“Монгол Улс одоо Ази дахь Грек болоод байна”

mongolia1

НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссоос тус бүсийн орнуудад хийсэн судалгааг өчигдөр танилцууллаа. Олон улс оронд тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн энэ үед тус бүс нутгийн улсууд хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэж байж л эдийн засгийн өсөлт сэргэнэ гэж үзэж байгаа аж. Үүний тулд зорилтот санхүүгийн зарцуулалтыг нэмэгдүүлэх, чадвар чадавхийг дээшлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг сайжруулахыг цохон тэмдэглэж буй юм. Энэ нь манай улсад ч хамаатай билээ.

 

Эдийн засгийн сүүлийн үеийн удаашралын тавны нэг хувь нь бүтээмжийн өсөлт саарсантай холбоотой байгааг уг судалгаагаар тогтоожээ. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийн дундаж төвшин 2005-2007 онд 9.4 хувь байсан бол өнгөрсөн онд 4.6 хувь болж буурсан байна. НҮБ-ын дэд ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Шамшад Ахтар “Цалин хөлсийг тогтмолжуулж, нэмэгдүүлэх нь ядуурал, тэгш бус байдлыг арилгах, дотоодын эрэлт хэрэгцээг дэмжихэд шийдвэрлэх ач холбогдолтой. Гэвч эцэстээ бүтээмжийн өсөлтөөс л бүх зүйл хамаарна” гэсэн юм. Монгол Улсын хувьд ирэх оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэхээ мэдэгдээд байгаа. Бүс нутгийн эдийн засгийн өсөлт удааширч, бүтээмж саарч, тэгш бус байдал нэмэгдэж байгаа энэ үед тодорхой бус байдал биднийг угтаж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд хамгийн хүнд үе одоо ирж буй учраас сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй аж.

 

Экспортод түшиглэсэн эдийн засгийн өсөлт цаашид ч сулрах хандлагатай. Энэ нь аж үйлдвэржсэн орнуудын эдийн засаг төдийлөн сайнгүй байгаатай холбоотой юм. БНХАУ зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн нийт эрэлт буурч, эдийн засаг удааширсан. Мөн бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээг өмнөд хөршид авсаар байгаа билээ. Энэ мэтчилэн дэлхийн санхүү, түүхий эдийн зах зээлийн эргэлтэд гарсан гэнэтийн өөрчлөлт, макро эдийн засаг дахь эрсдэл нь нэгдэж, тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байгаа юм.

 

Иймэрхүү шинэ сорилт, бэрхшээл гарч ирсээр байгаа ч бүсийн эдийн засгийн төлөв байдал ерөнхийдөө тогтвортой байна гэж уг судалгаагаар үзээд энэ онд тус бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын эдийн засаг багахан хувиар буюу 4.8, ирэх онд тав хүртэлх хувиар өснө гэж тооцоолжээ.

 

Түүнчлэн тус бүс нутагт ядуурлыг бууруулах үйл явц удааширч, инфляцийн төвшин бага буюу хоёр хувьтай байгаа хэдий ч санхүүгийн тогтворгүй байдал, хөрөнгийн гадагш чиглэсэн урсгал зэрэг нь мөнгөний бодлогод арга хэмжээ авах нөхцлийг хүндрүүлж байгаа аж. Зарим улс оронд сүүлийн жилүүдэд өрх, ах ахуйн нэгжүүд зээл авах нь эрс нэмэгдсэний улмаас иргэд, хувийн хэвшлийнхэн их хэмжээний зээлтэй болоод байна. Доктор Ч.Хашчулуун “Ази, Номхон далайн бүс нутагт нийт эдийн засаг дахь өрийн хэмжээ буурч байхад манай улсад эсрэгээрээ өсч байгаа. Хуулиараа ДНБ-ий 58 хувиас өр хэтрэх ёсгүй ч тооцоолоогүй өр гарч ирсээр байна. Саяхан гэхэд л “Эрдэнэс Монгол” компани Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам.доллар зээлсэн. Тиймээс бид одоо эдийн засгийн хувьд хамгийн хүнд үедээ орж байна гэдэгтээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Зүйрлүүлж хэлбэл, манай улс одоо Ази дахь Грек болоод байна” гэв.

 

Харин уг судалгаанаас гарсан зөвлөмжид “Хүн амын тэн хагасаас илүү хувь нь хөдөө, орон нутагт амьдардаг, 10 ажилчны дөрөв нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг тус бүс нутагт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг идэвхжүүлэн дэмжиж, хот хөдөөгийн уялдаа холбоог бэхжүүлэх нь зүйтэй” гэж үзжээ. Ингэхээр хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн бүтээмжийн асуудал хөндөгдөх нь гарцаагүй. Манай улсын хувьд энэ нь нэлээд хурц сэдэв болно. Сонгуулиар санал авахад жинтэй хувийг эзэлдэг малчидтай бүтээмж ярьж “томрох” улстөрчид одоохондоо төрөөгүй байна. Гэтэл хөдөө аж ахуйн бүтээмжит байдлыг багахан хувиар нэмэгдүүлэхэд л 2030 он гэхэд 110 сая хүнийг ядуурлаас ангижруулах боломжтой гэдгийг уг судалгаанд дурджээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Г.ГАНЧИМЭГ


URL:

Нэр: Marcelo Acosto Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих