Горьдов оо бас…

Хоног хугацаа өнгөрөх тусмаа юм бүхэн хөгжиж, хөлжөөд улам л сайхан болдогсон.

Гэтэл өнөөгийн Монголд тэр дотроо улстөрийн хүрээнд муухай гэхэд багадахаар хачин үйл явдал бүр нэмэгдээд л байх юм. Ирэх онд болох УИХ-ын сонгууль дөхөх тусам хааяагүй хар пиар, хэрүүл уруул дэгдээд хачин л байгаа.

Тэр бүхнийг сонсохнээ бүр өөр ертөнцийн амьдрал юм шиг бодогдох. Өөрийгөө ч эрүүл эсэхэд эргэлзмээр ийм л сэрүүн зүүдэлсэн үйл явдал өрнөсөөр байх юм. Голдуу улстөрийн хүрээнд шүү дээ. Их хурлын эрхмүүд буюу хоч нэрээр 76 олигархиуд, 76 мангуу ч гэдэг. Тэдний асуудал хэлэлцэж хууль батлана гэдэг гурилдахыг үзүүлнэ дээ. Чуулган завсарлахын өмнөх хоёр, гурав хоногт бол бүр гурилдах биш шавардах гээч болно.

Баримт бий. Өнгөрсөн хаврын чуулган завсарлах үе. Улсын баяр наадам болох байсныг ч хэлэх үү. Хоёрхон өдөр 20 гаруй хуулийн нэмэлт өөрчлөлтийг батласан байдаг юм. Үүнээс “тавьж хоносон” нь Сонгуулийн хууль. Яагаад тун удахгүй сонгууль болох гэж байхад хуулийг нь хойш тавьж доош малтдаг билээ.

Энэ нь сонгуулийн тогтолцоог зөв тогтоох гэхээр өнөөгийн 76-гийн эрх ашиг хөндөгдөж дахин сонгогдох магадлал нь муудах гээд сандарч байгаа нь тэр юм л даа. Тэрнээс пропорцианаль уу, мажоритар уу гэдэгтээ биш бололтой.

Тэгтлээ сүүлийн үед сонгуулийн хуулиасаа наана эцэг хууль “Монгол Улсын Үндсэн хууль”-даа гар хүрэхийг урьдал болгоод эхлэв. Энэ нь зайлшгүй яаралтай юм гэнэ. Учир нь бас л ирэх сонгуультай холбоотой аж. Өнөөгийн УИХ-ын 76 ирэх сонгуулиар шороодчихгүйн тулд ёстой л амьтай бүхнийг хөдөлгөж амьгүй болгоныг сэрээхэд хүрч байгаагийн нэг жишээ энэ.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс 76 тойрогтой байх болон Их хурлын гишүүдийг ард түмнээс шууд сонгоно” гэсэн заалт тэдэнд гай болж. УИХ-ын танхимд 76 биш 99 хүн суух ёстой гэж зүүдлэв. Үүнийгээ ажлын хэсгийнхэн гэдэг нөхдүүд тайлбарлахдаа Монголын хүн ам өссөнтэй холбож байна гэнэ. Энэ нь дарангуйлагч хийгээд залилан мэхлэгчийн аргатай ав адилхан байна л даа.

Олон тойргоос олон гишүүн сонгогдоно гэдэг УИХ-д улираад суух эхлэл гэж 76-гуулаа бодоо биз. УИХ-ын танхимд 76 хүн сэрүүндээ уралцаж, нойрондоо зүүдэлж байдаг бол одоо 99 болох юм гэнэ дээ. Монголын ард түмнийг дэндүү доромжилж байгаа хэрэг шүү дээ.

Тэд 99-үүлээ болчихоод 99 тэрбум төгрөг өөрсөддөө хуваарилаад суух юм гэнэ. Олон тойрогт олон нэр дэвшигч байлгахаар олны олон таван цэн гэдэг шиг хэн нэгэнд аз таарч мэдэх юм. Ингэхлээр нөгөө Эрээний гологдмол хулхи бараа шиг улс төрчид олноороо 99-ийн тоонд багтаж магадгүй л дээ.

Ийм л санаа УИХ-ынханд төрсөн юм байлгүй. Дахин сонгогдохыг горилогсод би ялбал, нам маань ялна, нам маань ялахаар би мөнгөтэй болно гэж бодож байгаа биз. Үнэндээ ялсан нам нь саалийн үнээ Эрдэнэт мэтийн том бялууны удирдлагыг авдаг хар жишиг бий.

Үүнтэй адилаар Оюутолгой, Тавантолгойг эрх баригчдын гадаадынхантай найрлах “Зоогийн газар” болгоод авна л даа. Ийм л муу санаа тээж явна улстөрчид. Аягүй бол ирэх сонгуулиа хуульгүй хийж сурсан зангаараа луйвар хийх гэж байж ч мэдэх юм. Ерэн есөн түшээтэй болно гэнэ. Мөн горьдов оо.

Д.Бичээчхүү


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих