Төрийн мөнгөөр Бидон тараажээ

483f9216a883d87c5d14252409954baa2015 онд УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нь Баянхонгор аймгийн Алдарт эхийн I, II одонтой эхчүүд болон иргэд, албан байгууллагын дарга нарт бидон тараасан тухай мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа цацагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл энэ нь гишүүний хувийн хөрөнгөөр бус төсвийн мөнгөөр бидон, шанага авч, сонгогчдодоо тараасан дээрх үйлдлийг холбогдох нотлох баримтуудын хамт хууль зүйн үүднээс шинжлэн үзэхэд хэд хэдэн хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн гэж хардах үндэслэлтэй байгаа юм.

Төрийн мөнгөөр Бидон тараажээ

“Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” гэж нэг үг байдаг. Үнэхээр УИХ-ын гишүүн хувийнхаа компанийн мөнгөөр бидон аваад тараасан бол өөр хэрэг. Гэтэл төсвийн бүхэл бүтэн 1.0 тэрбум төгрөгөөр бидон авч, сонгогчдодоо тараасан нь УИХ-ын гишүүн Д.Ганбатын ХААГазрын дарга Д.Энхжаргалд явуулсан 2014 оны 12 сарын 15-ын өдрийн 10/9727 тоот, “Төсөл хэрэгжүүлэх тухай” бичиг, мөн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С.Чойноров-т 2014 оны 12-р сарын 24 өдрийн 10/10045 тоот “Төсөл санхүүжүүлэх тухай”, УИХ-ын гишүүн Г.Баярсайханы Хөдөлмөрийн яам болон Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хандан явуулсан 2014.09.02 өдрийн №5/6095 тоот “Хүсэлт уламжлах тухай” албан бичгээс тус тус харагдаж байна.

Тодруулан хэлбэл албан бичигт “Төслийг хэрэгжүүлэхээр Баянхонгор аймаг, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв хэрэгжүүлж байна. Төслийг хэрэгжүүлэх байгууллага нь Өсөх үе ХХК, Ти Ай Ложистик ХХК, Мебат ХХК, Хан Теч ХХК, Техник Импорт ХК байна. Энэ төслийг хэрэгжүүлэхийг дэмжинэ үү.” гэсэн агуулга бүхий бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6-р зүйлийн 6.1 дэх заалтад заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчихийг Төрийн захиргааны байгууллагаас шаардсан, тендер шалгаруулалт зарлалгүй нэр дурдсан гүйцэтгэгчдийг шууд сонгохыг үүрэгдсэн, хууль бус үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

Гэтэл энэхүү 1.0 тэрбум төгрөг нь шинээр ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зориулалтайгаар төсвөөс гаргасан хөрөнгө байсан аж. Харамсалтай энэ нь 20-40 литрийн бидон болж хувирсан төдийгүй үүнийгээ УИХ-ын гишүүн одоогийн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай нийлж Баянхонгор аймаг болон Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлсэн. Бидон тарааснаар шинэ ажлын байр бий болж, иргэдийн орлого нэмэгддэг гэдэгт эргэлзэж байна. Тэгэхээр энэ нь өөрөө төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан ноцтой үзэгдэл болж байна.

Тэрбум төгрөгийг Тендергүй авсан зоригтон

Дараагийн нэг ноцтой зөрчил нь төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр аливаа бараа, үйчилгээг худалдан авахдаа заавал сонгон шалгаруулалт буюу тендер зарлах ёстой. Гэтэл бидон санхүүжүүлсэн энэ 1.0 тэрбум төгрөгийг ямар ч тендер зарлалгүй нэр бүхий 5 аж ахуй нэгжид Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн дарга С.Чойноров, УИХ-ын гишүүн Д.Ганбатын 2014 оны 12-р сарын 24 өдрийн 10/10045 тоот “Төсөл санхүүжүүлэх тухай” албан бичиг болон Хөдөлмөрийн сайдын 2014 оны А/191 тоот тушаалд үндэслэн санхүүжилт олгосон байгаа нь хууль зөрчсөн бүүр ч ноцтой асуудал гэж үзэж байна.

