сонгуулийн тухай хууль яах вэ, сая төгрөгөө бэлнээр нь авъя

УИХ-ын намрын чуулган өнөөдөр эхэлнэ.

Эрхэм гишүүд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гол анхаарлаа хандуулах нь дамжиггүй. Тэднийг ийнхүү завгүй байх хооронд Монгол Улсын иргэд “Сонгуулийн тухай хуулийн шинэчлэл яах вэ. Сая төгрөгөө бэлнээр нь авмаар байна” гэх боллоо.

Эрхэм гишүүдэд тойргийнхон нь энэ талаар уламжилж байгаа байх. Учир нь дараагийн сонгууль хаяанд ирчихээд байдаг. Улстөрчид өмнөх сонгуулийн амлалтаа биелүүлчихээд УИХ-ын 2012 оны сонгуулийн амлалтаа өгмөөрсөн. Гэхдээ Хүний хөгжил сангаас нэг сая төгрөгийг өгөх, өгөхгүй нь тодорхойгүй байсныг бодвол нэг сураг гарах нь гарчээ.

УИХ-ын гишүүдээс энэ талаар тодруулахад “УИХ-ын сонгуулиас өмнө өгнө. Бүр тодруулбал, ирэх оны зургаадугаар сарын 31-ээс өмнө нийт иргэндээ 1.5 сая төгрөг олгож дууссан байна” гэж хариулсан юм. Бүр “Итгэж болно” гэж онцолж байна билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн баасан гарагт “Стратегийн орд газруудаас улсын төсөвт орох орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээх эрх зүйн болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан байдаг. Үүнийгээ ирэх онд бүрэн хэрэгжүүлнэ” гэж мэдэгдэв. Нэг ёсондоо тэрбээр “Ирэх онд иргэн бүрт нэг сая төгрөг өгнө” гэж дахин амлав.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутнуудад Хүний хөгжил сангийн мөнгийг хэрхэн олгох тухай ирэх оны төсвийн төсөлд тусгасан аж. Сая төгрөгөө нийлүүлээд орон сууц худалдаж авах сонирхолтой байгаа 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгох асуудлыг төсвийн төсөлд тусгасан талаар ч тэрбээр мэдээлсэн юм.

Нэг ёсондоо хэчнээн иргэнд нэг сая төгрөг бэлнээр нь олгох гэж байгаагаа ийнхүү шийдчихэж. Төсвийн төсөлд тусгасанчлан Монгол Улсын нийт иргэний 600 гаруй мянга нь “Эх орны хишиг”-ээ зовох юмгүй авахаар болсон байна. Тэгэхээр одоо цаг хугацааны асуудал л үлдлээ гэсэн үг.

Харин үлдсэн хоёр сая гаруй иргэнийхээ нэг сая төгрөгийг хэрхэх гэж байгаа талаараа тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Олонхи иргэний хувьд нэг сая төгрөгөө бэлнээр нь авах сонирхолтой байгаа. Гэтэл Засгийн газрын гишүүд “Монгол Улсын нийт иргэн ирэх сонгуулиас өмнө 1.5 сая төгрөгөө бүрэн авна. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутнуудаас бусдад нь нэг сая төгрөгийг ашигт малтмалын ордын хувьцаа хэлбэрээр олгохоор төлөвлөж байна. Гэхдээ иргэдэд ашигт малтмалын ордын хувьцааг бэлэн мөнгө болгох сонголт бий. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан энэ хувьцааг иргэд Засгийн газарт арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн боломжтой гэсэн үг” хэмээн мэдэгдэв.

Харин чухам аль ордын хувьцааг олгох гэж байгаа талаараа огт дурьдсангүй. Бас хувьцааг хэзээ олгох, хэзээнээс бэлэн мөнгөөр сольж болохыг ч хэлээгүй юм. Тэдэнд ердөө “Сонгуулиас өмнө хувьцаа хэлбэрээр олговол ямар вэ” гэсэн төлөвлөгөө л байна.

Энэ мэдээллийг сонссон иргэд өнгөрсөн амралтын өдрүүдийн турш “Амлалтаа биелүүлэх гээд арга ядахдаа ийм шийдвэр гаргасан байна. “Тавантолгойн хувьцааг иргэн бүртээ олголоо” л гэсэн. Гэтэл одоог хүртэл тэр хувьцаа нь хэдэн төгрөгийн үнэ хүрэхийг мэдэхгүй явна. Ийм байхад ашигт малтмалын ордын хувьцаа хэлбэрээр олгоно гэдэг боломжгүй. Нэг ёсондоо иргэн бүртээ 1.5 сая төгрөг өгөх амлалтаа биелүүлж чадахгүй нь” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилсэн юм.

Засгийн газрын гишүүдийн дээрх төлөвлөгөө ёсоор болж, иргэд ашигт малтмалын ордын хувьцаа эзэмшлээ гэж бодъё. Мэдээж хувьцааг ирэх сонгуулиасөемнө иргэддээ эзэмшүүлж таарна. Харин эзэмшсэн хувьцаагаа бэлэн мөнгөөр солих асуудал дараагийн парламентын шийдвэрийг хүлээх бололтой. Учир нь хувьцааг бэлэн мөнгөөр солиход зарцуулах мөнгийг ирэх оны төсвийн төсөлд тусгаагүй юм.

Нэг ёсондоо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутнуудаас бусад нь нэг сая төгрөгөө гар дээрээ авах эсэх нь ийнхүү эргэлзээтэй болжээ. Тиймээс Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх эсэхийг хэлэлцэж суухын оронд өгсөн амлалтаа биелүүлсэн шиг биелүүлэх талаар бодвол ямар вэ.

Т.Урангэрэл

“Улс төрийн тойм”


URL:

Сэтгэгдэл бичих