Х.БАТТУЛГЫН ХЭЛСНЭЭР С.БАЯРЦОГТ БИЕ ДААЖ ЧАДАХ УУ

2016Сүүлийн үед эрх баригч АН-ын хагарал, тэмцэл улам гаарч байна. Өчигдөр Х.Баттулгын компаниудыг шалгасан үйл явдал үүний тод илэрхийлэл боллоо. Өнгөрсөн бямба гаригт Их тэнгэрт хуралдан “эв нэгдэл”-тэй байгаагаа зарласан ч тэр нь 48 цаг бололгүй дүр эсгэлт байсан нь тодорлоо.

Учир нь өчигдөр өглөө Х.Баттулгыг ажилдаа ирэхэд нь бас нэг туслахыг нь баривчилсан байсан нь түүнийг УИХ дахь намын бүлгийн хурал дээрээ хатуухан үгс чулуудахад хүргэсэн гэх.

Тэрбээр “…ийм тохиролцоо байдаг юмуу. Хоёр сайдаа татаж, Засгийг чинь унагана” гэж бухимдахын сацуу “Би АН-д гай тарьж байгаа бол намаас гараад бие даая. Би Баянхонгортоо, С.Баярцогт Сэлэнгэдээ бие даахад сонгогдоод л хүрээд ирнэ” гэчихээд хаалга савж одсон тухай ярьцгааж байна.

Тэгж байтал “Баянгол ажиллагаа” болж тав, зургаан цаг монголчуудыг улстөржүүлэв. Ингээд АН-ын бүлэг өнөө өглөө шуурхай ээлжит бусаар хуралдана гэсэн ч хуралдсангүй хойшиллоо. Тэгэхээр хуралдаа орж ирвэл нэг нэгнээ барьж “идэх” шахаж байгаа уур амьсгалыг зөөлрүүлэхийг оролдож байгаа гэлцэнэ.

Мөн С.Баярцогт, Х.Баттулга нарын өрсөлдөгчид АН-ыг муухай харагдуулж байгаа учир намаасаа гарч бие дааж нэр дэвшээд УИХ-д дахин орох боломжтой юу. Х.Баттулгын хувьд бол боломж өндөр байх. Харин С.Баярцогтын хувьд асуудал ихээхэн маапаантай.

Учир юу гэвэл С.Баярцогт бол Оюутолгойн хуудуутай гэрээнээс эхлээд, оффшор бүст компани байгуулж, дансандаа сая ам.доллар хийгээд мартчихаж чаддаг нэгэн. Мөн тэр үедээ бичиг баримтдаа Хятадын Монгол гэж бичүүлсэн нь ч шүүмжлэл дагуулсаар байгаа. Тиймээс түүнийг Сэлэнгийнхэн ахин сонгоно гэдэг эргэлзээтэй мэт.

Гэвч Х.Баттулгыг АН-ыг орхилоо гэхэд С.Баярцогт нар орхиж чадахгүй л болов уу. Гэхдээ үйл явдал хэрхэн өрнөх нь цаг хугацааны асуудал. Гэхдээ ойрын хоёр долоо хоногт л уг асуудал шийдэгдэх болно.

Өмнө нь 2004 оны сонгуулиар М.Энхсайхан АН-ын дарга байх үедээ “Эх Орон-Ардчилал” эвсэл байгуулж Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав нарт нэр дэвших эрх өгөөгүй учир тэд бие даан нэр дэвшиж сонгогдож байлаа. Гэхдээ энэ удаагийнх арай өөр. Одоо бол АН-ын дарга З.Энхболд сонгогдох өндөр магадлалтай гишүүдээ гаргахыг хүсэхгүй байгаа. Юу болохыг харж л байя.

Г.Самбаа


URL:

Сэтгэгдэл бичих