УИХ гишүүн Д.Ганбат Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С.Чойноровт хандсан албан бичигтээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу нээлттэй тендер шалгаруулах шаардлагагүй бөгөөд биднээс явуулсан албан бичгүүдийг үндэслэн Өсөх үе ХХК, Ти Ай Ложистик ХХК, Мебат ХХК, Хан Теч ХХК, Техник Импорт ХК-тай шууд гэрээ байгуулж, санхүүжилтийг олгож өгнө үү. Уг төслүүдийг хэрэгжүүлэх аж ахуй нэгжийн дунд нээлттэй тендер шалгаруулах шаардлагагүй бөгөөд асуудал үүсвэл УИХ гишүүн Д.Ганбат миний бие бүрэн хариуцах болно. Санхүүжилтийг яаралтай шийднэ үү” гэсэн албан бичгийг явуулан, тус албан бичгийг явуулсан өдөрт нь багтаан Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирлын 2014.12.24 өдрийн Дугаар А/96 тоот “Гэрээний санхүүжилт хийх тухай” тушаал батлагдан гарч Нэг тэрбум төгрөгийг салбарын төвлөрсөн хөрөнгөнөөс гаргахыг тушаасан байна. Тус үйлдэл нь Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримлах босго үнэ”-г баримтлаагүй, ТБОНӨХБАҮХАТХ-ийн 17-р зүйлд заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалт явуулаагүй, шууд гэрээ байгуулсан байх магадлалтай байна. Ямар тохиолдолд гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх талаар ТБОНӨХБАҮХАТХ-н 34-р зүйлд тодорхой заасан байдаг бөгөөд УИХ-н гишүүнээс ирүүлсэн албан бичгийг үндэслэнэ гэсэн агуулга бүхий нэг ч заалт байхгүй юм.

Энэ 5 аж ахуй нэгжийн дотор Д.Ганбат гишүүний өөрийнх нь “Техник Импорт” ХК байгаа нь “Монгол улсын Эрүүгийн хууль”, “Авлигын эсрэг хууль” “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” Нийтийн ашиг сонирхолын тухай хууль-ийг зөрчсөн гэж үзэн байна.

1 тэрбум төгрөгөөр

25000 ширхэг бидон худалдан авах боломжтой

Хүн бүрт хардах эрх бий. УИХ-ын гишүүн Д.Ганбатын тараасан бидоны зах зээлийн ханшаар тооцвол 1 тэрбум төгрөгөөр 25000 ширхэг бидон буюу Баянхонгор аймгийн бүх өрхөд 1 бидон оногдохоор байна. Харин бодит байдал дээрээ айл бүрт бидон өгөөгүй. Тэгэхээр Д.Ганбат гишүүн төсвийн хөрөнгөөр авсан нэг тэрбум төгрөгөө бүгдийг нь сав суулганд зарцуулаагүй нь ойлгомжтой. Магадгүй бидон нэрээр халхавчилан төрийн мөнгийг завшсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Бид хардах эрхтэй. Учир нь өнөөдрийг хүртэл тэд хөдөлмөрийн салбарын төвлөрсөн хөрөнгөөс авсан нэг тэрбум төгрөгөө хэрхэн зарцуулсан тухайгаа тайлагнаагүй байгаа юм. Төсвийн хөрөнгөөр хийсэн бүх ажил ил тод нээлттэй, зарцуулалт нь тодорхой байх хуультай.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Г.Баярсайхан нарын дээрх үйлдлүүд нь дараах хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэн, шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаад байгаа юм. Үүнд:

1. УИХ-ын тухай хуулийн 37-р зүйл “УИХ гишүүнд хориглох үйл ажиллагаа”

Тус зүйлийн 37.1 дэх заалтын 37.1.4 “гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан ……………………… бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 37.1.7 хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх; 37.1.8 “гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэх”

2. Авлигын эсрэг хуулийн 7-р зүйл “Хориглох зүйл”

7.1.6 албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263-р зүйл, 264-р зүйл.

263-р зүйл “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”

263.2 “Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эхсүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Гэсэн заалт

264-р зүйл “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх”

264.2 “Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх талтай гэж үзэж байна.

Цаашилбал гэрээг шууд байгуулахаар албан бичигт заагдсан компаниуд нь УИХ гишүүн Д.Ганбат, Г.Баярсайхан нартай ямар холбоогоор холбогдож байгаа, авлига, хээл хахуул, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар хуулийн байгууллага нарийвчлан хянаж, шалгах шаардлагатай байгаа юм.

Монгол оронд өнөөдөр ажилгүйдэл, ядуурал хэрээс хэтэрч, ядарсан нэгэн нь хоногийн хоолоо арай чамай залгуулан, залуучууд нь ажил олдохгүй, арга ядахдаа олон мянгаараа гадаадын улсыг зорих болсныг бид бүгдээрээ харж байна. Ард түмний амьдрал ийм байхад 1 тэрбум төгрөгөөр зүгээр л гараа угаагаад сууж байдаг төрийн түшээдтэй байгаадаа харамсаж байна. 1 тэрбум төгрөгийг үр ашигтай зарцуулсан бол олон арван жижиг бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр бий болгох, цаашлаад жижиг бизнес эрхлэгчид орлого олж амьжиргаагаа нэмэгдүүлэн амьдрал ахуйгаа өөд нь татах, олсон орлогоосоо улс эх орондоо татвар төлөх гэх мэт ажлууд хийгдэх байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.