Эрх баригчдаас эдийн засгаа аврахаар эрдэмтэн, судлаачид уулзжээ

145932666556fb8ec91e354Эрх баригчдаас эх орныхоо эдийн засгийг аврахаар эрдэмтэн, судлаачид, эгэл жирийн залуус нэгдэж эхэлжээ. Тэр дундаа хувийн хэвшил, бизнес, эдийн засгийн салбарын акулууд уулзаж, хэвтрийн эдийн засгаа аврахаар оролдож байна.  Эрх баригчдад найдаад хэрэггүй гэдгийг учир мэдэх хүмүүс нь ойлгож эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор өчигдөрхөн “Эдийн засгаа аваръя” нээлттэй хэлэлцүүлэг Засгийн газрын II байранд болсон байна. Эдийн засагч, хувийн хэвшил болоод туршлагатай улстөрчдийн төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт оролцсон. Төрийн ордонд ямар ч сүржин нэртэй даржин уулзалт хийсэн Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхгүй гэдгийг эдийн засагчдын төлөөлөл хэлж буй. Урт хугацааны улс төрийн тогтвортой бодлого ус агаар мэт үгүйлэгдэж байгааг дурдаж байсан. Товчхондоо АН-ынхан Монголын эдийн засгийг өнөөдрийн хэмжээнд хүртэл самарчихлаа гэвэл худлаа ярьсан болохгүй. Одоо бондынх нь хүүгийн төлбөрийг хэрхэн барагдуулна даа хэмээн  өмнө нь төрд ажиллаж байсан туршлагатай улстөрчид сэтгэл чилээж байна.Жирийн иргэдийн хувьд АН-ынхны тавьсан бондын хүүг бодохтой манатай явна. Банкны, цалингийн, тэтгэврийн малчны зээлээ яаж төлөх вэ гэж толгой гашилгаж суугаа хүмүүст бондын хүү бодох зав одоохондоо алга. Гэвч өнөөдөр Монгол Улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.долларт хүрчихээд байна шүү дээ.  Дөнгөж төрсөн нярайгаас настан буурал хүртлээ 15 сая төгрөгийн өртэй боллоо. “Төрийн минь сүлд өршөө” хэмээн сүслэн залбирдаг буурлууддаа эрх баригчид маань ийм бэлэг барьж байна. Эдийн засагчид өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг ингэж дүгнэлээ.

Эдийн засагч Н.Дашзэвэг: Бондын хүүнээс яаж Монголоо аврах вэ

-Ард түмэн маш хүнд байдалтай байна. Амьжиргааны төвшин, цалин, тэтгэвэр, тэтгэмж хоёр дахин уналаа. Төрийн байгууллагын цалин 6-10 хувь өссөн. Хувийн байгууллага дээр бол өсөөгүй. Өнгөрсөн дөрвөн жилд тэтгэвэр 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Дунджаар манай иргэдийн амьжиргааны бодит орлого 30 хувиар уначихсан байгаа. Килограммын эдийн засгаас граммын эдийн засаг руу орчихсон байгаа. Төсвийн алдагдал 1.1 их наяд төгрөг болсон. Манай эдийн засаг үндсэндээ муу байна. Дээр нь 2017, 2018 онуудад бондуудын хүүг төлж эхэлнэ. Төлөх эх үүсвэр огтхон ч харагдахгүй байна. Замд оруулсан бондын мөнгө 20 жилийн дараа эргэж ирэхгүй. Эцэстээ улсын төсөв дээр бууна шүү дээ. Бондын хүүнээс яаж Монголоо аврах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Монголбанк Хятадын банкнаас зээл авчихсан, Засгийн газар бас Хятадаас зээл авсан. Монголбанк Хятадын банкны нэг салбар болчихлоо. Монголын эдийн засаг Хятадын эдийн засгийн нэг салбар боллоо. Эдийн засгийн аюулгүй байдал маш эмзэг байна шүү. Эдийн засгаа хэрхэн аврах вэ гэдэгт ухаанаа уралдуулж зөвлөмж гаргах хэрэгтэй гэж бодож байна. Бид яагаад ийм байдалд оров. Чингис бондыг ямар ч үр ашиггүй зарцуулсан. Тэргүүлэх салбар гэж алга, хөгжүүлэх бодлого алга, технологийн дэвшлийн хөтөлбөр байдаггүй. Энэ буруу байна. Эдийн засагт үр ашигтай удирдах механизм шилжмээр байна.

СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхан: Бонд арилжааны зээл. Гэтэл зам, барилгын салбарт зарцуулсан нь оновчтой шийдэл биш

