийнхэн, тусламжийн ажилтнууд Улаан Загалмайн нийгэмлэг гэрэл зурагчин Кевин Картерыг орлож чадахгүй. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан үнэн бодит мэдээллийг хүргэх үүрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих