Шоовдорлогдсон Өвөрхангай

1462501984572c02602e94cАавын хөвгүүдэд алаг булаггүй нь сайхан гэж ардын зүйр үгэнд байдаг даа. Улс орон, засаг төрөө эцэг эхийн их өргөө гэвэл 18 аймаг нь аргагүй л түүний адил өсөж хөгжсөн үр хүүхэд, өрх гэрүүд нь билээ. Би энд аймгийн статустай 3 хотыг оруулаагүй. Тэдэнтэй барьцах ч үгүй.

Харин Монгол төрийн гал голомт, Монгол нутгийн төв хүйс Өвөрхангай аймаг маань нэг л юман дээр шоовдорлогдоод байх юм. Тэр нь юу гэвэл манайхаас бусад бүх аймгийн туган дээр төрийн дээд шагнал Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны болон Сүхбаатарын одон гялалзаж байхад манай аймаг л ганцаараа одонгүй. Урд нь санал дэвшүүлсэн, тодорхойлсон нь цөөдөөгүй. Сураг дуулбал 2011 онд өгөхөө шахаад өөрчлөгдсөн юм гэнэлээ. Ард түмний минь амжилт, ололт, бүтээн байгуулалт аль ч талаараа бусад аймгуудаас хоцроогүй, зарим талаараа илүү, давуу явсаар улсын уралдаан шалгаруулалтад удаа дараалан манлайлж байсан. Ялангуяа сүүлийн жилүүдийн амжилт, бүтээл хэний ч нүдэнд тодорхой. Энэ тухайд хол ойрын аймгийнхан, нийслэл хотынхон, гадаадын зочин гийчид хүртэл талархаж, үнэлж, хүлээн зөвшөөрдөг билээ. Гэтэл манайхаас бусад бүх аймаг туган дээрээ 1-2 одонтой. Түүгээрээ ард түмэн, нийт иргэд нь бахархаж, биширч, урамшиж зоригжиж байна. Гэтэл хүн амаар ч, мал сүргээр ч улсдаа тэргүүлж, хөгжил дэвшлийн ахиц, амжилт, хөдөлмөр бүтээлийн ундрагаараа үлгэр жишээ байсаар ирсэн Өвөрхангай аймгийн ард түмэн туг сүлдэн дээрээ төрийн одонгүй ганцаараа ялгаварлагдан үлдэж байгаа нь юуны учир вэ? Төр, засаг минь Өвөрхангай аймгийн ард түмний хүчин зүтгэл түүхэн гавьяаг зүй ёсоор үнэлж, бусад аймгийн адил одонтой болгож өгөөч. Өдий болтол тунаасан юм чинь нэг мөсөн хамгийн дээд одонг өнөө маргаашгүй хүртээх байлгүйдээ гэж харж, хүлээж сууя даа. Энэ бол нэг, хоёр хүний биш, нийт олны минь хүлээлт юм шүү.

Ахмад сэтгүүлч С.Мөнхдалай


URL:

Сэтгэгдэл бичих