Оффшорт дүү нь данстай Ц.Сандуй луйврын тэрбумтан уу?

3674

Төрөөс, төсвөөс төрсөн тэрбумтан гэдэг шиг нийслэлээс тэр дундаа газрын албанаас төрсөн тэрбумтан гэх тодотголыг сүүлийн жилүүдэд зүүж яваа нөхөр бол Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй юм. Нийслэлийн  Газрын албанд 1997 оноос хойш ажиллахдаа өөрийнх нь хэлсэнчлэн  мэргэжилтнээс нь авахуулаад хэлтсийн дарга, орлогч дарга гээд шат дамжлага бүхнээр нь явж ирсэн арвин намтар түүнд бий ч, нэр цэвэр нэгэн тэр биш ээ. Өөрийгөө төрийн албанд 16 жил ажиллаад мэргэшчихсэн тул улстөрд лавхан орохоор шулуудсан хэмээн ярьдаг тэрбээр хариуцсан ажлаа нэр сүр бүтэнхэн шиг хийсэн бол өөр хэрэг л дээ. Гэтэл тэр Нийслэлийн Газрын албаны даргын ажлыг газрын наймааны хөгжил цэцэглэлтэд гол хувь нэмэр оруулах үндсэн үүрэгтэй гэж ойлгож ирсэн нь түүнтэй холбоотой баримт бүхий мэдээллүүдээс харагддаг. Тэгсэн хэрнээ Монголын улстөрд өөрийгөө байх ёстой хүн гэдэгт баараггүй итгэж, Барилга хот байгуулалтын сайдын суудалд суух гэж хор найруулаад дийлээгүй нь хоёр жил шахмын өмнөх үйл явдал билээ.

Тэгвэл түүнтэй холбоотой бас нэгэн мэдээлэл гарч байгаа нь түүний төрсөн дүү Цэндсүрэн овогтой Сэргэлэн гэж хүн оффшор данстангуудын жагсаалтад нэр нь байгаа явдал юм. Оффшор дансны асуудалтай С.Батболд, Д.Цогтбаатар нарын улстөрчид олны өмнө гараад ямар нэг байдлаар тайлбар хийж байгаа бол Ц.Сандуйгийн тухайд дүүгийнхээ данстай холбоотой асуудлаар ширхэг ч үг унагахгүй байгаа мөртлөө зарим нэг хэвлэлээр тэр Цэндсүрэн Сэргэлэн гэж хүн Ц.Сандуйгийн дүү биш гэнээ гэсэн бодлогын чанартай мэдээлэл гаргуулчихаад, өөрөө ард нь нуугдаад суугаад байгаа бололтой юм.

Ц.Сандуйгийн дүү гэгдэж байгаа Ц.Сэргэлэн гэх хүний тухайд  Виржиний арлуудад бүртгэлтэй “Joy Key Develoment Limited” компанид 2011 оны нэгдүгээр сарыг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшиж байсан гэх мэдээлэл байгаа юм. Уг нь Ц.Сандуйгийн тухайд эцэг эхийнхээ нэр сүрийг бодсон ч гэсэн хууль журам зөрчсөн зүй бус үйлдлүүдтэй  нэр сүрээ хутгаж явахын хэрэг байхгүй л баймаар. Түүний аав Цэндсүрэн нь Хотын намын хорооны намын хянан шалгах комиссын дарга байсан бол  ээж  нь  Статистикийн товчоонд мэргэжилтнээр 20 жил тасралтгүй ажиллаж байсан  ажил хөдөлмөрийн зам шулуун дардан байсан гэгээтэй л намтартай хүмүүс юм билээ. Тэгсэн харин хүү нь ингээд хэл ам татласан нэгэн байх…

Ц.Сандуйгийн  дүү Ц.Сэргэлэн гэгчийн тухайд бизнес энэ тэр хийдэг гэсэн нарийн тодорхой мэдээлэл байхгүй, хэрэв оффшорт мөнгө төгрөг аваачсан бол тэр нь ах Ц.Сандуйгийнх нь эх үүсвэртэй байх магадлал хамгийн өндөр юм. Тэгэхээр бараг 20 жил төрийн албанд мэргэштлээ зүтгэж яваа гэж ярих Ц.Сандуй ямар эх үүсвэрээс мөнгөжиж, тэрбумтны хэмжээнд хүрсэн байх вэ?

Ингээд аваад үзэхээр түүний өнгөрсөн жилүүдэд хашиж ирсэн ажил албатай эрхгүй холбогдоно. Тодруулбал, Нийслэлийн Газрын албаны даргын суудал дээр сууж байхдаа газрыг хэрхэн яаж нааш цааш гулгуулж, мөнгө олдгийн амтанд орсон хүн гэж түүнийг хэлж ярих хүмүүс байх юм билээ. Тэрчлэн Ц.Сандуйгийн нэр яах аргагүй холбогддог  газрын асуудлуудаас цувралаар  хүргэж байна.

Ц.Сандуй бусдын гар хөлж болж тэрбумтан болсон уу?

Уншигч та санаж буй бол Нийслэлээс хууль бусаар олгогдсон газруудыг хурааж авах ажлыг эхлүүлсэнтэй холбоотойгоор  газрын наймаа,  авлига, хээл хахуулийн асуудлыг Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байсан билээ. Тухайн үед Г.Мөнхбаяр,  Т.Билэгт, Ц.Сундуй, Э.Ариунгэрэл,  Д.Дашцэцэг зэрэг нөхдүүдийг 240 удаагийн үйлдэлтэй газрын наймааны хэрэгт шалгагдаж байгаа гэх мэдээлэл байсан юм. Тэдгээр нөхдүүд нь газрын төлбөр хэлбэрээр төрийн данс руу орох ёстой байсан 280 тэрбум төгрөгийг хувьдаа хуваагаад авчихсан гэгдэж байв. Тэр их мөнгөнөөс газрын албанд мөнгө орсон гэсэн нэг ч төгрөгийн баримт үйлдээгүйн  дээр Барилга, хот байгуулалтын сайдын тогтоосон газрын үнийг үндэслэн дуудлага худалдаа, тендер, сонгон шалгаруулалт явуулсан нэг ч баримт байдаггүй гэдгийг эх сурвалжууд мэдэгдэж байсан билээ. Газрыг  төрд төлбөр төлөлгүйгээр  аж ахуйн нэгж, иргэд үйлчилгээний зориулалтаар өмчлөн авах эрхгүй ч, газрын наймааг хамтран үйлдэгсэд болох албаны хүмүүсийн  сэдсэн арга нь юу гэхээр төр, аж ахуйн нэгжүүд хоршиж газар  эзэмших тухай захирамж гэгчийг үйлдсэн явдал аж. Тэгснээр  Ц.Сундуй, Э.Ариунгэрэл, Д.Дашцэцэг гурав том дарга нарынхаа бодлогоор үйл хэргийг гүйцэлдүүлж 240 удаагийн захирамжаар 240 хэсэгт 2400 орчим га газар олгожээ.  Газрыг худалдаалахад тогтоосон хамгийн доод үнийг жишиг болгон тооцоход  280 тэрбум болж байгаа улсад бол нэг ч төгрөг ороогүй аж. Харин 200 орчим аж ахуйн нэгж 280 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газрыг  төлбөр төлсөн баримтгүйгээр авсан бөгөөд хотын эрхмүүд хэд хэдийг авлигад авснаа өөрсдөө бол сайн санаж байгаа л байх.

Хэрэв бүх зүйл ном журмын дагуу явсан бол  “Туушин” ХХК газрын төлбөртөө хамгийн их мөнгө төлөх ёстой байсан байдаг. Туушин компани нь 2009 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хонхор өртөөний орчим газар авах хүсэлт гаргасныг нь 99 тоот захирамж гарган олгожээ. Ингэхдээ 130 га газар буюу нэг сая гурван зуун мянган метр квадрат талбайг үнэгүй авсан байгаа юм. Үнэгүй гэдэг нь төр хувийн хэвшил хоёр хоршиж бүтээн байгуулалт хийнэ гэсэн нэрийн дор газрыг олгожээ. Харин  өнөөдөр тухайн газарт нийслэлийн мэдэл огт байхгүй бөгөөд газрын нийт үнэлгээ нь 14.3 тэрбум төгрөг болж байгаа аж. Мөн “Торгон хэлхээ” гэх  компани нийт 9.9 тэрбум төгрөгийн үнэтэй газрыг Хан-Уул дүүрэгт авчээ.Тус дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт 150 га газрыг долоо хоногийн дотор гаргуулан авсан байгаа юм. Г.Мөнхбаярын гарын үсэгтэй төр, хувийн хэвшил хоёр хоршиж бүтээн байгуулалт хийнэ гэсэн тодотголтой захирамж байгаа аж. Бас л улсад ганц ч төгрөг оруулалгүйгээр тэд 150 га газар авч чаджээ. “Би Энд Си Эйч Өү” гэх компани 80 га буюу найман зуун мянган метр квадрат   газар   авсныхаа төлбөрийг хийлгүй өнөөдрийг хүрчээ. Тус компани нь гурван жилийн өмнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт газар авсан нь тогтоогдсон байдаг. Тэд газрын төлбөр болгож 8.8 тэрбум төгрөг төлөх ёстой байсан гэнэ.

Хан-Уул дүүрэгт  Нисэх, Яармагийн зам дагуу 160 хэсэг газар олгосон бөгөөд томоохон компаниуд энэ хэсгийн газрыг Ц.Сундуйтай тохирч  авсан байдаг.  Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоо, Баянзүрх дүүргийн Баянзүрхийн товчооны зам дагуу ч газар олгох захирамж гаргаж аж ахуйн нэгжүүдэд өгсөн нь тогтоогдсон байдаг. Тэд нэг удаагийн захирамжаар доод тал нь 10 га газар олгодог байж. Гэхдээ төрд нэг ч төгрөг оруулдаггүй байсан бөгөөд төлбөрийг өөрсдөө авсан гэж тэднийг буруутгаж байгаа юм.

За ямартай ч энэ бүх газрын асуудалд нэр нь холбогддог Ц.Сандуйгийн тухайд тэрбумтан болсон гэдгийг нь хэлэх хүмүүс байдаг. Түүнийг Хотын хамгийн байршил сайтай газруудад “Metro Mall”“Home Plaza” зэрэг худалдааны төвүүд барьж, түрээслэсэн гэх юм билээ. Тэр хэрэв чигч шударга нэгэн байсан бол төрийн албанд чин үнэнчээрээ л ажилласан бол түүнд тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгө мөнгө байх учиргүй юм. Соц нийгмийн үед төрдөө зүтгэж явсан аав ээж нь Ц.Сандуй ноёнтонд тийм их мөнгө үлдээгээгүй л болов уу!

Улаанбаатарын газрыг өөрийнхөө тэрбумтан болох замналын үндсэн гол түшиц болгосон Ц.Сандуй даргатай холбоотой бусад мэдээллийг цувралаар хүргэнэ…

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: САЙН Огноо: 12 May 2016

БАЛИАР АВИЛГАЛЧИН ЦАРАЙТАЙ ХОГИЙН ГАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.