МАН-ын маргаан, АН-ын завсарлага

УИХ-ын намрын чуулганы нээлт болсны маргааш МАН дотроо маргаантай, АН завсарлагатай өнжсөн нь улс төрийн амь халуун өндөрссөний цондон гэлтэй.  МАН-ын бүлгийн гишүүд сонгуулийн холимог тогтолцоонд мажоритар элементийг давамгайлуулна гэсэн байр сууриасаа ухралгүй намрын чуулгандаа ирснээс болж  АН-ын бүлгийнхэн Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авав. Төсөв, Мөнгөний бодлого гээд улс орны амин чухал асуудлуудыг ойрын үед хэлэлцэх учир түүнд гацаа үүсгэхгүй гэсэндээ ийм арга сонгосон хэрэг.

Гэтэл завсарлагагүй МАН-ын бүлгийнхэн Төрийн ордноос гадуур хаалттай хуралдаан хийснээс болж зарим байнгын хорооны хуралдаан хойшлоход хүрч, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 17.00 цагийн үед таван минут хуралдан домоглоод тарлаа.

Улс төр халуураад ирэхээр Төрийн ордноос дайжиж хуралдаг хууч сая давтагдлаа. Төрийн ордны энд тэнд чагнах төхөөрөмжтэй гэж сэжиглээд тэр үү, хуучин цагт бол сонгууль дөхөөд ирэхээр Цагаан ордондоо бүлгийн хурлаа “нүүлгэчихдэг” байсан МАН-ынхан Тусгаар тогтнолын ордон нь ашиглалтад ороогүй тул “Элит” төвд буурь сэлгэн Удирдах зөвлөлийнхөнтэйгээ хамтарч өргөтгөсөн хуралдаан хийлээ. “Олгой хагаравч тогоондоо” гэгчээр энэ хурлаар МАН-ын доторх маргаан сэдэрчээ.

Оюутолгойн гэрээ хариуцлагагүй болсныг, өвөл хаяанд ирж газар хөлдөх гэж байхад барилгын салбарт хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тодотгол оруулах гэж буйг, төрийн албан хаагчдын цалин пүнлүү, өндөр настны тэтгэврийг 53 хувиар нэмэхээс болж татвар төлөгчдийн дийлэнхийг бүрдүүлдэг хувийн хэвшил сөхөрч мэдэхээр байгааг, зөвхөн Хадгаламж банкаар тэтгэвэр олгож хөгшдийн тамлах гэснийг, сая сая төгрөг иргэддээ тарааж үнийн хөөрөгдөл, ханшийн уналтыг гааруулах гэж байгааг МАН-ын бүлгийн зарим гишүүн шүүмжилж цухал, бухимдлаар дүүрэн хурал хийжээ.

МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд Оюутолгойн талаар сөрөг байр сууртай гишүүдээ ”улстөржлөө, айлгалаа, ичээлээ” хэмээн загнасан ч “Оюутолгойн гэрээг УИХ-ын шийдвэрт нийцүүлэх гэсэн бид муухай юу, алт мөнгөнд дуртай амин хувиа хичээгч нөхөд муухай юу” гэсэн үгээр амаа таглуулж харилцан хатуу үг шидэлцэж “даралтаа ихэсгэцгээсэн” гэнэ. Тэдний энэ маргаан намжилгүй шахам хурал өндөрлөжээ. Намрын чуулганы хоёр дахь өдрийг ингэж МАН-ынхан маргаантай, АН-ынхан завсарлагатай үдлээ.

Д.ОЮУН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.