Наанаа иргэдээр “түрий барьж”, цаанаа тэднийг дарамталдаг “Нарантуул”-ын удирдлагууд

1461643446571ee8b618dd3“Нарантуул” Олон улсын худалдааны төвд өнгөрсөн 3 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө гал гарч, тус худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг олон хүн хохирсон.

Түрээслэгчдээс сар бүр татвар авч, тэднийг аюулгүй, байнгын ажлын байраар хангах үүрэгтэй “Нарантуул”-ын эздүүд эд бараа нь галд өртөж шатсан түрээслэгчдээс уучлалт гуйж хохиролгүй болгохын оронд тэднийг “гомдолгүй” гэж гарын үсэг зурсан тохиолдолд худалдаа эрхлэх зөвшөөрөл олгоно хэмээн ажлын байрны дарамт үзүүлж, тайван ажиллах нөхцлөөр хангаагүй байна.

Тиймээс хохирогчид УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд удаа дараа хандсаны улмаас Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Нарантуул” захад ажилласан байна.

Энэ үеэр Ж.Батзандан гишүүн монополь байдлаа ашиглан түрээслэгчдээ янз бүрээр дарамталж, ”түрээслэвэл түрээслэ чадахгүй бол зайгаа тавьж өг” хэмээн дээрэнгүй харьцдаг “Нарантуул”-ын удирдлагуудад хатуу сануулга өгч “Би төр байна. Энэ хүмүүст лангуу шийдэж өг. Танай худалдааны төвд дахин гал гарвал танай газрыг хурааж авна. Танай газрыг хураагаад өөр хүмүүст өгнө. Танайх маш их ашиг олдог юм байна. Сардаа 600 сая төгрөгийн ашиг олдог юм байна. Танайд татварын шалгалт оруулна” гэх зэргээр ярьжээ.

“Нарантуул” захын хувьд сар бүр их хэмжээний ашиг олдог ч түрээслэгчдийнхээ эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлд огтхон ч анхааралгүйгээр өдий олон жил ажиллаж ирсэн нь үнэн. Тиймээс өнгөрсөн хугацаанд “Нарантуул”-д гурван ч удаа гал гарч, их хэмжээний эд материалын хохирол учирч басхүү олон зуун түрээслэгч өвлийн хүйтнээс болж эрүүл мэндээрээ хохирсон. Гэсэн ч “Нарантуул”-ынхан энэ асуудлыг огтхон ч тоохгүйгээр үл барам олон арван сая төгрөгөөрөө хохирсон түрээслэгчдийг гомдолгүй гэж гарын үсэг зур эс бөгөөс зайгаа тавьж өг хэмээн дарамталжээ.

Түүнчлэн тэднийг өмгөөлсөн Ж.Батзанданыг “Нарантуул ОУХТ-д цагдаа, онцгой байдлын ажилтнууд, түрээсчлэгч биш, манай байгууллагатай огт хамааралгүй хүмүүсийг дагуулан ирж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хувийн компанийн ажлын байранд зөвшөөрөлгүй нэвтэрч, өөрийгөө нийт “Нарантуул” ОУХТ-ийн түрээслэгч нарыг төлөөлж ирлээ гэж телевизийн камерын өмнө сонгуулийн шоу хийсэн үйлдлээ цаашид гаргахгүй байхыг танаас хүсч байна. Нарантуул ОУХТ-ийн 15000 гаруй ажлын байранд 100 мянга орчим хүн ажил амьдралаа залгуулдаг бөгөөд бид таниас болон улсаас цалин, тэтгэмж нэхдэггүй бор зүрхээрээ яваа, Монгол Улсын иргэд. Та бидний ажил амьдралаа залгуулдаг ажлын байрыг хураан авч хэнд өгөх гээд байгааг мэдэхгүй ч, танаас ийм үйл ажиллагаа явуулахгүй байхыг, бор зүрхээрээ амьдралаа залгуулж яваа ядарсан иргэдийн нэрийг барьж сонгуулийн шоу хийхгүй байхыг хүсч байна. Хэрвээ бидний мэдэгдлийг үл ойшоож, бидний ажлын байрыг хэн нэгэн түрээслэгч биш этгээдэд, өөр хүмүүс авч өгөхийг санаархсан үйл ажиллагаа явуулбал бид хатуу тэмцэх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна” хэмээн “Нарантуул”-ын хохирсон түрээслэгчид бус өөр түрээслэгчид, магадгүй огт хамааралгүй хүмүүс байж болох хүмүүсийн гарыг үсэг цуглуулсан мэдэгдэл хүргүүлжээ. 

Түүнчлэн бараа материал нь шатаагүй хохирогчдын дунд манай “Нарантуул”-ыг хураан авах гэж байна хэмээн цуурхал тараан хүмүүсээс гарын үсэг цуглуулсан ч байж мэдэх гэнэ.

Ийнхүү наанаа ядарсан түрээслэгчдээр түрий барьж цаанаа тэднийг байнгын дарамталдаг, төрөөс том авирладаг, Олон улсын худалдааны төв хэмээх сүржин нэртэй хамгийн хүнд нөхцөлд ажиллуулдаг “Нарантуул” захад хэзээ нэг иргэд эрүүл, аюулгүй ажиллаж, үйлчлүүлэх юм бол доо.

 

Төгс


URL:

Сэтгэгдэл бичих