Ж.Каплаг өршөөсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шийдвэрийг хүчингүй болгох санал гаргалаа

527-1459986532hhhУИХ-ын гишүүн Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбогдох дараах 2 саналыг гаргаж, УИХ-ын дарга З.Энхболдод албан хүсэлт хүргүүлжээ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРПЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД ТАНАА

“Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгуулах тухай”

2016.04.06

Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан …Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно…гэсэн зохицуулалтыг үндэслэн Танд дор дурдсан саналыг өргөн мэдүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял шийтгэгдсэн АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн. Түүний энэ зарлигийг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна.

Уучлалыг шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоод ял шийтгүүлэгч тодорхой хэмжээгээр ялаа эдэлж байх явцад үзүүлдэг. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө уучлал үзүүлбэл Ерөнхийлөгч шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгааг харуулж байна.

Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа Монгол, гадаад аль ч улсын иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй. Тиймээс Үндсэн хуулийн энэ зарчим мөн ноцтой зөрчигдөж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын нийт иргэдийн өмнө тангараг өргөсөн атал Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа нь өргөсөн тангарагаасаа няцсан явдал боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т …Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна…гэж хуульчилсан байдаг.

Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан …Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно…гэсэн заалтын дагуу татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял шийтгүулсэн АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсыниргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг Улсын Их Хурлаас хэлэлцүүлж өгөхийг хүсье.

Хүндэтгэсэн, Улсын Их Хурлын гишүүн Гантөмөрийн Уянга

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД ТАНАА

“Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргуулах тухай”

2016.04.06

Монгол Улсын Үндсэн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т …Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө… гэж хуульчилсан байдаг. Энэ зохицуулалтаар Монгол Улсын 4 дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөсөн.

Тэр татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн.

Түүний энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан …Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…, 70 дугаар зүйлийн 70.1-т заасан …Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино… гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэл боллоо.

Уучлалыг шүүхийн тогтоол, хуулийн хүчин төгөлдөр болоод ял шийтгүүлэгч тодорхой хэмжээгээр ялаа эдэлж байх явцад үзүүлдэг. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө уучлал үзүүлбэл Ерөнхийлөгч шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгааг харуулж байна.

Уг гадаадын иргэдэд үзүүлсэн уучлалын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй, хэрэг давж заалдах шатанд байхад нь Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Энэ нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн, эрх мэдлээ урвуулж, хэтрүүлэн хэрэглэсэн байх шинжийг агуулж байна гэж үзэж байна. Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа Монгол, гадаад аль ч улсын иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй. Тэгэхээр Үндсэн хуулийн энэ зарчим бас ноцтой зөрчигдөж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын нийт иргэдийн өмнө тангараг өргөсөн. Гэтэл Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа нь өргөсөн тангаргаасаа няцсан явдал боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т …Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна… гэж хуульчилсан байдаг.

Иймд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар УИХ- аас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Үндсэн хууль зөрчсөн эсэх дүгнэлт гаргуулж өгөхийг хүсье.

Хүндэтгэсэн, Улсын Их Хурлын гишүүн Гантөмөрийн Уянга

 

 

 

 


URL:

Нэр: зочин Огноо: 8 April 2016

Асуудлыг хүлээн авагч нь шударга байж чадах аваас ерөнхийлөгч маань банга хүртэх нь гарцаагүй л дээ. Хууль нь тийм байхад. Шударга ерөнхийлөгчийн шударга шүүх чив чимээгүй өдий хүрлээ. Ер нь манайд хууль байгаа юм уу чгэж бодмоор

Сэтгэгдэл бичих