Хусны шүүсний гайхамшиг

 

Mанайхан үнэгүй бүхэнд нугасгүй. Хөдөө гадаа явж чадахгүй, суурин ажилтай нэгэнд хусны шүүс нийлүүлдэг нэгэн бизнес хаврын цагт өрнөдөг. Учир нь энэ бизнес өрнөхийн хэрээр шүүс нь ховордох нь гарцаагүй.

Мөн энэхүү шүүсийг эмийн болон амтат ундаа, нарийн боов, шар айрагны үйлдвэрлэлд өргөн хэрэглэх болсонтой холбоотой байж болох юм.

Далий ягаан цэцгэнд “сууж”, хусны шүүс ууна гэж ярих хүмүүстэй ихээхэн таардаг. Хаврын улиралд хүмүүсийн хууч өвчин хөдөлж ядарч сульдах нь их байдаг. Тиймдээ ч тэр үү юутай ч хусны шүүсэнд явна, ууна гэсэн хүний тоо олширчээ. Үүнтэй холбогдуулан уншигч та бүхэндээ бяцхан мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Хус мод дөрөв, тавдугаар сард цэцэглэж, үр нь найм есдүгээр сард боловсорч дуусаад, өвлийн дунд үе хүртэл модноосоо унахгүй байх нь бий. Эмчилгээний практикт ихэвчлэн хусны нахиаг ашиглах ба навчийг чанаж, буцалгаад хандалж хэрэглэдэг. Хусны нахиаг хавар, ид гөлөглөж байгаа үед /навчаа хаяхаас нь өмнө/ нь түүж, хэлхээд наранд бага зэрэг хатааж эсвэл дулаан газар байлгаж нахиаг гөлөглүүлсний дараа үрийг цайруулан цохиж авч хадгална.

Цайруулж цэвэрлэсэн нахиаг 2 жил хүртэл хугацаагаар хадгалж хэрэглэж болно. Хусны нахиа нь хөлс, шээс хөөх үйлчлэлтэй дээр цөс цэвэрлэх хэрэгсэл болдог. Шээсний замын болон бөөр, усан хаван өвчнүүдийн үед нахианы ханд /1:5/-ыг хэрэглэнэ.

Хэрэглэхдээ хагас стакан буцалсан усанд 1 цайны халбага нахианы үр хийж хандлаад өдөрт 3-4 цайны халбагыг ууна. Нахианы давирхай бөөрний үйл ажиллагааг цочроох магадлалтай тул эмчийн хяналтад хэрэглэвэл зохино.
Ардын уламжлалт эмчилгээний практикт хусны нахиаг ходоодны шархлаа, үе мөчний өвчин, подагри өвчинд хэрэглэж ирсэн бөгөөд янз бүрийн шалтгаант арьсны үрэвсэлд өвчний үед цус цэвэршүүлэх зорилгоор ашигладаг.

Үүнээс гадна 7О хувийн спиртийн хольцтой хусны нахианы хандыг үе мөчний үрэвсэлт өвчин, удсан идээт шарханд ороолт хийж ашигладаг.

Хусны шүүсний ач тус

Хүмүүс хусны шүүсийг маш өргөн хэрэглэсээр байна. Хусны шүүсний үндсэн үйлчилгээ нь цинг /С эмин дэмийн дутмагшил/ -ийн эсрэг, шээс хөөх юм.
Түүнийг подагри, үе мөчний өвчин, хаван, хатигшилт, хоолойн ангин, уушгины багтраа зэрэг өвчнүүдийн үед ууж хэрэглэнэ. Мөн ханиад, ходоод гэдэс, элэг цөс гээд ер нь л бүх л өвчинд тустай. Мөн уг шүүсийг арьсны өвчинд хэрэглэж болно. Хусны шүүсийг жил бүрийн хавар цаг агаарын байдлаас шалтгаалан хусны гүйдэл эхлэхээс дуусах хугацаанд бэлтгэж авна.

Шүүсийг авахдаа модыг гэмтээхгүйгээр хусны гадна талын цагаан үйсийг хурц хутгаар 1-2 см орчим гүн зүсэж шүүсийг гоожуулан цорго, тосгуурын тусламжтайгаар тосож авна. Шүүсийг авч дууссаны дараа хусыг гэмтээхгүйн тулд цоолсон нүхийг бөглөж тосон будгаар будна.

Нэг хуснаас 2-3 литрээс их шүүс авахгүй байх нь чухал. Хэрэв хэт их шүүс авах буюу хэт гүн зүсэж модлогийг гэмтээх нүхийг бөглөхгүй шүүсийг гоожуулж орхивол уг хус үхэх учир хянуур болгоомжтой эв дүйтэй байх хэрэгтэй.

Хусны шүүсний амт чанарыг сайжруулах зорилгоор элсэн чихэр, лимоны хүчил зохих хэмжээгээр нэмж уусгана. Шүүсийг хөвөн маарлаар шүүж шилэн сав юм уу паалантай хувинд хадгална. Хусны шүүс сайхан үнэртэй, исгэлэн амттай.

Шүүсэнд сахар /О.5 – 7 %/, калийн давс, төмөр, кальци болон бусад бодис агуулагдсан байдаг.

Хусны шүүсийг эмчилгээний зориулалтаар, хүүхдэд 1ОО гр – том хүнд 200 гр -ийг өдөрт З-4 удаа, 20-30 хоногийн турш тасралтгүй уулгана. Хусны шүүс нь бие организмыг цэвэршүүлэх, сэргээх үйлчилгээтэй учир ердийн журмаар хэрэглэж болно.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан ном


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.