Түмэн олноо ядуурлаас аваръя

Өнгөрөгч баасан гаригт УИХ дахь МАН-ын бүлэг иргэдтэй тайлан уулзалт хийсэн юм. Энэ үеэр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Эдийн засгийн хямрал гүнзгийрэхийн хэрээр ажилгүй, орлогогүй иргэд олширч, ядуурал нэмэгдэж байна. 2012 онд ажил хайж бүртгүүлсэн хоёр хүн тутмын нэг нь ажилд зуучлагдан орж байсан бол 2015 онд таван хүн тутмын нэг нь ажилд оржээ. 2015 оны эцэст ажилгүйдлийн түвшин 6.5 хувьд хүрсэн ба нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.4 хувь нь 15-34 насны залуучууд байна. Өнгөрсөн 4 жилд эрх баригчид ард иргэдийн орлого, амьжиргааг дээшлүүлэх, тэдний нийгмийн халамж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авсангүй. Өмнөх үе үеийн Засгийн газруудаас хэд дахин их хөрөнгө, санхүүгийн бололцоотой байсан эрх баригчид ажиллагсдын цалин, өндөр настны тэтгэврийг 8-10 орчим хувиар нэг удаа нэмэгдүүлснээс өөр арга хэмжээ авсангүй. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн өсөлт төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтөөс хол хоцорч, иргэд талхыг таллаж, будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг граммлаж авдаг болсны дээр дэлгүүр, мухлагт өр зээл тавьж хоногийн хоол хүнсээ залгуулж байна. Гэтэл Монгол Ардын Нам Засгийн эрх барих хугацаандаа цалин тэтгэврийг 300 хүртэлх хувиар нэмэгдүүлж байсныг манай иргэд санаж байгаа” хэмээн иргэдтэй хийсэн тайлан уулзалтын үеэр тавьсан илтгэлдээ дурдсан юм.

Эрх баригчдын эхний Засгийн газар буюу Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар “Чингис”, “Самурай”, Хөгжлийн банкны бонд босгосноор Монгол Улсын эдийн засаг элгээрээ мөлхөх эхлэл тавигдсан юм. Энэ үйл явц даамжирсаар ард иргэдийн худалдан авах чадвар 2012 оныхоос даруй 10 хувь буурсан үзүүлэлттэй байгаа нь эрх баригчдын харалган бодлогын “гавьяа”. Сү.Батболдын Засгийн газар 17.5 хувийн өсөлттэй эдийн засгийг Н.Алтанхуягийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн байдаг. Тэгвэл тухайн үеийн 17.5 хувийн өсөлт айл өрхөд, иргэн бүрийн халаасанд мэдрэгдэж байсныг өнөөдөр сайхнаар дурсан ярих иргэд цөөнгүй байна. Эдүгээ цагийн ард түмний бодит амьдрал эрх баригчдын яриад байгаа шиг сайн сайхан болоогүй л байна. Харин ч эсрэгээрээ… Талхаа бүтнээр нь авдаг байсан бол таллаж авдаг болж. Төмсөө кг-аар нь авдаг байсан бол граммлаж авч байна. Найман нэрийн барааны дэлгүүрийн орлого илт буурч, банкныхаа зээлийг төлж чадахгүйд хүрчээ. Товчхондоо, Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Дашзэвэгийн хэлснээр “Кг-ын эдийн засгаас граммын эдийн засаг руу уруудсан он жилүүд байлаа”.

1996-2000 оны хооронд Ардчилсан холбоо эвсэл төр барьж байхдаа дөрвөн ч удаа Засгийн газраа сольж, төрийн өмчөөр яаж наадсаныг монголын ард түмэн мартаагүй. Энэхүү “гашуун зураглал”-ыг МАН-ын дарга М.Энхболд “2000 онд өнөөдрийн бэрх баригчид өмчгүй төр хүлээлгэж өгч байсан бол 2016 онд тэд өртэй монголыг хүлээлгэж өгч байна” гэсэн юм. 2012-2016 оны хоорондох дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын “ачаар” зөвхөн ард түмний амьдрал уруудан доройтсонгүй. Монгол Улсын эдийн засаг нь хямарсан, төрд нь “гамшиг” нүүрлэсэн, тусгаар тогтнол нь ганхсан монголыг тэд “чадварлагаар бүтээж” чадлаа. Өнөөдрөөс 10 жилийн дараа Монгол Улс орших уу эс орших уу гэдэг асуултыг эрх баригчид ард түмэндээ үлдээж чадлаа. Энэ асуултын хариуг ард түмэн энэ жил өгөх ёстой. Бид эх оронтойгоо, газар шороотойгоо үлдэхийн тулд “Монголоо аврах цаг боллоо”.

С.НЭМЭХ


URL:

Нэр: davaa Огноо: 24 March 2016

овоо нь хаа байгаа болдоо.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.