Урт хугацаагаар бодолхийлсний эцэст

184852-12052016-1463026951-2100963216-zgmДөрвөн жилийн хугацаатай парламент болгон бүрэн эрхээ бүтэн эдлээд дуусах үедээ хэлэлцдэг хууль бол Сонгуулийн тухай хууль. Гурван жил нь улиг болтол ярина, дөрөв дэхээс нь цаасан дээр буулгаж эхэлнэ. Хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө баталсан байх ёстой учир хугацааг нь яг л ингэж тулгана.

1992 оноос хойш болсон сонгууль бүрээр гишүүдийн 70 орчим хувь нь солигдож байсан

Харин энэ удаад сонгуулийн хуульд гар хүрэх хуулийн хугацааг зааж өгөлгүйгээр баталж авсан. Тиймдээ ч санал хураалт болоход ердөө 37 хоног үлдчихсэн байгаа өнөөдөр хүртэл хуулийн өөрчлөлтийг ярьж сууна. Тийм бололцоог энэ парламент өөртөө бий болгосон тул “зургаан сарын өмнө” хэмээх цаад хязгаарыг санал хураалтын өдөр хүртэл хойш сунгаж мэдэх янзтай.

Уг нь ингэж сунжруулаад байх хүчин зүйл байхгүй. Гэвч пропорциональ системийг халснаас бий болсон 28 мандатыг хуваарилахад хамаг асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл, гишүүн бүр нэр дэвших аймагтаа мандат нэмүүлж, дахин гарч ирэх бололцоогоо хайн урт хугацаагаар бодолхийлсэн нь тэр.

Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Их хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох асуудлыг хэлэлцэх байв. Гэвч хуралдсангүй. Шалтгааныг нь Байнгын хорооны дарга А.Бакейгаас асуухад “Тогтоолын төслийг СЕХ ирүүлээгүй” хэмээн хариуллаа.

Гэхдээ энэ нь шалтгаан гэхээсээ илүү шалтаг юм. Сонгуулийн хуулийг өөрчлөх төслийг бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгийг А.Бакей өөрөө ахалж, С.Бямбацогт, Н. Энхболд, О.Баасанхүү, С.Дэмбэрэл, Н.Батбаяр нарын гишүүн бүрэлдэхүүнд нь орсон. Мэдээж СЕХ-ныхон уг Ажлын хэсгийн үндсэн бүрэлдэхүүнд бий. Тийм атал ахлагч нь ажлын хэсгийнхээ гишүүнээс тогтоол ирэхийг хүлээж суугаа мэтээр ярих нь үнэмшил муутай. Үүрэг өгсөн л бол, тогтоолыг бэлдэх ажил СЕХ-ных.

Гэхдээ үдээс хойш нь СЕХ УИХ-д тогтоолоо өргөн барьсан байв. Тэгэхдээ Архангай, Баян- Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгийг тус бүр гурван мандаттай байх сонгуулийн тойргийг байгуулжээ. Харин Дорнод, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Увс гэсэн таван аймаг хоёр, Булган, Говь- Алтай, Говь-Сүмбэр, Дорноговь, Дундговь тус бүр нэг мандаттай байх төслийг СЕХ оруулж ирлээ.

Санал хураалтад ердөө 37 хоног үлдчихсэн байхад хуулийн өөрчлөлт ярьж сууна

Нийслэлийн хувьд 28 мандаттай бөгөөд хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг тус бүр зургаа байх “хар зураг” байна. Энэ нь нийслэлийн нийт мандатын 42 хувьтай тэнцэнэ. Зөвхөн Баянзүрх дүүрэг л дангаараа “хотын 25 хувь” гэсэн албан бус нэртэйг бодоход байж болох хуваарилалт.

Тэгвэл Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр дөрвөн мандат хуваарилж, Сүхбаатар гурав дээр тогтжээ. Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг дундаа нэг төлөөлөл сонгох эрхтэй байж, сонгуулийн тойргийн төв нь Налайхад төвлөрөх нь.

Хэдийгээр энэ эцсийн шийд биш ч ерөнхий хана нь Ардчилсан намын өрсөн “тоосго”. Мөн 2004 оны хувилбар. Харин кнопны олонх нь АН-ынх гэдгийг энд нурших шаардлагагүй болов уу. Мэдээж нийслэлийн мандатыг нэмсэн тул зарим аймгийн тухайн үеийн мандатын тоо буурна. Үүн дээр л гол маргаан байгаа юм. Тухайлбал, МАН-ын зарим гишүүн энэ хуваарилалтыг зөвшөөрөхгүй, Ажлын хэсэгт орсон бүлгийнхээ гишүүдэд уураа гаргасан талаар эх сурвалж мэдээлж байна.

