МАН-ын бүлэг УИХ-ын даргыг огцруулах нь зүйтэй гэж үзжээ

1398671484_10295808_645803028846407_2833017377869445581_nУИХ дахь МАН-ын бүлэг өнөө өглөө хуралдсан асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд гишүүд хэрхэн ажилласан тухай мэдээлэл солилцож, цаашид авах арга хэмжээ, гарцын талаар ярилцжээ. Мөн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн байна.

МАН-ын бүлэг цөмийн хог хаягдлыг үүссэн улс оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж оролдсон УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах асуудлыг тавихаар шийджээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “УИХ-ын дарга З.Энхболд энэ албан тушаалд хууль зөрчиж томилогдсон. Томилогдсоны дараа МАН-ыг бүлэггүй байлгах, гишүүдийн байнгын хороонд харьяалагдах эрхийг хязгаарласан. УИХ-ын гишүүдийн хэлсэн үгэнд тайлбар хийж, доромжлох үйлдэл газар авсан. Зайлшгүй шаардлагатай бус асуудлуудыг хэлэлцэх гэж ээлжит бус чуулганыг удаа дараа зарладаг болсон. Ээлжит бус чуулганаар авлигачдыг өршөөх, сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хамгийн сүүлд УИХ-ын дарга үүссэн улс оронд нь цөмийн хог хаягдлыг булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэх гэж оролдлоо. Иймээс УИХ-ын даргын албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй хэмээн үзэж огцруулах асуудлыг тавихаар болсон” гэв. Мөн МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан “давхар дээл тайлах” буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүйг хуульчлах хуулийн төслийг хэлэлцээд, үндсэн чиг үүргийн яамдын сайдууд болон Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн саналыг дэмжжээ.

Үүнээс гадна МАН-ын бүлэг өр зээлийн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. Уг ажлын хэсэг өр зээлийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж, өрийг хэрхэн дарах бодлогыг боловсруулах аж.

Түүнчлэн УИХ-ын гишүүдийг орон нутагт ажиллах үед улсын өр зээлийн хэмжээ огцом нэмэгдэж байгаад сэтгэл зовниж буйгаа иргэд илэрхийлж байгаа. Гэтэл АН-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллахдаа өрийн асуудлыг илт гуйвуулж, МАН-ын үед илүү өр тавьсан мэтээр ташаа мэдээлэл өгч байгаад бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа залруулга хийлээ. 1990-2012 оны хугацаанд Монгол Улс 2.2 тэрбум ам.долларын зээл авчээ. Энэ нь ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагаас жилийн 0.75-1 хувийн хүүтэй, 20-30 жилийн хугацаатай, урт хугацаанд эргэн төлөгдөх хөгжлийн зээл юм байна. Харин 2008-2012 онд Засгийн газар 0.75-1 хувийн хүүтэй, 20-30 жилийн хугацаатай ердөө 665 сая ам.долларын зээл авсан байна. 2012 оны байдлаар хувийн хэвшлийнхний авсан зээлийг оруулж тооцвол нийт гадаад өр зээлийн хэмжээ 7.4 тэрбум ам.доллар байсан. Гэтэл өнөөдөр хувийн хэвшлийнхний авсан зээлийг оруулаагүй дүнгээр Засгийн газрын авсан зээл дангаараа 7.2 тэрбум ам.долларт хүрчээ. Хувийн хэвшил болон Засгийн газраас хамгийн сүүлд гаднаас зээлсэн 750 сая ам.долларын зээлийг оруулж тооцвол манай улс 22.3 тэрбум ам.долларын зээлтэй болсон байна.

Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хэлэхдээ “Хамгийн сүүлд Засгийн газар авсан 750 сая ам.долларын зээл нь төсвийн цоорхойг нөхөх, өмнө авсан зээлийн хүү, торгуульд төлөх зориулалттай гэж бид хардаж байгаа. Яагаад гэвэл өмнө авсан зээлүүдэд жилд 300 сая ам.долларын хүү төлж байна. 2016 онд зөвхөн зээлийн хүүний төлбөрт нэг их наяд төгрөг төлөхөөр төсөвлөгдсөн. Зээлийн үйлчилгээний төлбөрт 2012 онд улсын төсвөөс 37 тэрбум төгрөг зарцуулдаг байсантай харьцуулахад энэ бол 25 дахин их үзүүлэлт. Тиймээс энэ хэмжээний төлбөрүүдийг хийх чадвар өнөөгийн Засгийн газарт байхгүй болсон учраас гадна талаас зээл авах байдлаар өрөө өрөөр солих арга зам хайж байна. Ер нь 10-аас дээш хувийн хүүтэй долларын зээл авах нь эдийн засаг уналттай үед манай улсад асар хохиролтой. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллахдаа өр зээлийн талаар манжийн үеийн ойлголттой байж болохгүй, өр зээл тавьж байж улс хөгждөг, баяждаг гэж ухуулж явах юм. Өр зээлийн талаар бид удахгүй тодорхой мэдээлэл өгөх болно” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих