АТГ-ын даргын өргөдөл сүүлийнх нь үү, эхнийх нь үү

0f74f96a43abb08bdb823f6cf505d2c15f443b13Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад бүтэн нэг жил дутуу байхад АТГ-ын дарга Н.Ганболд Ерөнхийлөгчид өргөдлөө өгчээ. Гэнэт л албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан түүний хүсэлтийг дагасан асуулт, бас таамгууд ч хөвөрч эхэллээ. Эхнийх нь хүчний байгууллагуудад хийх халаа, сэлгээ Н.Ганболдоор эхлэв үү гэсэн асуулт. Батлах баримт байхгүй ч гарцаагүй тавих ёстой асуулт бол энэ.

Яагаад гэвэл, өнгөрсөн бямба гаригт “Их тэнгэр”-т хийсэн өргөтгөсөн хуралдаан дээрээ АН-ын бүлгийн гишүүдийн ярьсан гол сэдэв нь энэ аж. Хэвлэлүүдийн бичсэн, гишүүдийнх нь ярьснаар дотоод зөрчлийг нь улам хурцатгаж байгаа гол зүйл нь хүчний байгууллагуудыг ашиглан нэгнээ намнах явдал гэж АН-ынхан үзсэн гэх. Тухайлбал, Х.Баттулга гишүүний эргэн тойрныхныг шалгаж эхэлсэн, Л.Гансүхэд ял өгсөн, Р.Эрдэнэбүрэнг саатуулсан гээд олон асуудлаар АН-ынхан байр сууриа солилцсон аж. Эв нэгдлээ хангах зорилготой энэ хурал дээр ер нь л “Хүчний байгууллагуудын удирдлагуудыг солих нь зүйтэй.

Ингэхгүй бол хүчний байгууллагуудыг ашиглан нэг нэгнээ намнах байдал зогсохгүй нь” гэсэн байр суурь давамгайлсан бололтой. Гэтэл АН-ын энэ ойлголцол хоёрхон өдрийн настай байсан нь “Баянгол” зочид буудалд хийсэн цагдаагийнхны дуулиант шалгалтаар тодорхой болсон. Иймээс ч АН-ын гишүүдээс хүчний байгууллагуудын удирдлагыг солих ёстой гэсэн байр суурь ил цагаан гарч, Засгийн газраас сайд татах хэмжээнд хүрээгээ тэлээд байна.

Яг ийм үед АТГ-ын дарга чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь санаандгүй давхцал гэхэд эргэлзээтэй. Нөгөөтэйгүүр, дээр өгүүлсэнчлэн түүний бүрэн эрх 2017 онд дуусах учиртай. Гэтэл бүтэн жилийн өмнө яаран хүсэлт гаргасан шалтгаанаа тэрээр тайлбарласангүй. Зөвхөн “Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 1.1  дэх заалтын дагуу ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” л гэжээ. Уг хуулийн 22.1.1 гэдэг нь “өөрөө хүсэлт гаргасан” тохиолдолд чөлөөлөх тухай заалт юм. Н.Ганболд даргын тухайд тэтгэвэрт гарах болсон учраас өргөдлөө өгсөн гэх таамаг өчигдөр зарим мэдээллийн сайтад гарсан байв. Энэ жил 60 нас хүрч байгаа түүний хувьд тэтгэвэрт гарахаар өргөдлөө өгсөн гэвэл бодитой сонсогдохгүй л болов уу. Учир нь, Авлигын эсрэг хуульд АТГ-ын даргаар ажиллах хүний насны доод хязгаарыг заасан байдаг ч дээд хязгаарыг заагаагүй билээ. Мөн тэтгэврийн нас нь болсон бол ажлаа өгнө гэсэн заалт ч байхгүй. Гэхдээ нэгэнт л өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учраас УИХ хуулийн дагуу 21 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой.

АТГ-ЫН ШИНЭ ДАРГА ХЭН БОЛОХ ВЭ?

АТГ-ын даргад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч санал болгож УИХ зургаан жилийн хугацаатай томилдог. Гэвч энэ байгууллагыг бүрэн эрхийн хугацаагаа дуустал удирдсан ганц ч дарга төрөөгүй байна. Анхны даргаар нь ажиллаж байсан Б.Дангаасүрэн цаг бусаар нас барсан бол хоёр дахь дарга Ч.Сангарагчаа нь албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял сонсч, чөлөөлөгдсөн байдаг. Тэгвэл гурав дахь дарга Н.Ганболд нь өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байна. Түүний гаргасан хүсэлттэй зэрэгцэн АТГ-ын шинэ даргын нэрс таамаг төдий гарч эхэлснийг тодотгоё.

Өдгөө Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж буй, өмнө нь АТГ-ын дэд дарга байсан Б.Хурцыг энэ албанд очно гэх яриа байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Билэгтийг ч АТГ-ын дарга болно гэх таамаг гарчээ. Эдгээр нь баттай мэдээлэл биш ч Б.Хурц, Б.Билэгт хоёр хоёулаа АТГ-ын даргаар ажиллах хуулийн босго, шалгуурыг хангаж байна. Авлигын эсрэг хуульд зааснаар “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг  туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” байх ёстой аж.

Р.ЧИНГИСИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?
Ийнхүү АТГ-ын даргын чөлөөлөгдөх өргөдөл, ТЕГ, ШШГЕГ-ын дарга нарын хэн нэг нь буурь сэлгэж магадгүй тухай таамагтай зэрэгцэн ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх үү гэсэн асуулт гарч ирлээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ талаар өчигдөр хэвлэлийнхэнд хандсан юм. Тэрээр “Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Зам, тээврийн сайд М.Зоригт нар бол МоАХ-ны квотоор Засгийн газарт ажиллаж байгаа. Баривчилгаа, нэгжлэгийг ЦЕГ-аас хийж байгаа. ЦЕГ-ын даргыг томилдог Ерөнхий сайд хэрэв энэ хууль бус үйлдлээ зогсоохгүй бол МоАХ-ны квотоор ажиллаж байгаа дөрвөн сайдаа манайх эргүүлэн татна гэсэн шаардлага тавьж байгаа.

ЦЕГ-ын даргын томилгоог Ерөнхий сайд өөрөө хийдэг ч одоо захирч чадахаа больчихлоо. Ерөнхий сайд “Энэ асуудлыг ЦЕГ-т тавина” гэдэг боловч юу ч өөрчлөгдсөнгүй. Энэ хооронд маш олон баривчилгаа явагдлаа. Ерөнхий сайд ЦЕГ-ын даргынхаа хууль бус үйл ажиллагааг зогсоож чадахгүй бол бид сайд нараа татаж Засгийн газрыг унагаах үйл ажиллагаа явуулахаас өөр арга алга” гэв. Түүний хэлснээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг одоо Засгийн газраа тогтвортой байлгах, эсвэл ЦЕГ-ын даргыг солих гэсэн хоёр сонголттой нүүр тулж байгаа бололтой.

 

С.ШИЙЛЭГТӨМӨР /АРДЫН ЭРХ/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.