ТУУЛЫН АМЬ ТАСРАХАД ТҮШЭЭД ЭДЛЭНТЭЙГЭЭ ҮЛДЭНЭ

ELEGANCE-tsogtsolbor-horoololМонгол, Хятадын хөрөнгө оруулалттай “Тулгат өргөө ” компанид яагаад хэн ч хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг нь цуцалж чадахгүй байна вэ. Хэнтий нуруу, Номингийн голоос эх аван урссаар Орхон голд цутган тэндээсээ Улаанбаатарын зүгт таван аймгийн 37 сумаар дайран цэлэлздэг Туул гол Зайсангийн гүүр орчмоос татарсаар Сонсголонгийн гүүр “хүрч чадалгүй” тасарчээ. Сонсголонгийн гүүр орчимд өмнө нь өргөн Туул мэлтэлзэж байсныг илтгэх хайрга, усанд идэгдэж асан далан л омголтон, цайрч байв.

Харин түүний цаахна Туул голын голдрилд өөрчлөлт орж, ус татарч, ширгэж буйн олон шалтгааны нэг сүндэрлэж харагдана. Тэр бол ‘Тулгат өргөө” компанийн захиалгаар “Хас дөл” компанийн гүйцэтгэж байгаа “Элеганс” тансаг зэрэглэлийн хотхоны барилгууд. Олон шалтгааны нэг гэсний учир тус компанийн барьж буй барилга, ногоон байгууламж хийхээр засварлаж, татсан хашаа зэрэг нь Туул голын онцгой болоод энгийн бүсээс 50, 200 метрийн зайд байх хуулийг илтэд зөрчжээ.

Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”. Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн тодорхой заажээ. Гэвч тус барилга дээрх заалтуудыг бүгдийг зөрчин аль хэдийнэ хэд хэдэн блок барилга сүндэрлэжээ. Мөн сүм, шашны зориулалттай гэмээр барилга ч харагдав. Үүнээс гадна Туул голын урсгал байсан талбайг хашаалж, өндөр хүчдэл татжээ.

БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ БУСАД БҮХ ЗҮЙЛ ХУУЛЬ ЁСНЫХ

Ингээд бид “Элеганс” орчин үеийн орон сууцны цогцолборын барилга баригдаж байгаа газарг очиж, харуул, хамгаалалтын албаныхантай уулзлаа. Тус барилгын хамгаалагч “Бид энэ барилгыг харж, хамгаалах л үүрэггэй. Эзэдтэй нь холбогдож, лавласан нь зүйтэй байх. Энэ барилга харин шашных биш. Албан байгууллагын зориулалттайгаар барьж байгаа гэж байсан” гэв.

Тэндээс бид тус цогцолборын захиалагч “Тулгат өргөө” компанийн менежер н.Жанчивтай холбогдож “Сонсголонгийн гүүрний баруун талд Туул голын ай сав газарт танай компанийн ажилтнууд барилга барьж байгаа юм байна. Энэ газрын тусгай зөвшөөрлийг хаанаас, ямар үндэслэлээр олгосон байдаг вэ” гэхэд “Одоогоор манай компанийн барьж байгаа барилгын ажил санхүүгийн асуудлаас болоод зогссон. Гэхдээ зөвшөөрөл, бусад бүх зүйлийг албан ёсны дагуу авсан. Энэ газрыг дуудлага худаддаагаар хоёр тэрбум гаруй төгрөг төлж авсан. Өөр мэдээлэл өгөх боломжгүй. Шаардлагатай бол маргаашмэдээлэл аваарай” гэв.

НАРАН ШАРЛАГЫН ТАЛБАЙТАЙ ОРЧИН ҮЕИЙН, ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР БОСНО

“Элеганс” цогцолборын барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Хас дөл” компанийн мэргэжилтэнтэй холбогдоход “Хятад, Монголын хөрөнгө оруулалтгай “Тулгат өргөө” компанийн захиалгаар манайх энэ цогцолборыг 2013 оноос хойш барьж байгаа. Гэхдээ өнгөрсөн аравдугаар сараас хойш барилгын ажил хийгээгүй. Ирэх жилээс үргэлжлүүлэх бололтой.

Одоогоор манайх 10 блок барилга барьчихсан, долоон барилгын суурийг тавьсан, гурван барилгын пасад дээр ажилласан байдалтай байна. Энэ цогцолборын хувьд хамгийн бага нь 75 шоо ам метр талбайтай, тансаг зэрэглэлийнх бөгөөд Туул голын эрэг рүү оруулж барьсан хашаанд ногоон байгууламж хийхээр төлөвлөсөн байгаа.

-Туул голын урсац нэмэгдэж, ус орж ирвэл тэр хэсэг тэр чиггээ усанд автах юм биш үү?

-Үүнийг бодож, тооцоолсон байгаа. Зураг төслийн дагуу бэлтгэл ажил хийгдэж байна. Бий болгох хэсгээ хашаалсан байгаа.

-Тэнд наран шарлагын газар байгуулахаар хашаа хатгасан гэж байсан?

-Цогцолбор баригдаж байгаа газраас доош, хадан цохионы тэнд хэсэг газрыг цэвэрлэж, хур хогноос нь салгаж, моджуулсан байгаа. Тэнд наран шарлагын газар байгуулахаар төлөвлөсөн. Мөн гэрэлт хөшөөтэй, амралтын талбай байгуулах юм.

-Та бүхнийг Туул голын сав газрын захиргааныхан, ХУД-ийн удирдлагууд, тус хорооны дарга гээд холбогдох албаныхан “Та нар хууль зөрчиж, барилга байгууламж барьж байна” гэхгүй байна уу?

-Барилгын ажил 2013 оноос эхэлсэн. Тэр үед зарим асуудал үүсч байсан ч тэгсхийгээд намжсан. Туул голын сав газрын захиргааныхантай хамтарч наран шарлагын газрын моджуулалтыг хийсэн. Дүүрэг, хорооны Засаг дарга нартай хамтарч цогцолбор орчмын хур хог хаягдлаас салсан.

-Туул голын урсгал Сонсголонгийн гүүр хүрэхгүй татарсаныг барилгын ажилтай холбон хардах хүн цөөнгүй байна. Барилгын ажлаа явуулахын тулд урсацад ямар нэг байдлаар нөлөөлсөн юм биш биз дээ?

Тийм зүйл огт байхгүй. Харин ч хотын өнгө үзэмж нэр төрд хэрэгтэй тансаг зэрэглэлийн гоё цогцолбор барих гэж ажиллаж байна шүү дээ. Өмнө нь тэнд хүн, мал унаж бэртэж, үхэхээр эвгүй гуу жалга, хур хогийн цэг л байсан. Харин ч тэнд олон жил хуримтлагдсан хог, элдэв зүйл гол бохирдуулж байсныг үгүйсгэх аргагүй. Өнгөрсөн жил Туул голын урсац маш сайхан байсан. Харин энэ хавар л ирсэнгүй. Үүнийг зарим эрдэмтэн “Голын урсацын татрал тодорхой үе шаттай болдог. Түүний нэг нь болж байна. Туул голын хувьд 1943 оноос хойш ийм татрал хэд хэд болсон. Үүнээс гадна Улаанбаатарчуудын ундны ус, гүний усны хэрэглээтэй холбоотойгоор татарч байгааг тайлбарлаж байсан” гэв.

ХУУЛЬ БУС ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛУУЛАХААР ХОЛБОГДОХ ГАЗРУУДАД ХАНДСАН Ч ДИЙЛЭЭГҮЙ

Туул голын сав газрын захиргааны Ахлах мэргэжилтэн С.Сүхбаттай холбогдож дараах тодруулгыг хийлээ.

-Сонсголонгийн гүүрний баруун талд баригдаж буй “Элеганс” цогцолборын 14.5 га газрын зөвшөөрөл хууль ёсных мөн болов уу?

-Хятад, Монголын хамтарсан “Тулгат өргөө” компанийн нэр дээрх энэ газрын зөвшөөрөл 2012 оны эхээр гарсан байдаг. Түүнээс жилийн дараагаас барилгын ажлаа эхлүүлсэн. Тухайн үед бид Усны тухай хуулийн ийм ийм заалтыг зөрчиж байна, хууль бусаар зөвшөөрөл олгожээ гэж холбогдох бүх газарт хандсан. Яагаад ч дийлээгүй. Барахгүй юм билээ. Хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компаниуд нь Хятадын хөрөнгө оруулалттай гэсэн.

-Та бүхэн дахиж энэ талаар хандаагүй юм уу. Хамгийн аюултай нь Туул голын урсацыг таслах, наанадаж ус их ирлээ гэхэд барьж буй байгууламж, түүнийг дагасан хүмүүс эрсдэлд орохоор байна шүү дээ.

-Бид холбогдох бүх газарт чадлынхаа хэрээр хандсан. Яагаад ч дийлээгүй. Үйл ажиллагаа нь үргэлжилж байгааг та нар харж байгаа биз дээ. Голын энгийн болоод онцгой бүсийн аль алиныг зөрчсөн.

-Энэ зөвшөөрлийн цаана улс төрд эрх мэдэлтэй хүн бий юү. Хууль давсан эрх мэдэл, барилгын ажил явагдаж байна шүү дээ?

-Хэн байгааг бид мэдэхгүй. Мэдэх ч шаардлагагүй. Гол нь Туул голын ай сав газарт барилга, байгууламж барьж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоохыг оролдсон. Дийлээгүй.

-Одоо дахиж аль нэг эрх мэдэл бүхий газар хандах боломжгүй юм уу?

-Нийслэлийн 21 байршилд бий болгох амралтын талбай бүхий цогцолбор газрын нэг бүсэд ороод л дууссан байх.

-Тухайн үед албан байгууллагуудад гаргаж байсан гомдол, албан бичгүүдийг үзэж болох уу?

-Архивт хадгалаатай байгаа. Үзэж болно.

-Танайхыг Хадан цохио орчимд байгуулахаар төлөвлөсөн наран шарлагын газрын ногоон байгууламжийг хамтран хийсэн гэж байсан. Энэ үнэн үү?

-Манайхаас тийм зүйл огт хийгээгүй. Хийх ч үгүй.

“ЭЛЕГАНС” ЦОГЦОЛБОРЫН ОРЧМЫН ТУУЛ ГОЛ ЕСДҮГЭЭР ХОРООНД ХАМРАГДДАГ

Бид ХУД-ийн XVI хорооны дарга н.Сарангоотой холбогдож, хорооных нь нутаг дэвсгэрт хууль зөрчин баригдаж буй цогцолборын талаар тодрууллаа.

-“Элеганс” цогцолборын газрын зөвшөөрөл хууль ёсных биш байсныг та мэдэж байсан уу?

-Бүх зөвшөөрөл, бичиг баримт нь хууль ёсных гэж бидэнд танилцуулж байсан. Түүнээс биш би хууль ёсных уу, үгүй юү гзж судлаагүй.

-Та голын ай сав газрын онцгой болон энгийн бүс хэдэн метр байдгийг мэдэх үү?

-Мэдэхгүй.

-“Элеганс” цогцолбор нь Усны тухай хуулийн голын онцгой 50, энгийн 200 метрийн зайд барилга байгууламж барьж болохгүй гэх заалтыг зөрчиж баригдаж байгаа юм билээ.

-Тууп гол нь манай дүүргийн есдүгээр хороонд ордог юм. Цогцолбор бол манай хорооны нутаг дэвсгэрт хамаарна. Тэгээд ч хууль бус газрын зөвшөөрөл дөрөвдүгээр хорооны Яармагийн гүүрний орчмоос эхэлсэн шүү дээ. Манай хорооны хур хогийг цэвэрлэж, өнгө үзэмжийг нэмж байгаа учраас дэмжиж ажилласан.

ТУУЛЫГ ТАТРААЖ, ХУУЛЬ УМАРТСАН ЦОГЦОЛБОРЫН ТАЛААР

“Элеганс” цогцолбор нь 1080 айлын орон сууц, 145 айлын хаус, орчин үеийн төлөвлөлтгэй 150 хүүхдийн цэцэрлэг, 350 хүүхдийн сургууль, үйлчилгээний төв бүхий томоохон хороолол байхаар төлөвлөгдсөн байна. Үүнд, 15 давхар барилга хоёр ширхэг, 12 давхар барилга 15 ширхэг нийт 17 блок бүхий 1080 айлын орон сууц нь бүрэн цутгамал хийцтэй байх гэнэ. Өрөөнүүдийн хэмжээ нь 70-260 м.кв хүртэл талбайтайгаар төлөвлөжээ. Харин амины орои сууцны хувьд нэг айлынх нь хаус 150-700 м.кв хэмжээтэй гэнэ. Дээд зэрэглэлийн тус цогцолборын зураг төслийг Хятадын зураг төслийн нэгэн компани хийсэн гэв. Нийт 14.5 га газарт баригдах уг цогцолборыг 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

ТУУЛ ҮГҮЙ БОЛОХОД ТҮШЭЭД НАРАН ШАРЛАГЫН ГАЗАРТАЙГАА ҮЛДЭНЭ

2005 оноос хойш Туул голын хамгаалалтын бүс тогтоосон. Гэвч энэ нь нэр төдий зүйл байсны илрэл нь Сонсголонгийн гүүр орчим төдийгүй нийслэлийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй Туулыг дагасан амралтын газар, барилга, байгууламж, элс, хайрга, дайрганы карьеруудаас харагдана. Уг нь хууль, дүрэм, журмыг сахиулах, мөрдүүлэх гэж л баталдаг баймаар. Гэтэл манайд хэчнээн олон төрлийн зөвшөөрөл үйлддэгийн нэгэн жишээбэл энэ яах аргагүй мөн. Хятад, Монголын хөрөнгө оруулалттай гэгдэж буй ч 100 хувь Хятадаас санхүүждэг “Тулгат өргөө” компанийн цаана нэр бүхий улстөр”. эрх мэдэлтэн байгааг эх сурвалжууд дурдаж буй. Тэдний албан тушаал, эрх ямбаараа далайлган Монголын хууль, тогтоолоос давсан тушаал, шийдвэр гаргаж, Хан-Уул дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрт 14.5 га талбайг олгосон явдал шууд утгаараа Туул голын амийг таслах гэсэн оролдлого биш боловч хэдхэн жилийн дараа тэд наран шарлагын газартайгаа үлдэж, Туул үгүй болохгүй гэх газаргүй.

БОНХАЖЯ, Нийслэлийн байгаль орчныг хамгаалах газар, НЗДТГ, НМХГ, Туул голын сав газрын захиргаа гээд холбогдох шатны бүх байгууллага ундны усны эх үүсвэр Туул голоо, ай сав газраа хамгаалж чадахгүй, ганцхан компанийн хууль бус зөвшөөрлийг цуцлахад мэдэл нь дутаж байгаагийн цаад шалтгаан юу вэ.

Үргэлжлэл бий…
Б.ЭНХМАРТ
“ҮНДЭСНИЙ ШУУДАН”


URL:

Нэр: Chelsi Огноо: 4 September 2018

If you want to get read, this is how you shloud write.

Сэтгэгдэл бичих