Зээлийн гэрээний хугацаа дууссанч Банкны зээлийн хүү зогсдоггүй

3598Зээлийн гэрээний хугацаа дууссанч Банкны зээлийн хүү зогсдоггүй. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд 2016 оны 3-р сарын 28-ны өдөр гаргасан мэдээлэл.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД
МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ НЬ
2016.03.28 Улаанбаатар хот

“ Иргэний Хуулийн 453 дугаар зүйл” нь Үндсэн хууль зөрчсөн тухай

Монгол Улсын Иргэний Хууль 2002 оны 1-р сарын 20-ны өдөр батлагдан гарч “Төрийн мэдээлэл” 2002 он №7-д нийтлэгдсэн.
Иргэний Хуулийн 453-р зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн Хуулийн үндсэн зарчим болох Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, Хууль дээдлэх үйл ажиллагаанд нийцэхгүй байна.
Банк, Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх үүрэг хүлээдэг, харин зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан байх бөгөөд зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20%-иас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцож болохоор Иргэний Хуулийн 452-р зүйлийн 452.2-т тодорхойлжээ. Зээлийн энэ үйл ажиллагаанд алдангийг хэрэглэхгүй байхаар зохицуулсан нь иргэний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зээлдэгчид хүлээлгэх хариуцлага гэж үзэх ёстой.
Иргэний Хуулийн 453-р зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацаанд хүү төлөх, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан. Энэ нь тэгш эрхийн зарчимд тулгуурладаг Иргэний Эрх Зүйн үндсэн зарчимд харшилж байхаас гадна Монгол Улсын Үндсэн Хуулийн 14-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад оршин суугаа хүн бүр Хууль, Шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалт, 5-р зүйлийн 2-т заасан, Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг Хуулиар хамгаална гэсэн заалтуудыг тус тус зөрчин Банк, эрх бүхий байгууллага, тэдгээрийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч гадаад дотоодын хөрөнгө мөнгө бүхий олигархи хэсгийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалт болжээ гэж үзэх үндэслэл бүхий болжээ.
Иргэний Эрх Зүйн гэрээ бол эрх тэгш зарчимд үндэслэгдэх. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол Иргэний Эрх Зүйн хариуцлага тооцдог, Гэрээний үүрэг биелүүлэхийг шаардах буюу дуусгавар болдог байх ёстой байхад Банк зээл олгох эрх бүхий Хуулийн этгээдэд ийнхүү давуу эрх олгосон, онол арга зүйн хувьд үндэслэл муутай, Монгол Улсад тодорхой төлөвшсөн туршлага, зан заншилд харшилж байгаа болно.
Тэгэхлээр зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлж, гэрээгээр тохирсон хүү төлөх, улмаар хугацаа хожимдсон тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой. Гэрээний хугацаа өнгөрснөөр бол гэрээний хугацаа дуусгавар болдог. Зөвхөн хариуцлагаар тооцох нэмэгдүүлсэн хүү 20 хүртэл хувиар төлөөд мөнгийг буцааж өгөх нь зүй ёсны хэрэг бөгөөд хүүг үргэлжлүүлэн тооцох хууль зүйн үндэслэл байх ёсгүй. Үүнийг Иргэний Хуулийн 24-р бүлэг “Зээлийн Гэрээ” Иргэний Хуулийн бусад гэрээний зохицуулалттай харьцуулан үзэж болно.
Иймээс Иргэний Хуулийн 453-р зүйлийн 453.1-р заалт Монгол Улсын Үндсэн Хуулийн 14-р зүйлийн 1 дэх заалт, 5-р зүйлийн 2 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт гаргуулахаар хандаж байна.

МЭДЭЭЛЭЛ ГАРГАСАН:

Иргэн Ц.МОНГОЛ

 


URL:

Сэтгэгдэл бичих