АН-д бяр дутаж эхэллээ

1201603291459241363Ээлжит бус чуулган дахиад л ирцийн бойкотод орсноор товлосон өдрөө хуралдаж чадалгүй хоёр хонов. Өнгөрсөн сарын дундуур Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудаыг хэлэлцэхээр ээлжит бус чуулганыг зарласан ч МАН, “Шу;арга ёс” эвслийнхэн ирцээ бүрдүүлээгүйгээс мөн л товлосон хугацаанаасаа таван өдрийн дараа хуралдаж байв.

Харин энэ удаад цөмийн хог хаягдлын тухай олон улсын конвенцид нэгдэх асуудлыг шийдвэрлэхээр зарласан ээлжит бус чуулган ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хоёр дахь өдрөө нээлтээ хийж чадсангүй. Уг нь МАН, “Шударга ёс” эвслийн бүлгийн эсэргүүцэлтэй холбогдуулж Засгийн газраас Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг хоёр хоногийн өмнөхөн өргөн барьсан. Гэвч ирцийн бойкотод орсон ээлжит бус чуулганы ирцэд нөлөөлж чадсангүй.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга З.Энхболд “Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг нэн яаралтайгаар хэлэлцүүлэхээр өргөн барьсныг өнөөдөр чуулганы хуралдааны хэлэлцэх асуудалд нэмж оруулсан. Олон түмэн хүлээлттэй байна. МАН-ын гишүүд ээ, хуралдаа ирцгээе. Та бүхнийг маргааш өглөө 09:00 цагаас дахин урьж байна. М.Энхболд дарга Хятадын коммунист намтай айлчлалтай байгаа юм байна. Уг нь бүх гишүүд УИХ-ын даргаас гадаад явах зөвшөөрлөө авдаг. Танай Бүлгийн гишүүд зөвшөөрөлгүй явсан байна. Гадаад томилолт чинь өчигдөр дуусах ёстой байсан. Дууссан бол ажилдаа ирцгээе. Ирэх долоо хоногт ээлжит чуулган үргэлжилнэ. Маргааш дахин нэг удаа чуулган хийх гэж оролцъё. Монгол Улсад цөмийн хог хаягдал нэвтрүүлэхийн эсрэг хууль хэлэлцэх гэж байна. Маргаашийн хуралдаанд ирэхгүй бол цөмийн хог хаягдлыг улсын хилээр нэвтрүүлнэ гэсэн талд байна гэж олон түмэн ойлгож эхэлж байна. Ирсэн гишүүдэд баярлалаа” хэмээн МАН-ыг аргадав.

Уг нь засагт хамтарч буй “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын төлөөлөл дээр 35 гишүүнээ нэмээд МАН-ын бүлгийн 26 гишүүнийг хүлээлгүйгээр ээлжит бус чуулганыг хуралдуулах хангалттай боломж АН-д бий. Гэвч УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. “Шударга ёс” тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаярын Шадар сайд болох хүсэл хуулийн байгууллагаас ирүүлсэн албан бичигт бүдгэрснээр ийнхүү АН-ынхан хүчгүйдэж эхэллээ. “Шударга ёс” эвслийнхэн Монголд цөмийн хог хаягдаыг булшлахыг эсэргүүцэж, чуулганы хуралдаанд суухгүйгээ илэрхийлж буй ч ачир дээрээ МАХН-ын даргын зүгээс АН-д үзүүлж байгаа бойкот гэдэг нь тодорхой билээ. Нэгэн цагт МАН-аас үл хамаарахгүйгээр ирцээ бүрдүүлж чуулганыг хуралдуулдаг байсан АН-ынхан МАХН-ын даргатай холбоотой асуудлаар ийн ирцийн бойкотод орж эхэллээ. Сонгууль ойртох тусам МАН, “Шударга ёс” эвслийнхний гэдийх нь олшрох болохоор чуулганы хуралдаан энэ мэтчилэнгээр ирцийн бойкотод хэдэн ч удаа орохыг хэлж мэдэхгүй байна.

 

C.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих