Өрийг өрөөр дарж, өдөр хоногийг өнгөрөөж байна, АН-ынхан

a740deb6ca734417originalСүүлийн хоёр гуравхан жилийн дотор 3.2 их наяд төгрөгийн дотоод өрийг үүсгэсэн Засгийн газар 900 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай батлуулсан улсын төсвийн цоорхойг нөхөх зорилгоор Швейцарийн Credit Suisse банкнаас 250 сая ам.долларын зээл авсан. Энэ нь таван жилийн хугацаатай, 7.2 хувийн хүүтэй зээл бөгөөд (500 тэрбум гаруй төгрөг) үүнийг Засгийн газрын өндөр хүүтэй бондыг худалдан авах, түүгээрээ арилжааны банкуудыг тэт-гэж, хувийн хэвшлийнхэнд зээл олгох, цаашилбал, гаднаас авсан өндөр хүүтэй зээлээ дарахад зориулна гэж Сангийн яамныхан мэдээлж байна. Товчхондоо, хойд хормойгоороо урдахыг нь нөхөх явуургүй бодлого баримталж байгаа гэсэн үг. Энэ нь Өрийн удирдлагын тухай хуульд хамаарахгүй, өрийн таазад нөлөөлөхгүй гэж яамны мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа боловч өр л бол өр шүү дээ. Оросын нэг дипломатч “Үнэгүй бяслаг хавханд л байдаг юм” гэж ардынхаа зүйр цэцэн үгнээс эшлэн бидэнд анхааруулга өгч байсан шиг эргэж буцахгүй өр гэж хаана ч байдаггүйг санахад илүүдэхгүй биз ээ.

 

Нөгөө талаар Credit Suisse-ээс зээлсэн 250 сая ам.долларынхаа 70 саяыг Канадын “Хан ресурс”-ийн төлбөрт явуулах тухай ярьж байгаа гэх мэдээлэл бий. Энэ тохиолдолд бага хүүтэй дээрх зээлийн гуравны нэг орчим нь эрх мэдэлтнүүдийн болчимгүй үйл ажиллагааны төлбөр болж, улсын төсөв, ард иргэдийн амьдралд ч наалдсан юмгүй данснаас дансанд шилжээд салхинд хийсэн арилаад өгнө гэсэн үг. Түүнээс гадна эрх баригчид төсвийн цоорхойг нөхөх үүднээс гаднаас 500 сая ам.долларын зээл олохоор зүтгэж байгаагийн эхнийх нь дээрх 250 сая гэж ярьж байгаа. Дахин 250 саяыг хаанаас, хэрхэн, хэдэн хувийн хүүтэйгээр олж ирэх нь одоо хэр тодорхойгүй байгаа ч Сангийн сайд Б.Болор Канадад болсон хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр 200 сая ам.дол-ларын зээлийн яриа хэлцэл хийсэн тухай мэдээлэл гарч байсан. Гэхдээ л “үнэгүй юманд нугасгүй” монголчуудад хэн ч зүгээр бэлэг өгдөггүй юм. Дөнгөж төрсөн нярайгаас дөрөө мултлах дөхсөн хөгшдийн өр өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна.

 

Д.Мөнхболд

 


URL:

Сэтгэгдэл бичих