Шадар сайд Ц.Оюунбаатар уу, Н.Энхбаяр уу

2634Шадар сайдаар чухам хэн нь ажиллаад байна вэ гэж гайхахад хүрэх юм. Ерөнхий сайдын оруулж, УИХ-ын баталснаар бол УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар. Гэтэл үнэн хэрэг дээрээ бодлого, хэрхэн ажиллах, яахыг нь хүртэл намынх нь дарга Н.Энхбаяр зааварлаад байх шиг. Шадар сайдын өрөөнд МАХН-ын дарга Н.Энхбаяр байнга тухалдаг юм гэнэ лээ. Түүний Төрийн ордонд тухалдаг, тэндээсээ улс орны, намын гээд бодлогын үйл ажиллагаагаа явуулдаг гэж ч ордныхон өөр зуураа ярилцдаг юм билээ. Үүнээс л Шадар сайд чухам хэн нь юм бол оо гэж гайхаад байгаа хэрэг. Наанаа Шадар сайд нэртэйгээр Ц.Оюунбаатар ажиллаж байгаа ч, цаад бодлогыг нь Н.Энхбаяр зангиддаг нь үнэн бол ингэж гайхахаас өөр аргагүй биз дээ.

Саяхан МАХН-ын дарга Н.Энхбаярт АТГ-аас албан бичиг хүргүүлсэн. Тэд албан бичгээ хүргүүлэхдээ Шадар сайдын өрөөнд орсон. Өөрөөр хэлбэл, тэдний бичиг өгөх ёстой хүн тэнд байсан учраас тэр шүү дээ. Түүнийг ч Шадар сайд Ц.Оюунбаатар өмөөрсөн. Хэвлэлийнхэнд хүртэл мэдээлэл хийж, АТГ-ынхан Шадар сайдын өрөөнд дайрч орж ирсэн, бичиг баримтаа ч үзүүлээгүй хэмээн хүчийг авсан. Гэвч энэ нь нэг их газар аваагүй юм. АТГ-ынхан хариу мэдээлэл хийж, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд оролцохыг Н.Энхбаяраас хуулийн дагуу хүссэн нь энэ байж. Н.Энхбаярын “улаан хамгаалагч” гэж нэрлэж болохоор хүн бол Ц.Оюунбаатар. Өөрийг нь сайд болгосон хүнийг өрөөндөө суулгаж, бодлогоо тодорхойлуулж, өөрөө гүйцэтгэлийг нь хийх нь арга ч үгүй биз. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба хэвлэлээр мэдээлэл хийж, Н.Энхбаяр ямар хүн болохыг цацсан. Гэтэл энэ дунд Ц.Оюунбаатар гэдэг хүн хор хутгаж, албан бичиг барьж гүйсэн гэх яриаг Г.Шийлэгдамба ярьсан удаатай. Тэгэхээр түүнийг намынхаа даргын сайн хамгаалагч, үнэнч нөхөр нь болчихсныг үгүйсгэх аргагүй. Үүгээр зогсохгүй намын бодлогоор Шадар сайдын суудлыг Н.Энхбаярт өгөх гээд МАХН-ынхан чадаагүй. Тэр авч чадаагүй “үл үзэгдэгч гар”-аар энэ суудлыг удирдаж л байгаа гэдэг нь Ц.Оюунбаатар Н.Энхбаяр нарын харилцаа, үйл явдлаас харагдаж байна.

М.Төр

Цензургүй.мн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.