Хүнд суртал гаргаж, хүчний байгууллага гэдэгтээ “итгэсэн” цагдаагийн өнөөгийн төрх

1924

Манай улс ардчилсан улс орон болоод хэдийнэ 25 жилийн нүүрийг үзлээ.  Өнгөрсөн хугацаанд улс орны хэмжээнд эрх зүйн томоохон шинэчлэлүд хийгдэж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулахаар бид зорьж байна. Мэдээжийн хэрэг өнгөрсөн 25 жилийн түүхэнд бидэнд алдаа оноо олон байгаа нь  иргэний эрхийг дээдэлсэн нийгмийн байгууллага  руу  улам дөхөхийг эрмэлзэн ажиллаж байгаа.

Энэ зорилгын хүрээнд хуучнаар хүчний байгууллага гэж хэлэгддэг байсан цэрэг цагдаагийн байгууллагын эрх зүйн  орчныг сүүлийн хэдэн жил өөрчлөх, тэдний мөрдөж ажилладаг хуулийн орчныг  шинэчлэх түвшинд  шат дараалсан олон ажлууд хийгдэж, үүнийг дагалдан төр засгаас хөрөнгө хүч чамгүй зарцуулсан.

Харамсалтай нь цагдаагийн байгууллагад хийгдсэн шинэчлэл үр дүнгүй, хий хоосон, зардал сүйтгэл дэмий зарцуулсан нь  иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээ, иргэд олон нийтийн мэдээллээс тодорхой харагдаж байна.

Бидэнд нээрээ нууцлан мэдээлэл өгсөн иргэн болон олон нийтийн хандлагаас үзэхэд цагдаагийн байгууллагын ажилтнууд өөрсдийгөө хүчний байгууллагын ажилтан гэж “итгэн”, хуучин арга барилаар ажлаа явуулдаг байдал одоо ч үргэлжилсээр байна. Тухайлбал, Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргасан иргэн цагдаагийн ажилтны хэлсний дагуу өглөө 08:30 цагт дүүргийн цагдаагийн хэлтэст очсон боловч хариуцсан офицер нь 09:30 цагт ажилдаа иржээ. Дүрэм зөрчигч мань иргэн тухайн хэргийг хариуцсан цагдаагийн офицерт учир явдлаа хэлэхэд “таны асуудал төвөөс ирээгүй байна хүлээж бай” гэсээр өрөөний үүдэндээ 2 цаг хүлээлгэсний дараа дуудаж торгуулийн мөнгөө тушаагаад эргээд ир гэсэн байна. Банкинд дугаарлан байж торгуулийн мөнгөө тушаагаад иртэл мань офицер байсангүй. Түүний хаашаа ямар хэргээр явсныг хэн ч үл мэднэ. 2 давхараар л нэг байцаагчийг хайж, бие биенээсээ асуусан иргэд хөлхөлдөнө. Жижүүрийн цагдаа болон  бичиг хэргээс нь асуухад хоорондоо хэлэлцэж  тохирсон мэт “гадуур ажилтай” гэдэг ганцхан хариултаар ам таглана. Ингээд 12:00 цагаас  15:00 хүртэл хүлээгэд тэсвэр алдсан иргэд  байцаагчийн утсыг олж хэзээ ирэхийг нь асуухад “тэмцээнтэй байна, тэгж байгаад очно, очиж байна” гэх мэтийн  гэсэн тайлбар өгдөг гэнэ.  За ингээд  дахин 4 цаг хүлээлгэсний эцэст 19:00 цагийн орчимд мань байцаагч ирж ажлаа хийж байх жишээний.

Тухайн байцаагч гадуур ажил ихтэй байсан, эсвэл ерөөс цагдаагийн байгууллагын хүн хүчний нөөц дутагдалтай байж болно л доо. Гэхдээ  ийм тохиолдолд зөрчил гаргасан иргэдийн  асуудлыг хариуцсан  жижүүрийн  байцаагчийг томилж, түүгээр  дамжуулан иргэдийг чирэгдүүлэлгүй түргэн шуурхай тэдэнд үйлчлэх боломжийг Замын  цагдаагийн байгууллага хэрэгжүүлж чадахгүй байгаа  нь харамсалтай. Дарга нар нь телевизийн камерийн өмнө суугаад “том том, гоё гоё” зүйл яриад байдаг ч яг үнэндээ бодит амьдрал дээр Цагдаагийн байгууллагын ажилтнууд иргэдэд хүнд суртал гаргаж, өөрсдийгөө “мэдрүүлж, бүтэн өдрийн ажил албыг нь алдуулж, өрөөнийхөө үүдэнд хүлээлгэн “кайф” авдаг  явдал байсаар л байна.

Түүгээр зогсохгүй  эрүүгийн хэрэгт холбогдсон  сэжигтэн яллагдагчийг  олон цагаар хүлээлгэж, цагдаагийн тасаг хэлтэс дээр өдөржин өнжүүлдэг, бичиг цаас зөөлгөдөг, хувь хувьсгалын ажилдаа зардаг, хэрэг тулгаж, айлган сүрдүүлж хүлээлгэхийг завддаг,  загнаж зандарч, дээрэнгүй байдлаар харилцдаг гэх зэрэг хуучинсаг арга барил  мөрдөн байцаагч нарын дунд амь бөхтэй оршсоор л байна.

Гэтэл  Цагдаагийн байгуулагын удирдлагууд  хэлэхдээ “Цагдаагийн байгууллага  бол иргэн таны төлөө үйлчилдэг үйлчилгээний байгууллага, иргэддэд хүндэтгэлтэй найрсаг харилцааг бий болгосон мэтээр” ам уралдан ярьдаг ч бодит байдал дарга нарын ярьж байгаагаас тэс өөр байгааг анзаарах сөхөөтэй хүн байна уу.

ЦЕГ-ийн дарга, тэргүүн комиссар  Р.Чингис, ЗЦГ-ын дарга, хурандаа  Ч.Жаргалсайхан нар энэ асуудалд анхаарлаан хандуулан  иргэдийг чирэгдүүлэн хүнд суртал гаргаж ажилладаг, хариуцлага ёс зүй  гэдгийг умартсан  цагдаа нартайгаа хариуцлага тооцон ажиллах шаардлагатай байна.

Хэрвээ ингэж ажиллаж чадахгүй бол цагдаа осол гаргаж хүний амь хохироожээ, цагдаа нар нэгнийгээ амийг егүүтгэжээ, цагдаа авлига авчээ, цагдаа нар иргэдийг чирэгдүүлжээ, мөрдөн байцаагч сэжигтнийг эрүүдэн шүүжээ гэх мэтийн  мэдээллүүдийг одоо байгаагаас нь олон сонсох бололтой.

А.Тамир

Ugluu-logo202


URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 12 April 2016

Jargalsaihan anhaarlaa yu

Сэтгэгдэл бичих