УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллалаа

Говьсүмбэр аймгийн иргэд, сонгогчидтой хийх уулзалтын үеэр

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж, бүлгийн ажлын тайлангаа тавилаа. Тэрбээр улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар иргэдэд цаг үеийн мэдээлэл өгөв.

Уулзалтын үеэр хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа  ”Өнөөдөр бид 21.7 тэрбум ам.долларын өртэй боллоо. Хэдхэн хоногийн өмнө Швейцарийн банкаас 11 хувийн хүүтэй 250 сая долларын зээл авсан. Дахиад  ч авах гээд хөөцөлдөж байна. Монгол Улсыг өрөнд живүүлсэн. Монгол Улсын жилийн төсөв дөрвөн тэрбум орчим  ам.доллар байдаг. Ингээд бодохоор манай таван жилийн улсын төсөвтэй тэнцэх хэмжээний гадаад өрийг тавьчихаад байна. Өнөөдөр Монгол Улс тэтгэвэр, тэтгэмжээ тавихаас өөр ямар ч төлбөрийн чадваргүй болсон.  Энэ бүхнийг эрх баригчид тас нуусаар байна. Монголбанкны өөрийнх нь алдагдал хоёр их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Өөрөөр хэлбэл, Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Хятадын свопын хоёр тэрбум ам.доллар, Самурай бондын 300 сая доллар, саяхан авсан 250 сая ам.доллар, Монголбанк үнэ тогтворжуулах хөтөлбөр гаргаж, дөрвөн их наяд төгрөгийг тараасан. Эцсийн үр дүнд нь юу болов. Үүний горыг жирийн иргэд амсч байна. Энэ Засгийн газар сайн ажиллахад мөнгө хөрөнгө дутагдсан уу. Би ҮГҮЙ гэж хэлнэ. Түүхэнд байгаагүй их хөрөнгө оруулалттай Засгийн газар байсан. Зөвхөн нийслэлийн төсөв гэхэд МАН-ын дарга М.Энхболд хотын дарга байхад жилд 7 тэрбумын хөрөнгө оруулалттай байсан Э.Бат-Үүл дарга жилд 800 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Бид өөрийнхөө төсвөөс гадуур төсөвтэйгөө хоёр дахин тэнцэх хэмжээний мөнгө гаргаж, эдийн засагт орууллаа. Тэгээд яагаад эдийн засаг улам доройтсоор байна вэ. Манайд орж ирсэн тэр их мөнгө хаашаа оров гээд асуулт их бий. Энэ бүхэн бодлогын алдаанаас үүдэлтэй” гэлээ. Үүний дараа иргэд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас сонирхсон асуултандаа хариулт авлаа.

П.Мөнхцоож: – Би Говьсүмбэр аймгийн Политехникийн Захиргаа, аж ахуйн албаны даргаар ажиллаж байсан. Манай хуучин ажиллаж байсан хамт олноос хүмүүс их иржээ. Юу болоод байгааг шударгаар хэлмээр байна.  Нэг өдөр намайг Г.Баярсайхан сайд өрөөндөө дуудсан. Би очсон чинь одоо миний ажлыг аваад байгаа Ууганбаатар гэж залуу байсан. Өрөөндөө намайг дуудсанаа энэ залууд чи ажлаа өг гэсэн. Нөгөө залуу руугаа хандаад Г.Баярсайхан “Чамайг харалгүй шууд сонгосон чи очоод намын ажил хийгээрэй” гэж захисан. Хажууд нь би байсан. Надтай ярих зүйл байхгүй гээд гаргасан. Ийм л зүйл боллоо. Өмнө хийж байгаа ажлуудыг цагдаад өгч намайг шалгуулсан байсан. Ингэхдээ намайг “Чи ажлаа өгчих” гэсэн шахалтыг өгч эхэлсэн. Надад хувьдаа завшсан нэг зүйл байхгүй. Тэгэхээр удахгүй цэгцрэх байх гэж найдаж байна. Надтай ойр дотно мөр зэрэгцэж ажиллаж байсан залуучуудыг халж эхэллээ. Одоо бид хэнд хандах вэ. Намайг хэн хамгаалах юм бэ. Хүүхэд байсан бол эцэг эхдээ хэлэхсэн. Гэтэл биднийг өмгөөлж, хамгаалах хууль гэж байна уу. Ажлаас халагдсаны дараа төрийн байгууллагад орох гэж ажил хайсан. Гэтэл сонгууль өнгөрсний дараа болсон нь дээр гэдэг ганцхан хариулт өгч байна. Өмнө нь манай эцэг эх төрд ажилладаг бол насныхаа хоолтой залгалаа. Цалин мөнгө тасрахгүй болоод л явчихна гэж боддог байсан. Гэтэл одоо төрд ажилладаг гэхээр хэзээ ажлаасаа халагдах бол гэсэн эмзэглэлтэй явж байна шүү дээ.

Д.Гарамдорж: -Таван хувийн хүүтэй банкны зээл өгнө гэж яриад байгаа. Энэ ер нь худлаа шоу байх гэж бодож байна. Сүүлийн үед НӨАТ-ын сугалаа ч гэх шиг сонин юм их ярьж байна. Ядаж л ахмадууд чинь тэр сугалаанд бүртгүүлж чадахгүй байна. Сонгууль дөхөхөөр ядарсан хэдэн иргэдээрээ тоглож байхаа болимоор байна.  Зурагтаар л сайхан зүйл яриад байдаг. Гэтэл иргэдийн амьдрал хүнд байна шүү. Дарга нар төвөөс гарч хөдөө орон нутагт бидний бодит байдалтай танилцаж болохгүй юү.

Д.Цогбадрах: -Хууль зөрчдөг байдал хэрээс хэтэрлээ. Одоо яах вэ. 6400 гаруй сонгогчдыг хоёр жил гаруй аймагт ямар ч төлөөлөлгүй болгосон. Ингэж хууль бус ажилласан. Үүнд иргэд бид их бухимдаж байгаа. Өнөөдөр хууль бус Засаг дарга ажилласаар л байна. Дээрээс нь толгойг нь илээд дэмжээд л байх шиг. Дээр үеэс “Төрд бэлтгэгдээгүй төрөл муутай хүнийг төрд битгий гарга, төлгөн хонины  хургаар хуц битгий тавиарай” гэж ард түмэн хэлсэн байдаг. Улсын энэ их зээл өрийг хэрхэн төлөх билээ гэж ядарсан ард түмэн чинь яс хавталзаж байна шүү. Манай ахмадуудын олонхи нь тэтгэврийн зээлтэй. Нөгөө яриад байдаг зээл буулгах тухай асуудал биелэхгүй байна. Ахмадын байгууллагаар Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс тоглосон шүү. Дотор нь хэд ч хуваасан юм бүү мэд. Монголд чинь хуваагдаж, задардаггүй байгууллага гэж байна уу.

Дорноговь аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийх үеэр


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.