Засаг задлагсад буюу “баланд шунасан” эрвээхэйнүүд

3476

Эвсэл задрах нь тодорхой боллоо. Учир нь одоо УИХ-д “Шударга ёс” эвслийн бүлгийг бүрдүүлэх хэмжээний гишүүд байхгүй байна. УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар эвслийн бүлгийг орхих үед тэдний араас нэг хүн л дагавал эвсэл задарнахэмээн өмнө нь мэдээлж байв.

 

Гэтэл нэг бус нэлээд хэдэн хүн дагаж эхэллээ. Тухайлбал, өчигдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч, МАН-д элсч байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр тэд эвслийн бүлгийг орхиж байгаа юм. Шалтгаанаа ичиж санаа зоволгүйгээр “ирэх сонгуульд ялалт байгуулах хүсэлтэй байгаа” гээд л хэлчихсэн. Нялуунаас шулуун нь дээр л дээ. Ер нь нам сольж байгаа нөхдүүд ирэх сонгуульд амжилттай оролцохын тулд л ийм шийдвэр гаргадаг гэдгийг хоёр гишүүний үг, үйлдлээс харагдав. Хаана ямар ашиг сонирхол байна тэнд л гүйж очдог нь улс төрч хүний чинхүү итгэл үнэмшил юм хойно доо.

 

Тэгсэн намаа орхиж, угшлаа сэргээх хүсэлтээ өгсөн хоёр гишүүний араас МАХН-ын нарийн бичгийн дарга Н.Удвал “Айлын эхнэртэй хоноглочихоод авааль эхнэр дээрээ ичингүйрэн очиж буй завхай эр шиг. УИХ дахь бүлгийг эрх зүйн чадамжгүй болгож, ачийг бачаар хариуллаа. Цэцгэнд төөрсөн эрвээхэй шиг аль амттай балыг хүртэхийн тулд шунадаг хүмүүс байж дээ. Жудаггүй, зарчимгүй улс төр ийм буюу” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Тэгвэл ”цэцгийн амттай бал”-нд шунагчдыгаа Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн М.Сономпил нар дагахаар болсон тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Бүр МҮАН-аас гарч, АН-д элсэх тухай тохироо хийсэн ч гэх мэдээлэл байна. Тэдний хувьд мөн л ирээдүйгээ, маргаашхан болох гэж буй сонгуулийн үр дүнд санаа нь зовинож, ийм шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжтой биз.

Ингэж байтал хамаг боломжоо алдчихсан “тавхан хоногийн настай” эвслийн бүлгийн шинэхэн дарга О.Баасанхүү намаа орхиж, МАН-д элсэхээр болсон тухай мэдээлэл чих дэлсэв. Ямар тохироо хийгдсэн юм бол доо, хөөрхий. “Түүнд уг нь бүх юм байсан. Гэвч хэзээ ч авч чадаагүй” гэдэг шиг Г.Уянга, Л.Цог нарыг бүлгээ орхиж байхад О.Баасанхүүд Засгийн газрын хувь заяаг шийдвэрлэх томоохон “боломж” бий болсон байдаг ч “заяагүй” тэрээр намдаа үнэнчээ баталж, шагналд нь тав хоногийн визтэй бүлгийн дарга л болох шив.

Тэгсэн одоо яасан. Гэнэт л ухаарсан ч юм уу ямартай ч нөгөө хэдээ дагаж, намаа орхихоор болж. Гэвч даанч оройтсон, үнэ цэнээ алдсан шийдвэр юм даа. Харин тэднийг цэцгийн баланд шунаж байх хооронд Засгийн газрын минь хувь заяа аль хэдийнэ ганхаад эхэллээ. АН-тай хамтарсан “Шударга ёс” бүлэг гэж байхгүй болчихоор асуудал ундарч, бүрэн эрх нь ганхахаас ч аргагүй юм.

Уг нь сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдчихээд байдаг. Гэтэл нэгэнтээ хамтрагчаа алдчихсан учраас “үүрэг гүйцэтгэгч”-ийн үүрэгтэй Засгийн газар л энэ хугацаанд дэнжигнэх нь. Харин нэгэн цагт Н.Энхбаяр “хайр зарлаж” туган дор нь нэгдэж байсан хүмүүс өнөөдөр “хэлэх үг, хийх үйлдлээ хэн нэгнээр заалгадаг улс төрч биш” гэж томроод л засаг төрийг самарч орхичихоод л “ард түмэндээ хайртай” гэдэг мөрийн хөтөлбөрөө бариад л тойрог руугаа явцгаах нь байна. Энэ хооронд улсын чухал асуудал “гацна уу, ээрнэ үү” тэдэнд лав падлий алга даа.

 

 

А.Аюуш

 


URL:

Нэр: ззочин Огноо: 5 May 2016

Ураач шарваач Жамухуудыг сонссоор байаад ой гутаж огуйдас хүрч байна Бид ямар хүмүүсээр УИХ-аа бүрдүүлж байсанаа бодохоор л хэлэх үг алга . Урвагч шарвагч нарыг дахин монголын улс төрд оруулах юм биш шүү ард түмэн минь. Нэг л их ард түмнээ бодож шудрага царайлж хоёр нүүр гаргасан улс. Мэргэжлийн ёс зүйтэй үнэнч шудрага ураж шарваад байдаггүй хүмүүсийг сонгохыг бодох хэрэгтэй байна шүү улс орны уруудан доройтож мөхөж байгаа нь хоёр нүүртэй хувийн эрх ашигаа эхэнд тавьсан эдгээр хүн сүгнүүдээс болж байна.

Сэтгэгдэл бичих