Эзэддээ халгаатай ЭЗЭНГҮЙ БАРИЛГУУД

a86ab3_2791_x678Төрөөс сүүлийн жилүүдэд барилгын компаниудад их хэмжээний хөнгөлттэй зээл өгч, нөгөө талаас ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр барилгын зах зээлийг их хэмжээгээр тэлсэн билээ. Хөрөнгөтэй гэж тооцож болох Монголын томоохон компаниуд бүгд энэ салбарт хүчээ сорьж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь эргээд өөрсдөд нь хавх бэлдэж өглөө. Эдийн засаг их хэмжээгээр хумигдаж, энэ хэрээр борлуулалт зогсонги байдалд орж, компаниуд мөнгөө энэ салбарт түгжээд байна. Өөрсдийн хөрөнгийн эх үүсвэр болон арилжааны өндөр хүүтэй зээл авч барилга барьсан компаниуд “Эдийн засаг сайжирна хэмээн итгэж хэдэн жилээр барилгаа хав дарж суух уу, эсвэл зээлээ төлж чадахгүйд хүрч хөрөнгөө банк эсвэл зээлдэгчдээ алдах уу” гэсэн ацан шалаанд ороод буйг барилгын компаниудын төлөөлөл өчигдөр Барилга, хот байгуулалтын яаманд болсон уулзалтын үеэр уламжилсан.

Монгол банкны холбоо болон банкуудын төлөөлөл, барилгын компаниуд, яамны төлөөлөл энэ уулзалтад оролцож, салбарт үүсээд буй хүндрэлээс гарах ямар боломж байгааг хэлэлцэв. Компаниудын зүгээс Хөгжлийн банкнаас авсан зээлийн хугацааг сунгаж өгөх, тав, найман хувийн ипотекийн зээлийг олгоход бодлогын дэмжлэг үзүүлэх боломж буй эсэхийг яамнаасаа тодруулсан. Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Болортуяа “Барилгын компаниудын байрны урьдчилгаа төлбөрийн 20 хувийг банкуудад байршуулснаар тав, найман хувийн хүүтэй зээлд хамрагдах ямар боломж байгааг бид судалж байна” хэмээв. Их хэмжээний зээлийн дарамтад орсон, орлого нь тэг рүү дөхөөд буй барилгын компаниуд энэ хэмжээний мөнгийг банкинд 16- 20 жил байршуулна гэдэг итгэхэд бэрх сонсогдож байгаа юм.

Улстөрийн шийдлийн үүднээс харвал төрөөс ипотекийн зээлийг хүүг тав, найман хувиар нь олгож, зөрүүг Монголбанк эх үүсвэрээсээ гаргасаар байж болох ч эдийн засгийн нөхцөл байдлаа харвал энэ арга удаан оршин тогтнохгүй. Нөгөө талаас 30 хувийн урьдчилгаагаа төлж найман хувийн хүүтэй орон сууцны зээл авах чадамжтай иргэдийн тоо ханасан болохыг зарим компанийн төлөөлөл хэлсэн. Орон сууцны зээддэгчийн тоо 2010 оноос хойш тав дахин өсчээ. МИК-ийн мэдээлж байгаагаар, ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг 2013 оны зургаадугаар сард олгож эхэлснээс хойш 78000 орчим өрх авчээ. Нэг өрх дунджаар 49 сая төгрөгийн зээлийг 16.6 жилийн хугацаатайгаар авсан байна.

Эрх барьж буй Ардчилсан намын зүгээс шинэ суурьшлийн бүсэд таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг сонгуулийнхаа гол “хөзөр” болгож буйг зарим судлаач хэлж байна. Тиймээс эдийн засаг хүндэрч буйг үл ажран ипотекийн санхүүжилтийн системээ сонгууль дуустал үргэлжлүүлэхээр шийдсэн бололтой. Засгийн газар, Монголбанктай хамтарч өнгөрсөн сард тав, найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрт 240 тэрбум төгрөг гаргаж өгснийг Монголын барилгын үндэсний ассоциацийн тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан саяхан болсон “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ий үеэр онцолсон.

Энэ зээлийг арав гаруй банкуудад хуваан байршуулсан бөгөөд тав, найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зарцуулж байна. Ипотекийн зээл олголт 2010 оноос хойш тасралтгүй өсөн нэмэгдсээр 2013 оны эцсээр хоёр их наяд төгрөгт хүрсэн бол 2015 оны сүүлээр 3.4 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм байна. Одоогоор арилжааны банкууд 78 мянган хүнд 3.3 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг олгоод буй. Иргэд орон сууц худалдан авахаар зээлд хамрагдаж буй нь эрүүл хандлага ч нөгөө талаас зээлийн чанар муудаж эхэлбэл асуудал үүснэ. Хэрэглээнийхээ зардлаа дийлэхгүй байгаа иргэд цалин болон ипотекийн зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсэх магадлалтай байна.

