Автобусанд суух эрхгүй хүмүүсийг яах уу….

Хиртэж, томдсон шар өнгийн хүрэм өмссөн доголон өвгөн хуванцар сав амсраар нь цухуйсан, түнтийсэн шуудай үүрсээр буудал дээр хаалгаа нээн зогсох автобусанд дөхтөл яаруу сандруу хаалга руугаа гүйж очсон кондуктор:
-Цаашаа бай. Мөнгөгүй байж яах гэж автобусанд суух гээд байгаа юм! гэж зандраад хаалгаар цухуйсан толгойг нь түлхэв. Шатны бариулаас барьсан өвгөн мөчөө өгөлгүй, сандран:
-Мөнгө байгаа. Ганц хоёрхон буудал явна гээд шатны бариулыг тавин хүрэмнийхээ халааснаас базсан мөнгө гарган үзүүллээ. Гэвч кондуктор хайхарсангүй. Өвгөнийг түлхэж автобусны хаалганаас холдуулав.
-Мөнгө байна гэж хэлээд байхад… Би хүн биш юм уу, аан! хэмээн өвгөн үгэлсээр буудал дээр хоцров.

Автобусанд суух эрхгүй хүний нэг нь энэ доголон өвгөн. Өнгөрсөн жил нэг өдрийн дотор орон даяар хийсэн Хүн ам, орон сууцны тооллогоор Монголд мянга гаруй орон гэргүй, тэнэмэл хүмүүс байна гэсэн тоо гарсан. Гэвч үүнээс ч илүү олон хүн хог дээрээс хуванцар сав, шил гэх мэт зүйлсийг түүж, амьдардаг нь мэдээж. Улаанбаатарын гудамжинд гэхэд л цагдаагаас ч олон хог түүдэг хүмүүс харагддаг шүү дээ. Манайхан өөрсдийгөө цагдаа улс боллоо гэж байнга шүүмжилдэг ч үнэн хэрэгтээ бол Монгол цагдаа улс биш харин гудамжны тэнэмэл, бидний хэлж заншсанаар траншейны хүмүүсийн улс болсон билээ. Хэрэв та эргэлзэж байвал гудамжаар нэг явахдаа сайн ажиглаарай. Цагдаа их тааралдаж байна уу? Траншейныхан их тааралдаж байна уу? Хотын төвд л арай олон цагдаа харагдах вий. Түүнээс биш гэр хорооллын гудам, хорооллуудын гудамжаар хир даг болсон хувцастай, халтар нүүртэй хүмүүс илүү олон тааралдана. Тэд ихэвчлэн алхаж явах ба хааяа нэг автобусанд суухдаа эвгүй үнэрээсээ болж нүд үзүүрлэгдэж, заримдаа доголон өвгөн шиг хөөгдөж туугддаг.

Нийслэлийн хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн орчим орон гэргүй 35-55 насны иргэд их цуглардаг.  Тэдэнтэй очиж уулзахад бүгд л “Биднийг энэ нийгэмд гадуурхаж байна. Бид нохой биш хүн шүү дээ” хэмээн хэлцгээж байсан.

Хижээл насны нэгэн эмэгтэй “Бид хэнд ч муу зүйл хийгээгүй шүү дээ. Гэтэл биднийг байнга ад үзэх юм. Автобусанд суухад хүмүүс ам хамраа таглаад л, кондукторууд нь муухай аашилдаг. Шуудайтай юмыг минь өшиглөөд түлхэж унагаана. Ямар өмхийрчихсөн амьтад байгаа биш дээ. Бид сандал дээр суудаггүй. Шалан дээр, дугуйны бөөрөнхий дээр л суудаг, эсвэл үүдэн дээр зогсож явдаг” гэж гомдлын үгийг хэлж байсан юм.

Харин түүний хажууд зогссон залуухан хүүхэн “Заримдаа бид хонох газар олдохгүй бол орцонд хонодог. Гэтэл баян айлын атмаан банди нар согтуу орж ирчихээд хөөж тууж, зодох нь холгүй байдаг. Саяхан биднийг шөнө орцонд унтаж байхад нэг банди орж ирээд өшиглөж хөөсөн. ‘Агаа, Аниа нар нь одоохон бослоо’ гэсэн чинь ‘Хэзээ байхдаа та нар миний агаа, аниа болчихоо вэ’ ирээд л загнаж хөөсөн” гэв.

Тэд бас цагдаа нарыг надад “ховлосон” юм. Цагдаа нар араатан шиг авирладаг. Биднийг хүн гэж үздэггүй. Хүмүүст дээрэлхүүлж, зодуулчихаад цагдаа руу очихоор элдвээр доромжлоод хөөгөөд явуулчихдаг. “Наадахаа та нар өөрсдөө шийд” гээд хөөдөг хэмээн хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн орчим цуглардаг орон гэргүй хүмүүс ярьж байлаа.

“Бид чинь цагдаагаар өмгөөлүүлж, хамгаалуулах эрхтэй Монгол Улсын иргэд юм байгаа биз дээ. Гэтэл биднийг байнга гадуурхах юм. Цайны газар орж хуушуур, бууз, аяга цай авъя гэхэд ч өгдөггүй. Гар зайл гэцгээдэг. Мөнгөө үзүүлээд байхад ч гэсэн юу ч байхгүй гээд хөөдөг. Хуушуур, бууз байгаа хэрнээ бидэнд үйлчилдэггүй” гэж цайвар шар арьс нь холцруутсан, 35 орчим насны эмэгтэй ярьж байв. Тэрбээр ажил хийх хүсэлтэй гэнэ. Даанч хэн ч ажилд авдаггүй гэнэ. “Ядаж замын цэвэрлэгч, гуанзны угаагч ч болтугай хийгээд мөнгө олохыг боддог. Хажуугаар нь шил, саваа түүчихнэ шүү дээ. Бусад баячуул шиг тансаг амьдрахыг мөрөөддөггүй. Орох орон, тогтвортой ажил л байхад болно. Ядаж нэг амбаар бариад суучихвал” гэж бүсгүй хэлж байв.

Орон гэргүй хүмүүсийн дунд ажил мэргэжилтэй  хүмүүс ч байна. Дөч шүргэж яваа нэгэн эр “Бид бүгдээрээ мэргэжилтэй. Манай энэ алт мөнгөний дархан. Энэ болохоор мужаан” гэж хажуудаа суугаа өөрийн үеийн хоёр эрийг зааж байсан юм.

Тэдний дунд мөн долдугаар ангийн охинтой нэг гэр бүл байна. Гэхдээ тэд охиноо нөхрийнхөө аав ээж дээр байлгадаг гэнэ. Тэр хоёр бусдыгаа бодвол их өөдрөг. Эх орны хишгээс олгосон 63 мянган төгрөгөө охиндоо өгчихдөг гэж бахархангуй хэлээд инээмсэглэж байв. Охиныгоо өмсөж зүүхээр нь дутаадаггүй. Хэрэв Хүний хөгжил сангаас сая төгрөг авбал хамгийн түрүүнд гэр авна. Гэр оронтой болчихоод охиноо өөр дээр авна гэсэн зорилготой байгаа гэнэ.

Харин өөрийгөө 54 настай гэж танилцуулсан нэгэн хүрэн бор царайтай эр ямар ч зорилгогүй явна. “Үнэнийг хэлэхэд надад ямар ч зорилго алга. Ажил хийе гэхээр авдаггүй, олон ч удаа оролдож үзсэн. Тэгэхээр нийгэмдээ хал балгүйгээр хогоо түүгээд, олсон мөнгөөрөө өөрийгөө тэжээгээд явж байвал болоо. Би хулгай хийж, бусдад гай болохыг хүсдэггүй. Бусад хүмүүс халгаж бэргэдэг явдал сэтгэл зүйн хувьд айхтар хүнд тусдаг.  Архи уугаад явж байхдаа ч бид хэн нэгэнтэй хэрэлдэхгүй юмсан, энэ хүнээс зайгаа барих юмсан гэж боддог” хэмээн зовхи нь унжсан хонхор нүднийхээ аяганд нулимс цийлэгнүүлэн хэлсэн юм.

Үнэхээр л 54 настай эрийн хэлсэн шиг, нийгэмдээ хал балгүй хогоо түүгээд амьдарч байгаа орон гэргүй хүмүүс олон. Тэднийг бүгд л жигшэж, гадуурхсаар байвал манай нийгэм жинхэнэ утгаараа хүнлэг нийгэм болохгүй. Тиймээс эдгээр иргэдийг хийж чаддаг ажлыг нь хийлгэж амьдралыг нь дээшлүүлэх боломжийг хайх хэрэгтэй байна. Гудамжинд хог түүж, орон сууцны айлуудын хог самран шил, хуванцар сав гэх зэрэг хоёрдогч түүхий эдийг түүж байгаа нь бас л нэг ажил шүү дээ. Тиймээс дээрх иргэдээ ямар нэгэн байгууллагад харьяалуулан цалинжуулж, ажлын дүрэмт хувцастай болговол хэн хэндээ ашигтай сан. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэх сайхан үг байдаг даа.

Б.Үүлэнсолонго


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих