Хүний эшийн үндсэн нэр томьёоны товч толь


Аав – даруй эцэг хэмээх үг. Үр хүүхэд нь эцгээ энхрийлэн дуудах нэр юм. Эцэг гэдэг нь албаны зүйл мэтэд ихэвчлэн хэрэглэдэг нэр.
Өвөг аав – (өвөг эцэг, өвөө) авгайлах үг (буурал аав) аавын аав.
Нагац аав – Нагац эцэг хэмээх үг. Эхийн эцгийг энхрийлэн хүндэтгэж ярианд нагац аав гэж хэрэглэдэг.
Өндөр өвөг – өвөг аавын эцэг.
Элэнц эцэг – өндөр өвгийн эцэг.
Хуланц эцэг – элэнц эцгийн эцэг.
Элэн – хуланц эцгийн эцэг.
Хулан – элэнгийн эцэг.
Ээж ижий – даруй эх хэмээх үг. Үр хүүхэд нь эхээ энхрийлэн дуудах нэр. Эх гэдэг нь албаны зүйл мэтэд ихэвчлэн хэрэглэдэг. Ярианы хэлэнд дотночлон хэлэхдээ ижий гэнэ.
Эмэг ээж – ээжийн ээж (эмэг эх, эмээ) авгайлах үг (буурал эмээ).
Өндөр эмээ – эмэг ээжийн эх.
Элэнц эх – өндөр эмээгийн эх.
Хуланц эх – элэнц эхийн эх.
Төрөл – нэг овгийг төрөл гэнэ.
Хүй – даруй төрөл хэмээх үг. Төрөл хүй гэж холбон хэлэлцдэг.
Удам – нэг овгийн хүмүүсийг удам гэдэг.
Угсаа – нэг салаагаас төрсөн хүүхэд ачинцрыг нэг угсаа гэнэ.
Аглаг – төрлийн үе сунжирч холдсоныг аглаг гэдэг.
Аглаг салбар – үе сунжирсан төрлийн салаа салбар, төрлийн үе сунжирч холдсон салаа.
Аглаг төрөл – үе сунжирсан төрөл, үе холдсон төрөл.
Ууган (ахмад, том) хүү, охин – анхны хүү, охин, хамгийн том хүү, охин.
Отгон (бага) хүү, охин – хамгийн бага хүү, охин.
Ач – хүүгээс төрсөн хүү, охин.
Ач дүү – ах, эрэгтэй дүүгийн хүүхэд.
Зээ – охиноос төрсөн хүү, охин.
Зээ дүү – эгч буюу охин дүүгийн хүүхэд.
Зээнцэр – зээгийн хүүхэд.
Ачинцэр – ач дүүгийн хүүхэд.
Жичинцэр – ачинцрын хүүхэд.
Жич – ач хүүгийн хүүхэд.
Гуч – жичийн хүүхэд.
Дөч – гучийн хүүхэд.
Тач – дөчийн хүүхэд.
Жилийх – тачийн хүүхэд.
Талийх – жилийхийн хүүхэд.
Нагац (ах, эгч, дүү) – ээжийн ах, эгч, дүү.
Авга (ах, эгч, дүү) – аавын ах,эгч дүү.
Хадам аав, ээж – нөхөр (эхнэрийн)-ийн аав, ээж.
Хадам ах,эгч, дүү – нөхөр (эхнэрийн)-ийн ах,эгч, дүү.
Хүргэн – охин буюу дүүгийн нөхрийг хүргэн гэдэг.
Хүр ах – эгчийн нөхөр.
Хүр дүү – дүүгийн нөхөр.
Бэр (бэргэн) – хүү, дүүгийн эхнэрийг бэр гэдэг.
Бэргэн (бэр эгч) – ахын эхнэрийг бэргэн гэдэг.
Баз – эгч, дүү хоёрын нөхөр бие биеэ баз хэмээн дууддаг.
Авьсан – нэг айлын ахмад бэрийг дүүмэд нь авьсан гэдэг.
Ажин – дүүмэд бэр нь ахмад бэрийг ажин гэдэг.
Бөл – эгч, охин дүү хоёрын хүүхдүүд хоорондоо бөл болно.
Бөлөнцэр – хоёр бөлөөс төрсөн хүүхдүүд бөлөнцөр болдог.
Үеэл (үеэлэд) – ах, дүүгийн хүүхэд хоорондоо үеэл болдог.
Хаяал (хаяалад) – үеэлийн хүүхэд.
Үенцэр – хаяалын хүүхдийг үенцэр гэдэг.
Худ ураг (худ худгай) – хоёр талын хадмууд бие биеэ ингэж дууддаг.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.