Монголын эдийн засгийн чуулганы хоёр өөр өнгө

bae353aa3338db0f610625148f3ad03b2010 онд “Бид хамтдаа чадна”

“Бид хамтдаа чадна” уриатайгаар 2010 онд Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордонд нээлтээ хийж байв. Гадаадын хөрөнгө оруулагчид, Монголын бизнесийн салбарын акулууд, улстөрчид эдийн засгийн чуулганд өндөр ач холбогдол өгч, заал дүүртэл цугласан байв. Монголын эрх баригчид эдийн засгаа сайжруулахын тулд бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хөрөнгө оруулагчид чих тавин хүлээж байв. Анхны эдийн засгийн чуулганы хамгийн сонирхолтой зочин нь Перу улсын иргэн алдарт эдийн засагч Эрнандо Де Сото байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны эдийн засгийн чуулган дээр Эрнандо Де Сото хэчнээн аугаа хүн болохыг төлөөлөгчдийг чилтэл ярьж байлаа. Гэсэн ч анхны чуулган “Бид хамтдаа чадна” гэсэн уриа үгтэйгээ адилхан тийм уур амьсгалтай болж өндөрлөсөн. Монголын бизнесмен, баялаг бүтээлчид хамтдаа урагшилж, Монгол Улсаа хөгжүүлцгээе, төр засаг нь бодлогоор дэмжээд өгөөч гэдэг асуудлыг хөндөн тавьж байлаа. Ер нь зоримог тэмүүлэлтэй, хүлээлттэй эдийн засгийн чуулган болж байв. Эдийн засгийн чуулганы индрээс төр засгийн удирдлагуудын илэрхийлсэн байр суурийг цаашдаа авч явах бодлого нь юм байна гэж хөрөнгө оруулагчид хардаг байв. Энэ буухиа ч 2011, 2012 онд “Хөгжилд хамтдаа”, 2013 онд “Монгол брэнд” 2014 онд “Монголдоо бүтээцгээе” гэсэн уриатайгаар үргэлжилсэн билээ.

2016 онд “Сорилт, бэрхшээл, шийдэл”

Эдийн засгийн чуулган 2016 оны уриа үг “Сорилт, бэрхшээл, шийдэл”. Энэ бол одоогийн Засгийн газар, эрх баригчдын бодит дүр төрх. Товчхондоо бол өнгөрсөн хугацаанд улс төрийн алдаатай бодлого явуулснаа эрх баригчид чимээгүйхэн хүлээн зөвшөөрлөө. Өмнө нь танхим дүүрэн суудаг байсан төлөөлөгчдийн тоо ч илт буурчээ. Эдийн засгийн чуулганы үдээс хойшхи хуралдаанд заал алаг цоог хүнтэй байв. Энэ бол эрх баригчдад бизнесийнхэн, гадаадын хөрөнгө оруулагчид итгэхгүй байгаагийн ямар хэмжээнд үнэлж буйн илрэл. Өнөө Монголын эдийн засгийн хэтийн төлөв, чиг хандлагыг сонирхдог гадны хэвлэлийнхэн, хөрөнгө оруулагчид сураггүй. Цахим ертөнцөөр сайн, сайхан чуулган болж байна хэмээн хангалттай сурталдсан ч чуулганд оролцсон илтгэгчдээс нь авхуулаад сэтгэл дундуур хүмүүс цөөнгүй байв. Наанадаж салбар хуралдааны илтгэгчдийн танилцуулгыг хольж, эдийн засагчийг улстөрч, компанийн захирлыг мэргэжилтэн хэмээн алдаатай танилцуулга тараасан нь илтгэгчдийн дургүйцлийг хүргэв. Энэмэтчилэн танилцуулгаасаа эхлээд буруу явсан чуулганыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн илтгэл улам муухай харагдуулав. Бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд ийм хов живийн чанартай илтгэл тавих ч гэж хэмээн чуулганы төлөөлөгчид толгой сэгсэрч, өмнөөс нь ичиж сууна. Ерөнхий сайдын илтгэлээс бол жирийн иргэд бидэнд ямар ч шийдэл харагдсангүй.

Эдийн засгийн форум уналтын байдалдаа орлоо. Яг л Монголын эдийн засаг сум шиг өсч явснаа шороотой хутгалдчихаад байгаатай адил. Төрийн өндөрлөгүүдийн илтгэл ч хасах руу зааж эхэллээ. Бодлого ярих биш улс төрийн агуулгатай сайтын коммент шиг илтгэлийг чуулганы индрээс тавьдаг боллоо. Уриа үг нь үүнийг хүлээх зөвшөөрөх адил нэг л сүр сүлд, хүчгүй үлбэгэр сул дорой болов. Монголын эдийн засгийн чуулганы жинхэнэ зорилт биелэлээ олохоосоо өнгөрөв бололтой. Монголын эдийн засгийн хоёр чуулганы өнгийг харьцуулахад эрс тэс ялгаатай байна. Ирэх жилийн эдийн засгийн чуулганыг хүлээх, сонирхох иргэдийн итгэл унтарч байна.

Ц.Тунгаа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.