Хөдөлмөрийн зах зээл хумигдаж, иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаагаас зээлийн эргэн төлөлт ч хүндэрч эхэлжээ. ҮСХ-ны эхний гурван сарын мэдээгээр банкны системийн нийг зээлийн 43 хувийг барилгын салбар эзэлж байгаа бол хугацаа хэтэрсэн зээл энэ оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 72.9 хувь, чанаргүй зээл 37.7 хувиар өссөн байна. Түүнчлэн чанаргүй зээлд иргэдийн авсан зээлийн эзлэх хувь жил дараалан өсөх хандлага ажиглагдаж эхэллээ. Тодруулбал, энэ тоо 2014 онд 10.3, 2015 онд 14.3 хувьтай дүйж байсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар чанаргүй зээдд иргэдийн зээлийн эзлэх хувь 15 хувьтай тэнцээд байна. Ойрын 3-4 жилд эдийн засаг сэргэх хандлага ажиглагдахгүй болохыг эдийн засагчид хэлж буй. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн борлуулалт өсөхгүй, зогсонги байдал улам даамжирч, барилгын компаниуд төлж чадахгүйд хүрвэл, банкууд барилгыг нь хурааж аваад үнийг нь 40 хүртэлх хувиар унагаж зарах нөхцөл үүсэх магадлалтайг эдийн засагч Д.Жаргалсайхан нийтлэлдээ онцолжээ.

“Улстөрийн агуулгатай бодлого яваад байгаа болохоор сонгуулийн өмнө барилгын салбарын асуудалд шийдэл гаргахад хэцүү. Сонгуулийн дараа барилгын компаниуд, банкны төлөөллийг нэгтгэж байгаад энэ асуудлыг ярилцаж, шийдэл олох хэрэгтэй” хэмээн үзэж буйгаа зарим компанийн төлөөлөл тус хурлын үеэр илэрхийлсэн.

2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал АНУ дахь хувийн орон сууцны үнэ цэнэ бодит байдлаасаа илүү бичигдэж явсан нь санхүүгийн хоёрдогч зах зээл дээрх үнэлгээ болон эрсдлийн тооцоо бодит байдлаас илүү бичигдэж, зөрүүтэй байснаас санхүүгийн хямрал бий болсон гэж эдийн засагчид үздэг. АНУ 2000 оноос бага орлоготой иргэдийг хувийн орон сууцтай болгох урт хугацааны хөнгөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь ийнхүү хямралын үндэс болсон. Нөгөө талаас 2007 оны сүүлч 2008 оны эхээр өрхүүд зээлээр авсан байрныхаа сарын төлбөрийг хийж чадахаа больж, банкуудад буцаан өгсөн нь үнийг давхар унагахад нөлөөлсөн байна. 2009 оны дөрөвдүгээр сар гэхэд АНУ-д хувийн орон сууцны мөнгөн үнэлгээ гуравны нэгээр унасан нь орон сууц эзэмшигчдийн хөрөнгийг даруй зургаан триллион ам.доллараар багасгаж байжээ. Цаашлаад иргэд нь дунжаар 300 мянган ам.долларын өртөгтэй долоон сая байшингийн төлбөрөө хийж чадахаа больсон нь банк, санхүүгийн системд нь 2.1 триллион ам.долларын алдагдлыг бий болгосон. Дээр нь иргэдийн эргэн төлж дийлэхээ больсон зээлийн картны өр, оюутны сургалтын төлбөр, машины зээлийн төлбөр нийлээд 10-12 трилион ам.долларын алдагдал дагуулсан нь дэлхийн санхүүгийн хямралыг үүсгэх эхийг тавьж байсан. Бидэнд энэ хэмжээний том хохирол учрахгүй ч барилгын салбарт гацсан их хэмжээний хөрөнгө банкны системд сөргөөр нөлөөлж, чанаргүй зээл бий болох эрсдэл бийг эдийн засагчид сануулж байна. Дээр нь банкны системийн чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл 2009 оньг хямралын үеийг давж очсон нь эдийн засагт өгч буй том дохио билээ.

 

 

Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: НИЙСЛИЙН АРДЧИЛСАН НАМ Огноо: 28 April 2016

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих