Хар, цагаан үзэгдлүүд

Хөрөнгө оруулагчид ба улстөрчид…

Өнгөрсөн долоо хоног Оюутолгойг тойрсон хэрүүлээр эхэлсэн. УИХ-ын 20 гишүүн нийлж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагыг Засгийн газарт хүргээд байгаа юм. Үүнээс үүдсэн Оюутолгойн хөрөнгө оруулагчдын байр суурь багагүй шуугиан тарьсан юм. Өмнө нь гадаадын хэвлэлд гарсан мэдээллийг иргэний хөдөлгөөнийхөн голдуу “шүүрч”  бөөн асуудал үүсгэдэг байлаа. Харин энэ удаад УИХ-ын гишүүд “шүүрсэн” нь ирэх жилтийн сонгуулиар эх орончийн дүрээр иргэдээс оноо цуглуулах  нэг PR гэлтэй. УИХ-ын зарим гишүүд ихэд цухалдангуйгаар байр сууриа илэрхийлэхдээ түнтийтлээ уурласан харагдах агаад энэ дүрээрээ өнгөрсөн долоо хоногийг үдэв. “The Australian” сонинд “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Камерон Макрейн өгсөн ярилцлагадаа “Рио монголчуудад анхааруулга өглөө. Шуналтах хэрэггүй” гэсэн материал нийтлэгдсэн нь тэдний ийнхүү бухимдуулав. “УИХ-ын гишүүдийг  шуналаа тат, тэд бол парламентад цөөнх” гэсэн утгатай үгийг хэлсэн гэх гишүүдийн гомдлын эсрэг “Оюутолгой” ХХК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч А.Мөнхбат байр сууриа илэрхийлж,  “Манай компанийн гүйцэтгэх захирал Камерон Макрейн  УИХ-ын гишүүдийг битгий шуналт гэж хэлээгүй, тэгж хэлэх үндэслэл байхгүй. Уг нийтлэлийг бичсэн сонины  редакцид бид гомдол гаргаж, хандахад сэтгүүлч өөрөө худлаа мэдээлэл цацсан алдаагаа хүлээн зөвшөөрсөн. Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын “Дисковер Монголиа”-д хэлсэн үгийг уг сонин гуйвуулж тавьсан нь нотлогдсон” гэж мэдэгдлээ. Гэхдээ “The Australian” сонин, ярилцлага нийтэлсэн сэтгүүлчийн зүгээс алдаагаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл гаргасан гэж дуулдсангүй. Басхүү тэд өөрсдийнхөө материалыг бодитой гэдгээ ч нотолсонгүй. Тиймээс ч УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулагчдийн мэдэгдэлд итгэхээсээ илүүтэй “The Australian” сонинд илүү үнэмшиж байна. Үүнийг нотолж УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх гэгчээр хөрөнгө оруулагчид ёстой өөрсдөө даварч байна. Яахаараа Оюутолгойн орд Монгол Улсын өмч байтал хөрөнгө оруулагч тал 66 хувийг эзэмшээд, монголчууд өөрсдөө баялгийнхаа эзэн нь атал 34 хувийг эзэмших ёстой юм бэ”  гэж “NEWS” агентлагийн “АЭ” сонин, news.mn сайтуудад байр сууриа илэрхийлсэн байв. Харин Сангийн сайд С.Баярцогтын зүгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтыг гэрээг өөрчлөх боломжтойг хэллээ. Намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд тэр асуудлыг тавихаа хэлэв. Ийнхүү гадаадын хэвлэлийн мэдээнээс үүдэн УИХ-ын гишүүдийн “даралт” ихэсч, Оюутолгойн хөрөнгө оруулагчдийг “хэлд” оруулав.


Хар өдрийн хариултгүй асуулт…

Аравдугаар сарын 2. Эл өдрийг Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг бусдын гарт амиа алдсан гэдгээр нь монголчууд гашуудан өнгөрүүлдэг. 13 жилийн өмнө болсон энэхүү хэргийг буруутан нь өнөөг хүртэл тогтоогдоогүй. Тиймээс ч С.Зориг агсаны дүү, УИХ-ын гишүүн С.Оюун  “Хэрэг илрэхгүй байгаад хууль хүчний байгууллагыг хардахаас аргагүй” гэж хэргийг товчхон дүгнэж байна. Тэгвэл энэ өдөр бас нэгэн эрхэм бусдын гарт амь үрэгдсэн нь МАХН-ын төв хорооны Нарийн бичгийн дарга байсан  С.Төмөр-Очир. Хэргийн эзэн бас олдоогүй. Эдгээр хэргийг улстөрийн аллага гэж үздэг учраас хэргийг илрүүлэх боломж тэр хэмжээгээр тааруу гэх л хоосон таамаглал бидэнд үлджээ. Нөгөөтэйгүүр аравдугаар сарын 2 өөр нэгэн тоог илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, энэ сар өдрийг тоогоор илэрхийлбэл 102 болно. Нийгмийг аюулаас хамгаалах хүчний байгууллагын маань шуурхай утасны дугаар. Тэгвэл гадаадад энэ дугаараас нь үүдэн аллага үйлддэг цөөнгүй тохиолдол бий аж. ОХУ-ын цагдаагийнхан манайхтай адилхан 102 гэсэн дугаартай. Харин аравдугаар сарын 2-нд ОХУ-ын ерөнхийлөгч Б.Елциний амь насанд халдахыг завдаж байсныг цагдаагийн байгууллага нь шуурхай ажилласнаар сэргийлж чаджээ. Тэгвэл АНУ-ын хууль, хүчний байгууллагын утас 911. Есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төвийн байрыг террористууд онгоцоор мөргөсөн түүх бий. Энэ бүхнээс үүдэхэд, С.Зоригийг зүгээр ч нэг энэ өдрийг сонгон хөнөөсөн гэвэл эргэлзээтэй. Харин ч эсэргээрээ зориуд эртнээс бэлтгэсэн улс төрийн аллага байсан гэх хардлага нийгэмд давамгайлдаг. Түүний хэргийг илэрнэ гэдэгт найдсан хүмүүс, төрийн өндөрлөгүүд, ойр дотныхон 13 дахь жилдээ хөшөөнд нь цэцэг өргөлөө. Сонгуулиас сонгуулийн хооронд “С.Зоригийн хэргийг илрүүлэх” амлалт авдаг ч шоу төдийхнөөр л дуусгавар болдог. Хамгийн сүүлд л гэхэд Ерөнхий прокурорын даалгавраар энэ хэргийг сэргээн, илрүүлэхээр шуурхай ажиллаж байгаа талаарх мэдээлэл цацагдсан. Гэхдээ тэрхүү мэдээлэл олон нийтэд “хэрэг илэрнэ” гэх найдварыг төрүүлэхээсээ илүүтэй хэргийг илрүүлээсэй гэсэн хүсэл төрүүлж буй.


Б.Хурц эргэн ирэв

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа. Түүнийг одоогоос жилийн өмнө Их Британид айлчлахад нь хууль, хүчний байгууллагынхан нь баривчилсан юм. С.Зоригт агсаныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан Д.Энхбатыг олон улсын хууль зөрчин хулгайлсан гэх үндэслэлээр Б.Хурцыг баривчилсан юм. Түүнийг Германы тал сулласан гэдэгт итгэж чадахгүй байсан хэвлэлийнхэн өөрийг нь харж байж л итгэв. Түүнийг ямар шалтгаанаар хэрхэн сулласан нь одоог хүртэл тодорхойгүй. Б.Хурц “Хэний буруу, зөвийг би мэдэхгүй. Учир нь олдох байлгүй дээ” гэж news.mn сайтын сурвалжлагч С.Отгонд өгсөн ярилцлагадаа хэлсэнийг эс тооцвол энэ талаар өөрийн байр сууриа огт илэрхийлсэнгүй. Гэхдээ нууцын зэрэглэлд багтах олон зүйл байгааг тэрээр бас л нуусангүй.

Ямартай ч жилийн турш Англид хоригдож, түүний дараа Германий талд шилжсэн Б.Хурц эрх чөлөөтэй буцаж ирэв. Түүнийг сулласан нь ХБНГУ-ын канцлерийн айлчлалтай холбоотой гэх таамаглал бий ч Гадаад харилцааны дэд сайд Д.Болор “Ямар ч холбоогүй” гэх хоёрхон үгээр няцаалаа. Улс төрийн тохиролцоогоор сулласан гэх ямар ч боломжгүй гэдгийг албаны хүмүүс хэлсээр байна. Б.Хурцыг ирсэний дараахан морь унасан толгойгүй хүн шиг болоод байгаа АТГ-ын даргын суудалд эртнээс томилохоор зэхэж байсан гэдэг яриа дэгдлээ. Гэхдээ энэ бүхэн үнэн эсэхийг ирэх өдрүүд харуулах байх. Ямартай ч эзгүй байгаа төрийн суудлуудын нэгнийх нь эзэн эргэн ирлээ.

Сонгуулийн жилийн төсвийг өргөн барив

УИХ-ын намрын чуулган өнөөдөр эхэлнэ. Сонгуулийн өмнөх, эсвэл энэ УИХ-ын сүүлчийн намрын чуулган гэж тодгосон ч болно. Тиймээс ч намрын чуулган эхлэхээс урьдаж Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн долоо хоногт болсон. Үүний дараа Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт нар ирэх оны төсөв, “Нийгмийн даатгалын сан” болон “Хүний хөгжил сан”-гийн төсвийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. Товчхондоо, 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 35.4 хувь байх гэнэ. Тэгвэл нийт зарлага 7.1 их наяд буюу ДНБ-ний 39.5 хувь, нийт алдагдал 740.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 4.1 хувь байхаар төсвийн төсөлд тусгажээ. Иргэдэд дуулгах таатай мэдээлэл гэвэл энэ Засгийн газрын амлалтаа биелүүлэх эцсийн боломж учраас энэ төсөвт эх орны хишгийн 1,5 сая төгрөгөөс үлдсэн бүх мөнгийг тараахаар тусгаж. Таагүй төсөөлөл гэвэл үүнээс үүдэн эдийн засаг дээд цэгтээ хүртэл халж, инфляци хаданд гарна гэж эдийн засагчид үзэж байна. Хэдийгээр Монголбанкнаас инфляцийн эсрэг мөнгөний бодлогоо чангаруулна гэж буй ч энэ нь бас л аюултай үзэгдэл аж. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогоо чангаруулсанаар арилжааны банкууд хүү багатай зээл олгох боломжгүй болж, түүнээс шалтгаалаад аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчид хэцүүхэн байдалд орно гэх хардлага ч байна.

Үлдэгдэл нэг сая төгрөгийн тухайд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 334,2 мянган иргэнд бэлнээр буюу нийт 334,2 тэрбум, 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр 83,6 тэрбум,  эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 5 мянган иргэнд 5 тэрбум,  орон сууц худалдаж авсны төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгажээ. Ирэх онд иргэд 1.5 сая төгрөгөө бүрэн авах юм. 1 сая төгрөг хүртээхдээ ашигт малтмалын ордын хувьцааг бэлэн мөнгө болгох сонголттойгоор  иргэддээ олгохоор Засгийн газар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан энэ хувьцааг иргэд Засгийн газарт арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн боломжтой гэсэн үг юм.


Ургац хураалт дуусч, албан татварыг нэмэхээр болов

Өнгөрсөн долоо хоногийн дундуур нийт нутгаар цас орж, сэрүүссэн ч тариаланчид амжиж тариа, будаагаа хураасан талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ жил манай улс урьдчилсан байдлаар 427 мянган тонн үр тариа, үүнээс буудай 419.1 мянга, овъёос 3.4 мянга, арвай 2.8 мянга, хөх тариа 0.3 мянган тонныг хураан авах төлөвтэй байна. Жилдээ 240 мянган тонн гурил хэрэглэдэг манай улс 2011-2012 онд 277.4 мянган тонн гурил үйлдвэрлэж, хэрэгцээт буудай, гурилынхаа хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах бүрэн боломж бүрдээд байна гэж албаны хүмүүс хэллээ. Тэгвэл үүнтэй зэрэгцээд Гаалийн албан татварыг нэмэх болсоноо Засгийн газар мэдэгдэв. УИХ-ын 1999 оны тогтоолын 27 дугаар хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хэрэвзээ энэхүү төсөл батлагдвал, импортоор орж ирэх хатуу буудай болон улаан буудайн хөх тарианы холимогонд жилийн турш 20 хувь, зөөлөн буудайнд 15 хувь, ОХУ-аас оруулж ирж байгаа улаан буудайн гаалийн татварын хэмжээг тодорхой хугацаанд 40 хувь болгох аж.  Энэ нь ажлын байрыг хадгалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор авч байгаа арга хэмжээ гэж Засгийн газрын гишүүд тайлбарлаж байна.

Долоо хоногийг тоймловол нэг иймэрхүү.

Л.Нарантөгс

“Ардын эрх” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих