Улс төрийн олигархиудын далд санхүүжилт

Заамарын алтны түүх ингэж эхэлжээ
“Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ…” гэвэл шууд л Заамарыг нэрлэж болмоор…

Баялгийг юу гэж ойлгож байгаагаас энэ үгний утгыг юу гэж ч тайлж болох юм. Заамарчууд энэ нутгийг өвс ургамал, ан амьтан тэгширсэн хосгүй үзэсгэлэнт нутаг байсан хэмээн дурсан ярьцгаадаг. Нэгэн цагт тэдний хувьд энэ нутаг юугаар ч сольшгүй баялаг нь болдог байв. Тиймээс ч энэ нутгийг хосгүй үзэсгэлэнт Тосон Заамар гэж нэрлэх нь ч бий. Туулын үзэсгэлэнт хөндий, буга урамдсан цагаан хусан ой гагцхүү энэ нутагт л бий… Гэхдээ өнөөдөр байсан гэж хэлэх нь үнэнд илүү нийцэх байх.
Нэгэн судалгааны үр дүн дурьдая!

1999 онд Дэлхийн банкны санхүүжилтээр “Орчлон ертөнц” ХХК-ийн хийсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтээр цаашид уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явагдвал Заамар сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа Туул голын эко систем бүрэн устаж үгүй болно гэсэн дүгнэлтийг гаргажээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл олборлолтын үйл ажиллагаа тасралтгүй явагдсаар. Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ…
Үнэндээ Заамарын алтны түүх ингэж эхэлжээ. 1970-аад оноос Зөвлөлтийн геологийн алтны экспедиц Заамарт алтны хайгуул хийж эхэлсэн гэдэг. 1980-аад оны дунд үе гэхэд Заамарын бүлэг ордын нөөцийг үндсэнд нь тогтоож тооцоог нь гаргажээ. Ингээд оросууд эхний олборолтуудаа хийж эхэлсэн түүхтэй. Тухайн үед социализмын үеийн үзэл суртал баримтлалын дагуу байгаль орчныг нэг их сүйтгэхгүй үйл ажиллагаа явуулж байжээ. Ийнхүү Алтан Заамарт алт олборлосон түүх ингэж эхэлсэн гэдэг.

1990 ОНТОЙ ЗОЛГОЛОО

1990 он гарч ардчилсан өөрчлөлтийн үр дүнд Заамарын орд газар Ардчилсан хүчнийнхны хараанд өртсөн гэж хэлж болно. Ийнхүү Заамар дахин “моодонд” орох нь тэр. Үнэндээ оросууд Монголд олборлож байсан ашигт малтмалыг үнэгүйгээр авч байв. Үүнийг таслан зогсоохын тулд 1990 оны МоАХ-ны Анхдугаар Их хурлаар Эрдэнэт, Заамар, Асгат, Мардай гэсэн ордуудыг хаах шийдвэр гаргахыг уриалж, нийгмийн анхаарлын төвд эдгээр дөрвөн ордын асуудлыг хөндөж тавьсан.
Уг нь эдгээр дөрвөн ордыг хаах болсон шалтгаан тун энгийн. Ач холбогдол нь тун тодорхой. Өнөөдрийн Оюутолгой, Тавантолгойгүйгээр энэ дөрвөн ордоор л Монгол улсыг Төв Азийн “Кувейт” болгох байлаа. Бас л өнгөрсөн цаг дээрх өгүүлбэрийн нэгэн төгсгөл.

АЛТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Засгийн газрын 1991 оны 304 дүгээр тогтоолоор “Алт хөтөлбөр” батлагдаж, улмаар дараа жил буюу 1992 оноос уг хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Санаачлагч нь П.Очирбат, хэрэгжүүлсэн хүн нь П.Жасрай. Хөтөлбөрийн зорилго мөн л тун ойлгомжтой. Валют олж чадах баялаг хэрэгтэй. “Хувьсгалын тохироо” гэдэг шиг энэ сэргээгч тариа нь Заамар болох нь тэр. Харин гадаад валютыг эдийн засагт цутгах гол баялаг нь мэдээж алт. Нийлээд Заамарын алт.
Заамарт анх олборлолт явуулж ирсэн нөгөөх оросууд хааччихав аа? Үнэндээ Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгалтай залгаж ЗХУ болон социалист систем задран унасан тул оросууд Монгол дахь геологийн үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй болсон юм. Дээр хэлсэнчлэн ЗХУ-аас эдийн засаг болон улс төрийн хувьд бүрэн хараат байсан Монгол улс Ардчилсан хувьсгалын дараа эдийн засгийн хувьд уналтад орсон. Ийнхүү Зөвлөлтийн геологичдын тогтоосон алтны нөөц ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нэрийн дор төрийн бодлого, хараа хяналтгүйгээр “Алт хөтөлбөр”-ийг боловсруулж, алтны шороон ордуудыг гадаад, дотоодын компаниудад ашиглах эрхийг нь өгч эхэлсэн түүхтэй.
Засгийн газрын мэдээлж байснаар, “Тухайн үед улсын хэмжээнд жилдээ 0.7 тонн алт олборлодог байжээ.” Харин “Алт хөтөлбөр”-ийн эхний шат хэрэгжиж дуусахад буюу 1996 онд 5.9 тонн алт жилдээ олборлосон гэх тоо баримт байх юм. Тоо баримт ямар ч байж болно…

АЛТ ХӨТӨЛБӨРИИН ЗОЛИОС ЗААМАР
Энэ үеэс П.Жасрай, П.Очирбат нар “Алт хөтөлбөр”-өөр дөрөөлж, “улс орны эдийн засгийг өөд нь татна” гэдэг чамин нэрээр ард түмний тархийг угааж эхэлсэн. Ингээд хамгийн хялбар аргаар ашиглаж болох ордуудын нэг болох Заамарыг хөтөлбөрийнхөө золиос болгожээ. Учир нь Заамарт олборлолт явуулж ирсэн компаниуд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах талаар огт анхаараагүй.
Энэ үеэс л МАХН-ын гол гол хүмүүсээс бүрдсэн уул уурхайн чиглэлээр байгуулагдсан мэргэжлийн бус компаниуд Заамар руу уулгалан дайрж эхэлсэн байна. Үүн дээр нь нэрмээс болж, 1997 онд Ардчилсан холбоо эвслийн Засгийн газар МАХН-ын цөөнхийн бүлэгтэй нийлэн Ашигт малтмалын тухай шинэ хуулийг баталж, хууль бусаар алт олборлож хялбар аргаар хөрөнгөжих, мөн зөвшөөрөгдөөгүй арга технологийг ашиглан алт олборлох боломжийг нь хуульчлаад батлаад өгсөн байна. Харамсалтай нь, тэдний үйлдэл хууль ёсны харагдах учир тэднийг хэрхэвч “нинжа” гэж нэрлэж боломгүй мэт. Учир нь тэд хууль боловсруулж, тэд бусдыг “нинжа” гэж нэрлэх эрхтэй.

ЗААМАРТ ХЭН ХЭН ДАВУУ ЭРХИЙГ ОЛЖ АВАВ?

П.Жасрай, П.Очирбат нар өөрсдийн төлөөний хүмүүсээ давуу эрхтэйгээр хамгийн түрүүнд уг үйл ажиллагаанд татан оролцуулж байв. Хяналтгүй төрд хүн ёсны “байх” л зүйлс. “Монполимет”-ийн Ц.Гарамжав, “МАК”-ын Н.Нямтайшир, “Гацуурт”-ын Л.Чинбат, одоогийн Ерөнхий сайд Сү.Батболд, Ардчилсан холбоо эвслийн Лу.Болд, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр гэх мэт хүмүүс гол гол нөөцтэй ордуудын лицензийг авч, ямар ч хяналтгүйгээр технологийн бус аргаар олборлолт явуулж, байгаль орчинд хэзээ ч нөхөшгүй хор хохирлыг учруулсан.

Ийнхүү орчин үеийн гэх техник технологигүйгээр анх олборлолт явуулж байсан тэд асар богино хугацаанд Монголын тэргүүлэх хөрөнгөтнүүд болж чадсан юм. Бизнесийн амжилтын гайхалтай хурд… Магадгүй Монголын “америк мөрөөдөл” Заамарт л биеллээ олсон байх. Тиймээс ч эдгээр эрхмүүд “нээлттэй засаглал” гэдэг гоё үг шиг тийм ч нээлттэй биш.

ОЛБОРЛОХ НЬ БУС ЗАВШИХ НЬ ЧУХАЛ

1800-аад оны үед Америкт бий болсон “алтны солиорол” шиг үйлдэл Монголд ингэж өрнөжээ. Үнэндээ “алтны солиорол” амжилт авчирсан юм. Гэхдээ улс орны эдийн засагт гэж ойлговол эндүүрэл болохвий. Энд “тэдний” тухай ярьж байна. Мөнгөтэй болъё гэвэл уул уурхай руу ор гэх бизнесийнхний нууц уриалга энэ үеэс эхтэй болов уу?
Явсан нохой яс зууна гэдэг шиг олсноо хоосон яс мэт харагдуулах аргыг тэд бодож олжээ. Тэд олборлосон алтаа Монголын төрийн хяналтан дор Монголбанканд тушаах биш, гадаад худалдааг либеральчлах нэрийдлээр шууд экспортлох эрхийг Засгийн газраар баталгаажуулж чадсан юм. Уг нь алт гэдэг бол үндэсний валютын нөөц байх учиртай. Гэтэл тэд алтыг зүгээр л барилгын түүхий эд мэтээр хандаж гадагш гаргацгааж эхэлсэн байна. Эдгээр компаниудад алт гаргах эрхийг Засгийн газар өөрөө олгосон учраас Монгол улсын валютын нөөц нэмэгдэх бус, өөрөөр хэлбэл улс орны эдийн засгийг өөд нь татах биш харин байгаль орчинд халтай тийм үр дагаврыг л авчирчээ.

МӨНГӨТЭЙ БОЛЧЛОО, ОДОО ЯАХ ВЭ?

Дээр нэр бүхий нөхдүүд хууль бусаар олборлосон алтаа хил давуулан наймаалж, түүнээс олсон орлогоороо МАХН-ыг болон АН-ыг санхүүжүүлж байгаа төдийгүй тэдгээр хүмүүс өөрсдөө улс төрийн албан тушаалд алтнаас олсон мөнгөөрөө гарч ирж байна.
Тэдний хувьд энэ авлига биш зүгээр л лобби. Намд мөнгө хэрэгтэй, шинэхэн хөрөнгөтөнд албан тушаал хэрэгтэй. Тиймээс ч Заамараас гараагаа эхэлсэн шинэхэн хөрөнгөтнүүдэд аль нэг албан тушаалыг авахад тийм ч хэцүү байдаггүй. Сайд бол энүүхэнд, ерөнхий сайд бол тэрүүхэнд…
Өнөөдөр бидний анхааралд байгаа Алтан Дорнод компанийн эзэмшиж байгаа орд газар, лицензүүдийг АН-ын буюу Батлан хамгаалахын сайд Лу.Болд С.В.Паушокт олон сая доллараар зарсан. Нөхөн сэргээлтээс бултах сонгодог арга. Ашигласан талбайгаа эргээгээд зарчихна. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат албан ёсны тоо баримтаар Заамараас таван тонн алт олборлочихоод огт нөхөн сэргээлт хийсэнгүй хаяад явчихсан түүх энүүхэнд. Тиймдээ ч түүнд сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэх хөрөнгө гаргахад мөн л энүүхэнд санагдсан.
“МАК”-ын Н.Нямтайшир гэхэд олборлосон алтаа Монголбанканд тушаахаасаа илүүтэйгээр цагдаа тагнуул, гаалийн бүх л бүтэн сүлжээг бий болгон хууль бусаар Сингапурт гаргаж, түүгээр олсон орлогоороо дараа дараагийнхаа уул уурхайн үйл ажиллагааг болон МАХН-ыг санхүүжүүлдэг нь нууц биш ээ.
Дахин нэг нууц биш нууц баримт. Алтан Дорнод компани МАХН-ыг санхүүжүүлдэг, төдийгүй АН-ыг Лу.Болдоор дамжуулж санхүүжүүлдэг. Тиймээс Заамар дах Алтан дорнодын эзэнт гүрний ул мөрийг хаанаас ч харж болохоор… Үнэхээр бишрэн сүрдмээр…

АЛТ ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН ЮУ БАЙВ?

Ийнхүү Жасрай, Очирбатын дэвшүүлсэн улс орны эдийн засгийг хөл дээр нь босгох алт хөтөлбөр Монголын эдийн засагт нэмэр болоогүй бөгөөд харин ч нэрмээс болж, улс орныг иргэний дайны байдал руу түлхэн оруулж байна. Энэ нэг талаас хууль бусаар алт олборлогч нинжа нар, хуулийн дагуу гэх зэрлэгээр алт олборлогч компаниудын эсрэг нутгийн иргэд иргэний нийгмийн байгууллагууд хоёр тал болон, зарим тохиолдолд буу шийдэмдээ хүрэн тэмцэлдэж байна.

Өнөөдөр энэ тэмцэл жижиг мэт харагдаж байгаа боловч хожмын өдөр иргэний дайны хүрч болзошгүй хөрс суурийг бий болгож ч болох юм.
Монголын алтны ордууд, түүнийг эзэмшиж байгаа этгээдүүд алтнаас олсон мөнгөө эрх мэдлийн төлөө зарцуулж, эрх мэдэлдээ очмогц зарцуулсан мөнгөө олж авахын тулд дахин уул уурхай руу орж, Монгол орны онгон байгалийг эвдэж, олон зууны турш нүүдэллэн амьдарч ирсэн нүүдлийн мал аж ахуйг шахаж, нутаглах талбайгүй, бэлчээрлэх газаргүй болгосон. Тэгээд зогсохгүй Монгол улсыг цэвэр усны нөөцгүй болгож байна. Яндаж болшгүй далай шиг яасан баян нутаг вэ… Монгол минь!
Монголын эдийн засагт алт хөтөлбөр өчүүхэн ч нэмэр болоогүй. Өнгөрсөн 20 жилд олборлосон алт Монголын эдийн засгийг суга татахаар бол татахаар болсон. “Алт хөтөлбөр” хэрэгжихэд нийт хүн амын таван хувь нь ядуу байсан бол “Алт хөтөлбөр” хэрэгжсэнээр намрын чуулганы нээлтэн дээр ерөнхийлөгчийн хэлсэнчлэн тавин хувь нь ядуучууд байна.
П.Жасрай, П.Очирбатын бодсончлон “Алт хөтөлбөр”-ийн үр дүнд Монгол улс хөгжсөн нь хаа байна вэ? Улс хөгжинө гэдэг ядуу хүнгүй болохыг хэлдэг.
Монголын уул уурхайд П.Очирбатын тарьсан гай бол “Алт хөтөлбөр”-өөр зогсохгүй уул уурхайн бүх л салбарт нөлөөлсөн. Тухайлбал, Шарын гол, Налайх, Багануур, одоо Таван толгой руу нөлөөлж байна.
Заамарын энэ сүйтгэсэн байгаль орчин бол хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй. 1800-аад оны үед АНУ-д бий болсон “алтны солиорол”-ын үр дагавар өнөөдөр ч арилаагүйг түүх бэлээхэн нотолж байгаа. АНУ-ын Калифорни муж тэр чигтээ алтны солиоролд өртсөн. Тэр үед ашиглаж байсан алтны уурхайнууд өнөөдөр ч нөхөн сэргээгдээгүй байгаа. Энэ нөхөн сэргээгээгүй байгааг одоогийн төр засаг анхаарч тэр үед бий болсон алтны компаниуд өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа бол тэд нараар нөхөн төлбөр гаргуулж, эсвэл төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн сэргээлгүүлж байна.

ЗААМАРААС ХЭЧНЭЭН ТОНН АЛТ ОЛБОРЛОСОН БЭ?

Хамгийн сонирхолтой асуулт! Мөн хамгийн нууцлагдмал баримт. Албан ёсны тоо баримтаар Заамараас 50 гаруй тонн алт олборлосон гэдэг. Гэхдээ энэ бол цаасан дээрх тоо шүү дээ. Үнэндээ хэд ч байж болно. 100, 200, 500 ч байж мэднэ.

Казинод зуун саяыг шижим ч үгүй алдчихдаг, “Bentley” машинаас хотыг тольддог Заамараас төрсөн тэрбумтнууд л жинхэнэ тоог хэлж өгч чадах байх. Хэрэв энэ үнэн илэрвэл Монголын улс төр хүнд байдалд орох нь тодорхой. Тиймээс ч жинхэнэ үнэн тийм ч амархан илрэхгүй л болов уу? Тиймээс өмнийн говь дараагийн Заамар бүү байгаасай!

Эх сурвалж: “Хөх толбо”


URL:

Сэтгэгдэл бичих