Зарлигийн “хөөсрөл”

3b869d382ade9dff1e622a6adde1c81cДэлхий дахинд олон удаагийн “хөөсрөл” болж байсны нэг нь 1990-ээд оны сүүлээс 2000 оны хооронд бий болсон “дот комын хөөсрөл” юм.

Тухайн үеийн Америкт интернэт болон технологид суурилсан маш олон бизнесүүд асар хурдацтай бий болж эргээд унасан байдаг. Манай Монгол улсад ч эдийн засгийн, нийгмийн гэх мэт олон салбарт ялангуяа барилгын салбарт үнийн хөөрөгдөл буюу хөөсрөл бий болоод байгаа тухай та бүхэн өмнө нь цөөнгүй сонсож байсан биз ээ. Хөөсрөл гэгч нь өнгөцхөн харахад бодит мэт боловч мөн чанартаа оргүй, хий хоосон зүйл байдаг. Тэгвэл өдгөө бий болоод байгаа хөөсрөлийн цоо шинэ хэлбэрийг авч үзье. Энэ бол “зарлигийн хөөсрөл” гэдэг ойлголт.

Уг хөөсрөлийг бий болгож байгаа гол хүчин зүйл бол мэдээж Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигууд юм. Зарлиг гэж юу вэ? Монгол хэлний тайлбар тольд зарлиг гэдэг нь “улсын дээд эрхийг барих газраас гаргасан хуулийн чанартай шийдвэр” (Цэвэл Я, Монгол хэлний товч тайлбар толь, Улаанбаатар, 1966; Монгол хэлний тайлбар толь, Улаанбаатар, Монсудар хэвлэлийн газар, 2011:551) хэмээн тайлбарласан байдаг бол Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.2-т …Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөнө гэсэн байдаг. Эндээс үзвэл Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг нь хуультай ижил түвшинд хэрэгжих эрхзүйн акт юм. Харин энэхүү эрхзүйн акт яагаад хөөсрөл болох хэмжээнд хүрэв? Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд ерөнхийлөгчийн гаргасан өнөөг хүртэлх зарлигуудыг үзэх хэрэгтэй болно. Энд нэг нэгэнгүй нурших нь илүүц тул хэрвээ та бүхэн хүсвэл Төрийн мэдээлэл эмхэтгэлээс эхлээд олон газраас олоод үзэх боломжтой.

Тиймээс сүүлийн үед гаргасан зарим нэг зарлигуудаар жишээ авъя. Эх хэл, Эх түүх Ерөнхийлөгчийн маань авилгын эсрэг тэмцэх, шударга байх, олуулаа болох гэх мэт илтгэлийг нь чимдэг үгс сүүлийн үед эх хэл, түүх соёлоо судлах, хөгжүүлэх гэдэг үгээр солигдож тэр талын зарлиг шийдвэрүүд гарч эхлэв.

Хамгийн сүүлийн жишээ л гэхэд 2015 оны 10-р сард гарсан 162 дугаар зарлиг байна. Уг зарилгыг томоос том жаазанд хийн Шинжлэх ухааны академ (ШУА), Монголын сэтгүүлчдийн нэгдэн эвлэл зэргийн төлөөлөгчдөд гардуулав. Уг нь бол ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.3-т “…бусад зарлиг, захирамж тэдгээрт өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно” хэмээн заасан байдаг. Ингэхээр нэгэнт хүчин төгөлдөр болчихсон зарлигийг жаазлан гардуулах нь Ерөнхийлөгч хийгээд Ерөнхийлөгчийн тамгын газар хэмээх байгууллагын ажил хийсэн болж харагдах нэгэн арга уу?. ШУА юу хийх ёстой вэ? Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар бол: “Тус улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллага” бөгөөд мөн тус хуулийн 7-р зүйлд зааснаар: “Эрдэм шинжилгээний бүтээл, ном, сэтгүүл хэвлэж нийтлэх” нь тус байгууллагын эрх ажээ. Ингэхээр дээр дурдсан ерөнхийлөгчийн 162 дугаар зарлигт буй: “…суурь судалгааны цогц бүтээл туурвих ажлыг дэмжиж байх” гэдэг нь Шинжлэх Ухааны Академи, түүний харьяа хүрээлэнгүүдийн үндсэн ажил ажээ. Гэтэл ерөнхийлөгч зарилга гаргаж бүр жаазлан дурсгах нь судлаачдад “эрх зүйн орчин бүрдэж, улам урам зоригтой ажиллах” нөхцөл бүрдүүлж байгаа хэрэг биш байх нь. Яагаад эх хэл, түүх гэж? Нэгэнт ерөнхийлөгчийн маань авилгатай тэмцэх, устгах тухай хэлсэн үг, хийсэн ажлууд нь алд дэлэм зөрөх болсон тул нийт ард түмний үнэт зүйлстэй үл харшилдах шинэ зүйл хэрэгтэй болсон нь хэл болон түүх. Энэ тухай асуудал бол зөвхөн зарлигтай холбоотой ч зүйл биш билээ. Шарль Монтескьен өгүүлснээр: “Аливаа улсын төр засгаас гаргаж байгаа хууль, зарлиг тогтоомжууд тухайн ард түмний түүх, зан төрх ёс заншил, шашин шүтлэгийн онцлогтой холбоотой” тул аль болох олон хүнд таалагдах, тэдний үнэт зүйлсийн нэрийг барьсан зарлиг гаргах нь өөрийгөө ажил хийж байна гэж харуулах шалгарсан арга ажээ.

Захиалгат түүх Фридрих Ницше нэгэнтээ “Түүх гэдэг биеэ даасан зүйл хаана ч байдаггүй. Зөвхөн түүхийн тухай бичдэг түүхчид л байдаг. Тиймээс хэрхэн бичсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Түүх гэдэг санамжтай холбоотой. Аливаа ард түмэн санамжаа алдаж болохгүй” хэмээсэн нь буй. Гэвч сүүлийн үед улс төрчид, намын захиалгаар түүх бичих, тэрэндээ урьдын эх орончдын нэрийг ашиглаж, өөрсдийгөө хаацайлах явдал газар авч бүр сүүлдээ бүр ерөнхийлөгчийн зарилгаар түүх бичих болов. Тэдгээртээ “Монголын эх түүх” “Тусгаар тогтнолын товчоон” зэргээр элдэв янзын гоёмсог нэр өгөн ард түмний санамжид нөлөөлөхөөр оролдож эхэллээ. Ганц зарлиг хөөсрөл болох уу? Хэрвээ та ганцхан зарлигийг нь барьж аваад хөөсрөл хэмээн сүржин нэрлэж байна гэж бодож байвал эндүүрч байна гэж хэлье.

Угтаа сайн төр хуудуу явдлаар нэр төр хөөх биш харин ч үл үзэгдэгч байж муу муухайг засаж залруулах ёстой гэсэн үзэл байдаг. Гэтэл манай төр, манай ерөнхийлөгчийн үйл хөдлөл, ажил үйл үүнээс тэс өөр. Аль болох ил гарч төрийн ажлаар шоудах, ажил хийж байгаа дүр үзүүлэх, тодорхойгүй үндэслэлээр элдэв янзын зарлиг гарган хүмүүсийг халж солих, шагнах, өршөөн уучлах, түүх сэлт зохиолгох тухай байдаг нь харамсалтай.

БУСАД УЛС ОРНУУДАД ХӨӨСРӨЛ ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРТ БАЙДАГ БОЛ МАНАЙД Л УЛС ТӨРИЙН САЛБАРТ БАЙДАГ.

Л.Энхсайхан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих