Энэ болзлыг зөвшөөрвөл жинхэнэ даргатай уулзуулна

1923

Бидний хувьд жил бүр ирснээ зарлаад сураг алдардаг нэг орон зай бол хөрөнгө оруулалтын орчин. Бид эргээд ирлээ… Иймэрхүү сүртэй мэдэгдлийг Засгийн тэргүүн тунхаглан зарлах нь жилдээ нэг “нахина” гэдэг л болдог.

 

 

2015.12.16-ны өдөр. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээний гарын үсэг зурах ёслолын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улс бизнест эргэн ирлээ” гэсэн юм.

 

2016 оны 4 сард “Credit Suisse” банкнаас зохион байгуулж буй Азийн хөрөнгө оруулагчдын 19 дэх удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдөд Ерөнхий сайд маань илтгэл тавихдаа мөн л Монгол Улс бизнест эргэн ирсэн гэдгийг дахин хэллээ.

 

Ингэж хэлэх хэд хэдэн алхмыг хийж чадсанаа 2015 оны арваннэгдүгээр сард олон нийтэд хандан хэлсэн үгэндээ мөн л онцлон хэлж байсныг нь тод санаж байна.

 

“…Нэг орсон бол буцаад гарч болохгүй гэж гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн “Нotel Mongolia” хэмээх нэр хоч, сөрөг буруу ойлголтыг засч залрууллаа… …Нутгийнх нь хишиг буянаас нутагт нь ахиу үлдээдэг шинэ хууль баталлаа. Газрын баялгаас орон нутагт нь үлдээдэг татваруудыг нь нэмснээр …600 гаруй хайгуулын лиценз олгогдоод байна. Хөрөнгө оруулах сонирхолтой, хөрөнгө оруулалтын сан байгуулах гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг эргэн сонирхож эхэллээ. Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын гэрээнд хувийн компаниуд гарын үсгээ зурж эхэллээ…”

 

Энэ бол ачаа үүрсэн төрийн тэргүүний хувьд хийх гэж хичээж яваа бас хийчихээд байгаа ажлын тайланд нь дурайдаг л үгнүүд. Эсрэг талд нь жинхэнэ хөрөнгө оруулагчид манай засгийн газрын ам ажлын зөрүүг гайхан байж эвшээж сонсдог нь мөн л бодит үнэн.

 

Учир нь иймэрхүү “уран илтгэлүүд” олон нийтэд чиглэсэн байдгаас хөрсөн дээрээ хөрөнгө оруулагч нарт “найс” бодлого болж буутлаа даанч хол байсаар ирлээ.

 

Царцаасан байгаа барилга орон сууцнуудаа сонгуулийн өмнө гэсгээгээд хэдэн тууз хайчлахаар засгийн түшмэд яамдын сайдууд мэрийхээр мэрийж байгаа бололтой. Энэ барилгууд яаж ийгээд дуусвал хямрахдаа тулсан компаниудын цөхрөл мөн бага зэрэг гэсэх юм. Ингээд барилгын салбарт их хөдөлгөөн оруулахаар гадаадын хөрөнгө оруулагч санхүүжүүлэгч нарыг хаврын нараар уяртал нь даллаж байна. Арга барил хандлага нь харин хуучнаараа. Цагаан алчуураар тарвага хошгируулах мэт хэт хээгүй бас хэм хэмжээ эрэмбэ дараалалгүй.

 

Энэ шүүмжлэлдээ хүч нэмж зарим нэг хөрөнгө оруулагчдын ярьснаас цухас буулгавал. “…Танай улсыг ойлгохгүй юм. Ийм тогтворгүй, дотроо тэмцэлдээнтэй төртэй байж маш том тойргоор хэтийн зүйл амлах юм. Нэг бол хэтэрхий богино зайд ярих юм” гэлээ.

 

Улсын гэх томоохон үйлдвэрийн ажилчдын орон сууцны хороолол барих тухай төслийг манай хүн сонирхжээ. Очоод уулзтал хэдэн том дарга нар нь тус тусдаа уулзах санал тавьсан бөгөөд бүгд өөр хоорондоо зөрүүтэй санал тавьж байсан гэнэ. Хамгийн их эгдүүцлийг нь хүргэсэн санал бол орон сууцны хороолол барьж өгөөд хүртэх ашиг ноогдолдоо тухайн баригдах хорооллын нэг давхаруудын үйлчилгээний төвүүдийг нь үнэгүй ав гэсэн гэнэ.

 

Дотроо бол нэг иймэрхүү тохироо хийдэг байж болно. Гэхдээ би өдөрт 100 мянгыг олдоггүй /төгрөг шүү ам.доллар биш/ нэг давхарын үйлчилгээний төвийг авахын тулд 10 жилийн дараа нөхөгдөх төсөлд 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэдэг үнэндээ хэт найрсаг бус санал биш үү гэсэн юм. Төсгөлд нь дүгнэлт болгож “Ер нь хөрөнгө оруулалт татах тухай нэдсэн бодлого танайд үнэндээ алга…” гэлээ.

 

Өөр нэгэн хөрөнгө оруулагч компанийн төлөөлөл мөн л адил зүйлийг өгүүлэв.

 

“…Танай оронд зочлоод буцлаа. Би ер нь танай оронд татагдаад байдаг. Хөгжиж байгаа орны хувьд танайд бүтээх босгох хөрөнгө татах их зүйл байгаа харагддаг. Тэгээд ч хэд дэх удаагаа ч юм. Ер нь олон зочиллоо. Би уул уурхайд ач холбогдол өгдөггүй. Танай нүүрс хэт олон эзэнтэй… Харин ямар нэг үйлдвэр орон сууцны хороололд хөрөнгө оруулах сонирхол байдаг. Ийм төрлийн санал танай Засгийн газраас нь хааяа ганц хоёр удаа ирж байхад хувь хүний зуучлал аман яриагаар өөр сувгаар маш олон төсөл ирдэг нь гайхмаар. Миний хийх гээд байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ тийм их биш. 100 сая орчим гэж бодьё. Гэхдээ тухайн обьектондоо бол 100 хувийн хөрөнгө оруулагч болох дүр зураг үүсдэг. Тэгээд яриа хэлэлцээ явуулахаар цааш өрнүүлэх гэхээр өнөө зуучлагч маань “хэрвээ та энэ санал “хувийг” минь зөвшөөрвөл би цаад хүмүүстэйгээ уулзуулья” гээд байдаг юм. Их сонин прадокс бий болчихсон юм билээ. Тэгээд ярьсаар цаад хүн гэдэгтэй нь зорьж очоод ярихаар анхны хүний танилцуулсан төсөл хөрөнгө оруулалтын хэмжээ, нөхцөл нь огт өөр болоод ирдэг. Дахин бодож боловсруулах тооцоо үндэслэл гаргах хэрэгтэй болдог…”

 

“…Танай улс ер нь хөрөнгө оруулагч нар чөлөөтэй нэвтэрч уулзаж төсөл саналтай танилцаж байдаг ОУ-ын бизнесийн төвийг өөрийн оронд нээх хэрэгтэй байгаа юм. Тэгвэл би ухаан нь тэнд өөрийн төлөөлөгчөө суулгаж үр дүнтэй судалгаа явуулж, суурь сайтай төслийг танай талд танилцуулж бас танай талын саналыг бусад хөрөнгө оруулагч нарт хүргэж чадддаг болно. Одоо баригдах шинэ нисэх буудлынхаа дэргэд ОУ-ын хөрөнгө оруулагч нарт зориулсан банк санхүүгийн цогц мэдээлэлтэй төвийг баривал зүгээр юм даа. Одоо бол их л тархай бутархай тус тусдаа санал тавьсан яваа харагдах юм… гээд. Үнэндээ танай оронд жил бүр зочилж үр дүнгүй буцсаар байгаад сэтгэл гонсойж байна”  гээд “Тийм үү…. хоёулаа энийг мэдэрсэн тэ” гэж жил хоёр орчим хамт ажиллаж байгаа гэх орчуулагч бүсгүйдээ хандаж найрсгаар инээвхийлсэн юм.

 

Бид бизнестээ эргэн ирсэн байж. Харин хөрөнгө оруулагчид дараа жилийн ээлжит уриа, урилгыг нь харья даа гээд нисэж байна. Буцах бүртээ Чингис хаан ОУ-ын нисэх буудлаас хөөрч дутуу орхисон олон барилгыг дээрээс харж дараа жил эд ингээд л байж байна даа гэсэн бодол нь улам батждаг байх.

 

Жил бүр эргэн ирдэг бидний бизнесийн тойрог  ийм л байна.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/


URL:

Сэтгэгдэл бичих