“Урт цагаан”-ы ойр орчимд иргэдийн эмх замбараагүй байдал үүссэн хэвээрээ байна

146217864757271357ae83cУлс оронд их олон үйл явдал өрнөөстэй байна. Сонгууль дөхөөд ч тэрүү, эсвэл хаврын синдром гэдэг нь эхлээ юу, ямартаа ч гадуур янз бүрийн л үйл явдал арвинтай байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд чинээлэг байрын согтуу залуус хотын гудамжаар 10, 20 мянгатын дэвсгэрээр иргэдийн гар дээр бороо оруулсан юм байх. Гэтэл Урт цагааны ойр орчмоор “1072 хувьцаагаа заръя” гэсэн хүн сүрэг бэлчиж, холхилдсоор байгаа аж.

Иргэдийн эмх замбараагүй байдал, хий хоосон ярианы үр дүнд брокер деллерийн пүүст хувьцаатай болох эрх үүссэн иргэд хувьцаагаа зарчихаж магадгүй, мөнгөтэй болчихож магадгүй хэмээн бөөгнөрөлдөж шамбааралдахаас өөр ямар ч үр ашиггүй өнжив. “Тавантолгойгоос хүртэх 1072 хувьцааг худалдаж зарж байна” гэсэн мэдээлэлээр тэд цуглаж, өөрийн эзэмшлийн хувьцаагаа бусдад зарах гэсэн оролдлого хийж эхлээд олон хоног болов. Угтаа бол хувьцааг зарах эрх төрөөс нээгдээгүй гэдгийг албаныхан олон нийтэд хандаж мэдээлсэн ч тэд ойлгохгүй, өнөөдрийг хүртэл яах гээд байгаа нь мэдэгдэхгүй цугларсаар байна. Гэвч тэдэнд хувьцаагаа зарж, гар дээрээ 800 мянгаас нэг сая хүртэлх төгрөг авсан хүн нэг ч байхгүй байгаа юм. Тэгсэн хэрнээ л “Хувьцаагаа зарчих юмсан, авч байгаа хүмүүс байна уу. Нууцаар аваад байгаа юм бишүү, хаана байна, эрэн сурвалжилж олоод тэгээд заръя” гэх зэргээр бие биенээсээ л сураглаж, дам дамаа ам дамжсан яриа нь хувьцааны асуудлаар иргэдийг нэг цэгт аваачин цуглуулаад байгаа бололтой.

Үнэндээ бол хувьцаа зарагдахгүй, зарахгүй, зарах боломж байхгүй гэдгийг албаныхан, цагдаагийн байгууллагаас хариуцлагатайгаар мэдэгдсэн шүү дээ. Яасан юм ойлгодоггүй хүмүүс бэ. Ийм мэдээллийг сонссон, авсан бол Урт цагааны ойр орчмыг орхиоч, тараач ээ, хий хоосон хүмүүсийн бөөгнөрөл үүсгэж, дэмий цаг заваа үрж, бусдыгаа буруу зүйлд уруу татаад байх юмаа.

Мөн түүнээс гадна Чингэлтэй дүүргийн гуравдугаар сургуулийн орчмоор сэжиг бүхий маск зүүсэн ахимаг насны эмэгтэйчүүд олноор хөлхөлдөж байна. Тэд Урт цагааны орчмоор ч бас яваад байгаа юм гэсэн иргэдийн мэдээлэл байгаа юм. Нөгөө талаар иргэд олноор цугларсан газар халаасны хулгайчид ажлаа хийгээд байна. Хулгайд эд зүйлсээ алдсан иргэд цөөнгүй бий. Уржигдар орой гэхэд бас хүмүүсийн бөөгнөрөл, эмх замбараагүй байдал бий болжээ. Тухайлбал, цахим хуудсанд нэгэн иргэн “ЭНЭ ЧИНЬ ЮУ БОЛЖ БАЙНА АА!!Цочирдмоор бас эмзэглэхгүй байхын аргагүй өнөөгийн нийгмийн өнгө төрх. Монголчууд бид арай ийм дээрээ тулсан гэж бодсонгүй.

УРТ ЦАГААНЫ ДЭРГЭДҮҮР ӨНГӨРТӨЛ ХУВЬЦАА АВАХ УУ ГЭСЭН ХҮН СҮРЭГ МАШИНЫ ТАЛ ТАЛААС ДАЙРЧ БҮР ОРЖ ИРЭЭД СУУЧИХЛАА. АРАЙ ГЭЖ ГУЙЖ БУУЛГААД ХӨДӨЛТӨЛ ХЭДЭН МАШИН ХЭСЭГ ДАГаж МУУР ХУЛГАНА БОЛЖ ТОГЛОЛОО. ХОЛБОГДОХ АЛБАНЫХАН НИЙГМИЙН ЭМХ ЗАМБАРААГҮЙ ҮЗЭГДЭЛ ГАЗАР АВАХААС НЬ ӨМНӨ ТАЙЛБАР ХИЙЖ ТАРААХГҮЙ БОЛ ЮУ Ч БОЛЖ МЭДЭХ Нь” гэж бичжээ. Энэ талаар өөрөөс нь тодруулахад “Уржигдар болсон зүйл. Маш олон хүн байсан. Тэгээд цагдаагийн хэлтэст тэмдэглүүлсэн. Элдэв замбараагүй үйл явдал болж магадгүй байна лээ. Цагдаа ирсэн хэрнээ ч шууд тарааж чадахгүй байгаа юм билээ. Эргүүлийн цагдаа нар ажиглах төдий л байна гэж тэнд байсан иргэд ярьсан. Уг нь бол хувьцаа авах үндэслэл юу ч байхгүй. Гудамжнаас хувьцаа худалдаж авна гэж юу байсан юм. Дэлхий дээр ч тийм зүйл байхгүй. Хувьцаа авчихаач ахаа гээд гуйгаад нэлээн дагасан. Ямар зорилгоор ийм хоосон яриа гаргаж иргэдийг олноор нь өдөр шөнөгүй тэнд цуглуулах ажиллагаа хийгдэж байгааг холбогдох албаныхан судалж тогтоосон байлгүй дээ. Далд зохион байгуулалттай гэмт хэрэг мэт харагдаад байна” гэлээ.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих