Амбиц бас айдас

1761

Манай улстөрчид сонгууль дөхөхөөр хийн буугаар бие биенээ буудаж л байдаг. Тэгээд иргэдийн сонголтын үр дүнг харс хийгээд сайндаж бас эвлэж эвсдэг. Энэ удаагийн сонгуульд харин жинхэнэ буугаар буудалцах шинжтэй болж ирлээ.

 

Ардчилсан төрийн түүхэнд Ерөнхийлөгчөө эвийг сахиулагч бус хагалган бутаргагч гэж ил тод зарласан анхны эрс шулуун мэдэгдлийг Н.Алтанхуяг хийлээ. Энэ нь Алтангадас гэдэг фракцийн тэсч үлдэх гэсэн сүүлчийн үг үү. Ялах итгэлээ олсон жанжны омог бардам мэдэгдэл үү. Энэ мэдэгдлийн ард өрнөх дараагийн үйл явдлууд үүний хариулт болох юм.

 

Ямартай ч тэмцэгч талуудад яг адилхан “намайг барах уу” гэсэн амбиц, мөн “хэрвээ ялдагдвал” гэсэн айдас байгаа нь мэдрэгдэж байна.

 

Ерөнхийлөгчийн жиргээчдээр дамжуулж чимхсэн хоёр хүний нэг нь хилээр гарсан бол нэг нь хориглолтоос давшилтад орсон бололтой. Хүчээ ч сайн зузаалж чадсаныг өчигдөрийн мэдэгдэл харууллаа. АН-ын хувьд дотооддоо асуудлаа дуусгах ганцхан сар үлдсэн. Ирэх сард энэ байдлаараа байвал сонгуульд АН-аас нэр дэвшсэн бүхэн ялагдал үүрч энэ өдрүүдийн үйл явдлын өрнөлөөс бурууг хайж магадгүй л байх. Хэрвээ энэ байдлаар сонгуульд орвол нэг бол үнэхээр АН засаглах чадамжгүй гэдэг дүгнэлтэд хүргэнэ. Нөгөө талаар Монголын улстөрчид өөрийн толгойгүй, гадны хатуу тоглоомын дүрмээр амьдрах бус амьсгалдаг болсныг харуулна. Төмөр зам, Тавантолгой дээрх тэмцэл дотроо буцлахаас илүүтэй ийм том хагаралд хүргэх гадны нөлөө байгаа  гэж харж буй талын үг үнэнд ойртож байна.

 

“ТТ” гэсэн төрд бугласан хатиг хагарах цаг нь сонгуулийн өмнөх хавар байх нь аргагүй. Ирэх сонгуулийн үр дүнгээр гарах парламент Тавантолгойг таллаж хуваах нь тодорхой болсон. Монголын нүүрс өнөөдөртөө үнэгүй болсон байж болох ч баялаг биш болсон гэж үзэх үндэсгүйг хөршүүд сайн тоцоолж байгаа. Гэхдээ 4 тэрбум тонн нүүрсэнд тогтоох хяналтаас илүүтэй Монголын төрийг сульдааж, парламент засаглалыг олон нийтээр жигшүүлэх нь хэнд хэрэгтэй байх вэ. Хэдхэн хүн эрх мэдлийг атгасан мафижсан төр засагтай болчихвол дараагийн тулгалтаа хийхэд харийнханд л амар дөхөм болно.

 

Бид дотроо дээлээ хүүлэлцэж байна. Энийг хүсэх ба хийх эрмэлзэл нь гадаад талд байх нь тодорхой.

 

Нэг талд Х.Баттулга гишүүний ойр тойрныхныг минь барьж хорилоо гэсэн гомдол байна. Үүн дээр хүч нэмж Ерөнхий сайдаа өгөөд ч “зүгээр” үлдээгүй. Хүргэн гэсэн тодотголтой ойрын түнш залуугаа шоронд хориулаад, баруун гарын зөвлөх Л.Гансүх нарыгаа хамгаалж чадаагүй Н.Алтанхуяг гишүүний нэхэл нэмэгдлээ. Гэхдээ түүний мэдэгдэл хагарлыг өдөөсөн шинжтэй буюу нэг хүнд шууд чиглэсэн байгаа нь хувь хүний хамгаалалт уу, цаг үеэ мэдэрсэн сөрөг давшилт уу гэсэн асуултыг улс төр мэдэгч нарт үлдээлээ.

 

Дараалласан баривчилгаа дуулиант хэргүүдийн тойрогт ерөнхийлөгч хуулийн засаглал тогтох уу, хулгайчдын засаглал тогтох уу гэдэг тэмцэл өрнөж байгаа гэсэн бол Х.Баттулга нар нүүрсний төлөөх намтай баялаг бүтээгч болохын төлөө тэмцэж байгаа гэсэн тайлбар хэлэх болсон.

 

Үүн дээр Н.Алтанхуяг гишүүн тодорхой нэг хүчин бүлэглэл “хуулийн нэрээр шоронгоор далайлгаж, айлгаж, мөнгийг нь бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна” гэж хурцаллаа. Энэ лиценцүүд ер нь хэний гарт байж, Монголын төрд ямар татвар төлж, “нийтийн” эдийн засагт ямар хэмжээний хувь нэмэр оруулдаг юм бэ гэж хариу асуумаар.

 

Энэ хаврын улс төрийг өнгөц талдаа АН-ын фракцуудын тэмцэл гэж даруухан хэлж байгаа. Үнэн хэрэгтээ бол гадаад талын оролцоо нөлөөтэй мөнөөх л төмөр зам, өргөн нарийн цариг, Тавантолгойн асуудлаас болж талууд жинхэнэ дарьтай сум хэрэглэх болсон гэж зарим нийтлэлч сэжүүр гаргаж байна. Энэ хоёр үзүүрийг нь нийлүүлээд хөвөрдвөл доллар өгөхөөс илүүтэй дотоод хагаралд хөтөлсөн уул уурхай эрдэс баялгийн орд дээрх улстөрчдийн зөрчил дээр зангигдаж байна.

 

Х.Баттулга гишүүний хэлээд байгаа “Нүүрсчдийн нам” ба бүлэглэл, Л.Эрдэнэчимэг гишүүний ам алдсан “төмөр зам дээр Оросуудын эрх ашиг байгаа” талаарх мэдэгдэл,  Ерөнхийлөгчийн хэлсэн “би Тавантолгойг авья гэж Х.Баттулга надад хэлсэн” гэх ишлэл, “Энержи ресурс дампуурлаа” гэсэн цочир мэдээ, Н.Алтанхуяг гишүүний “Ер нь Монголын төрийг хэн удирдаж байна вэ” гэсэн асуулт энэ бүх эх захгүй эх оронч тэмцлийн тайлал гаргалгаа болж байна.

 

Манай хоёр том намын улстөрчид хоёр хавтастай нэг түрийвчтэй болсон нь нууц биш. Харин түүнийг түнтийлгэх мөнгө нь уран, уул уурхай эрдэс баялаг болсноор өнөөдрийн төрийнхний том зодоон өрнөсөн нь одоо нууц биш боллоо.

 

Эцсийн дүндээ эрхмүүдийн ийм удаан булаацалдаад байгаа “юм”-ны ядаж нэг хувь нь ард түмэнд талх гурил өгч байгаа юм уу. Энэ тэгээд та нарын шударга ёсны төлөөх тэмцэл үү. Шударгаар ашгаа хувааж чадаагүй хуйвалдааны дараах хагарал уу. Энэ бол та бүхний эх оронч тэмцлийг хажуугаас харж буй үзэгчид буюу олон нийтийн зүгээс тавьж буй асуулт.

 

Өрх айлын ах дүүс муудлаа гэхэд дээлээ хүүлэлцэж болох ч гэрээ шатаахгүй. Тахилаа нураачихаж болох ч тулгаа гаргаж шидэх хэрэггүй. Манай улстөрчид төрийн эрхэнд гараад найранд “тасарсан” хөлчүү зочид шиг авирлах хэрэггүй дээ.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/


URL:

Сэтгэгдэл бичих