-Бондыг зээлтэй адилхан өрийн бичиг гаргах замаар бүрдүүлж байгаа санхүүжилтийн эх үүсвэр гэж ойлгох нь зөв. Монголын Засгийн газар Хөгжлийн банкны 580 сая долларын бондыг гаргасан байдаг. Үүнийг 2017 оны гуравдугаар сард төлөх ёстой. Дараа нь Чингис бонд таван жилийн хугацаатай 500 сая доллар, 10 жилийн хугацаатай нэг тэрбум буюу нийтдээ 1.5 тэрбум ам.долларын бонд дэлхийн зах зээлд гаргасан. 10 жилийн хугацаатай бонд 5 гаруй хувийн,  таван жилийн хугацаатай бонд нь 4.1 хувийн хүүтэй байгаа. Үүний дараа 1.62 хувийн хүүтэй Самурай бондыг гаргасан. Эдгээр бондууд 2017, 2018, 2022, 2023 онд төлөгдөх хүлээлттэй байгаа. Хүүгийн зардлыг төлсөөр байгаа. Монгол Улс 2012 оноос хойш маш олон бондыг гаргасан. Чингис бондыг авч үзбэл эерэг сөрөг олон ойлголт бий. Эерэг талаас нь авч үзбэл Чингис бондыг гаргаснаар дэлхийн зах зээлд өөрийн  гэсэн өрийн хэрэгслийг арилжаалж чадсан. Сөрөг тал нь Чингис бондын зарцуулалт, зориулалт учир дутагдалтай байгаа юм. Өнөөдөр эргээд Чингис бондыг төлөх талд хүндрэлтэй тулгарч байна. Бонд бидний хувьд шууд өр болдог. Тиймээс гадны улсууд нарийн бодлого төлөвлөлттэй авдаг. Манай Засгийн газар төлөвлөлт муу байсан. Бонд гаргасны дараа зориулалт тааруу байсан. Бондоо эргүүлээд юугаар төлөх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Бондын хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалт оновчтой шийдэл биш. Бонд арилжааны зээл шүү дээ. Богино хугацаанд үр өгөөжийг нь гаргах зээлээр урт хугацаанд үр ашиг нь орж ирэх бүтээн байгуулалт хийдэггүй юм. Томоохон бүтээн байгуулалтаас гадна улс орны хэмжээний төсөл хэрэгжүүлсэн байдаг. Эрчим хүчний хэрэгцээнд зарцуулсан нь харьцангуй оновчтой юм. Барилга, төмөр замд өгсөн зээлийн ирээдүй бүрхэг боллоо.

Үйлдвэржилтийг дэмжих 888 төсөлд бондын мөнгөнөөс өгсөн. Цементийн үйлдвэрийг дэмжих төслүүдийн ирээдүй их бүрхэг болсон. Чингис бонд төлөвлөгөөгүй бонд авахгүй байхын сануулга боллоо.

Цахилгаан тээвэр ХХК-ийн захирал Д.Жаргалсайхан: Энэ хэвээрээ явбал Монгол Улс нурж унах нь

- Монголд үндэсний аж үйлдвэрийн салбарыг мөхөөх бодлого явсан. 110 мянган хүнтэй ажилчин анги байсан. Одоо алга. Одоо бол халамж нэхсэн ажилчин анги, тендер нэхсэн төрийн албан хаагчид, эрээний нарантуулын наймаачид байна. Үндэсний бүтээлч сэтгэхүйг хөгжүүлсэн зүйлс алга болчихлоо. Цаашдаа өндөр технологи дээр суурилсан аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх ёстой. Сүүлийн хэдэн жил үйлдвэржилтийг дэмжих  30 гаруй төсөл хөтөлбөр баталсан ч хэрэгжилт нь нойл байна. Ард түмний язгуур эрх ашгаа умартсан хүмүүсийг бид сонгожээ. Ахмад үе энэ улс орныг хөл дээр нь босгосон юм шүү. АН Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого гаргасан. Тэгээд шууд  л бараагаа экспортод гарга гэж байна. Бидэнд Японтой өрсөлдөх чадвар байгаа юм уу. Экспортод гарга л гээд байна. Дотоодын зах зээл дээрээ бойжуулах ёстой байхгүй юү. Өнөөдөр монголчууд 16 сая долларын гутал, 80 сая долларын оёмол бүтээгдэхүүн, 83 сая долларын дугуй гаднаас импортолж авч байна. Эдийн засгийн дарангуйлалд биднийг оруулчихлаа. Хоёр улс худалдааны дайн зарлачихаад байна. Тэгэхээр монголчуудад дотоод зах зээлдээ амьсгалах боломжийг хангаж өг. Гадаад зах зээлд өрсөлдөх боломжийг нээж өгөх талд хүчтэй ажилла. 2016 онд яг энэ асуудлыг шийдэх хүмүүст засгаа бариулах ёстой. Өөр ямар ч арга байхгүй. Дахиад энэ хэвээрээ явбал Монгол Улс нурж унах нь. Манай улсын хоёр талд маш хүчтэй хөршүүд байна шүү.

Ц.Оюунтунгалаг


URL:

Нэр: монгол Огноо: 30 March 2016

Тэргүүлэх салбар гэж алга, хөгжүүлэх бодлого алга, технологийн дэвшлийн хөтөлбөр байдаггүй. Энэ буруу байна. Эдийн засагт үр ашигтай удирдах механизм шилжмээр байна… Тэгээд тэр бодлого аргачлалаа концепоор нь гаргаад ирээч. Миний мэдэхийн л Эдийн засагч Дашзэвэг гэдэг хүн ерөнхий ярьж шүүмжилсээр хорвоог барж байгаа хүн

Нэр: Unen Огноо: 30 March 2016

Heden butehgui butelgui humuus yu geed hudlaa yariad bainaa. Zarim neg ni auditiin dugnelteer ajlaa hiij chadahgui ni ashig sonirhliin zurchiltei ni barigdaad ajlaasaa halagdsan humuus bn.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.