Бүлгийн даргын хувьд С.Бямбацогт Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтана. Тэгэхдээ МАН суудал авах магадлалтай тойргуудын мандатын тоог нэмүүлж чадсангүй хэмээх шүүмжлэлийг журмын нөхдөөсөө сонсчээ. Жишээ нь, 60 мянган хүн амтай Увс аймгийн мандатын тоог нэмээгүй атлаа яагаад 60 мянган хүнтэй.

Хэнтийнхийг гурав болгож өсгөдөг юм хэмээн Ч.Хүрэлбаатар гишүүн барьцсан аж. Булган аймгийн мандатыг нэмүүлэх хүсэлтээ илэрхийлэхдээ Ё.Отгонбаяр мөн л Хэнтийн тойрогтой харьцуулсан байна. Тэгэхдээ бүлгийн дарга С.Бямбацогтыг нөгөө намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хөтлөгдлөө хэмээн загнажээ.

200 ХУВИЙН БОЛОМЖТОЙ ГАНЦААРЧИЛСАН “ТОГЛОЛТ”

Мандат хуваарилалтыг хийхдээ намаараа нэг тал байсан. Харин тойрог дээрх “тоглолт” ганцаарчилсан байдалд шилжив. Өөрт ээлтэй хэсгийг сонгохын тулд аймгийнхаа урд, хойд сумдаас хэд хэдийг сонгож, нэг тойрог байгуулах гэж зүтгэсэн нь ч бий аж. 1996 оны сонгуулиар “Базарсадын гутал”, ”Зэнээгийн зааны хошуу” гэсэн марзан нэртэй сонгуулийн тойрог байсан гэдэг. Тэрэн шиг л юм болох дөхөж.

Уг нь тойргийг байгуулахдаа хүн амын тоо, газар орны байршлаас хамаардаг бичигдээгүй хууль бий. Гэвч гишүүд аймгийнхаа аль сумдаас илүү санал авах магадлалтай байна, тэрийгээ нэг болгох хүсэлтэй. Тиймдээ ч аймгийнхаа тойргийг танай, манай гэхгүйгээр нийлж суугаад бол“ чи энэ хэсэгт дэвш, би тэнд очъё” гэх байдлаар зурсан тал ч байгаа аж.

Сонгуулийн хуулийг өөрчлөхдөө баримталсан нэгдүгээр шаардлага нь гол хоёр намаас сонгогдсон бүх гишүүн эргэн сонгогдох. Харин удаах нь урьдах шаардлагын хүрээнд хуулийн тогтолцоог мажоритар болгож өөрчлөх байсан гэдэг талаар зарим гишүүн ам алдсан билээ. Өөрөөр хэлбэл, яаж ч шинэчлэгдээд гишүүд л эргээд сонгогдох учиртай.

Гэхдээ 1992 оноос хойш болсон сонгууль бүрээр гишүүдийн 70 орчим хувь нь солигдож байсан статистикийг СЕХ-ны цахим хуудаснаас харж болно. Мэдээж өнгөрсөн хугацаанд парламентад хууль тогтоолцож байсан гишүүн бүр л дахин сонгогдох магадлалыг өөртөө бий болгохын тулд Сонгуулийн хуульд хандаж байсан байж таарна.

2012 онд байгуулагдсан өнөөдрийн УИХ-ыг эс тооцвол шинэ парламент шинэ гишүүдээр дүүрдэг байсан гэсэн үг. Харин бүрэн эрх нь дуусаж буй өнөөгийн УИХ-ын бүрэлдэхүүний 39 нь хууччуул. Шинэ, хуучны харьцаа ганцхан суудлаар ялгаатай байгааг харахад мажоритар тогтолцоонд давуу тал бас байдгийн нэг нь цус сэлбэж чаддаг явдал.

Тиймээс одоо байгаа гишүүд дахин сонгогдох магадлалыг бараг “200 хувь” бий болгохоор боломжит бүх аргыг хэрэглэж байна. Үүний нэг жишээ нь сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 болгож, шинэ, залуу нэр дэвшигчдэд танигдах, ухуулах хугацаа олгохгүй байх хуулийн заалт юм. Хуанлийн хоногоор тоолоод үзвэл энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 11-нд албан ёсоор эхэлнэ. Харин энэ хугацаа дээр өгүүлсэнчлэн шинэ, залуу нэр дэвшигчдийн хувьд эхлэл.

Тэгвэл УИХ-ын 76 гишүүн, Засгийн газрын сайдуудын хувьд төгсгөлийг нь базах өдрүүд юм. Тэр тусмаа дахин нэр дэвшиж буй гишүүдийн хувьд ээлжит сонгууль ирэх хүртэлх дөрвөн жил дотор багтах “17 хоног” бүр тэдний сурталчилгааны өдрүүд байдгийг манай сонин бичиж байсныг эргэн сануулъя.

Б.Энхжаргал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих