“Хэн дуртай нь газар хөдөлнө гэж тааж болохгүй”

Манай орон газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт хамрагддаг. Энэ ч утгаараа газар хөдлөлт мэдрэгдэх нь элбэг аж.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин газар хөдлөлт болж болзошгүйг анхааруулах боллоо. Энэ талаар Одон орон, Геофизикийн судалгааны төвийн Газар хөдлөлт судлах секторын эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнхсайханаас тодруулсан юм.

-Газар хөдөлж болзошгүй гэсэн мэдээлэл гэсэн мэдээлэл их гарах болж?
-Ер нь газар хөдлөлтийг урьдчилан хэлэх боломжгүй байдаг. Өнөөдөр тэдэн цагт газар хөдөлнө, маргааш тэгнэ гэж чадахгүй. Түүнээс биш 500 жилийн хугацаанд энэ бүс нутагт магнитут 5-6-тай хөдлөлт хэдэн удаа болно гэж магадлалын онолоор хэлж болдог. Гэтэл 500 жилийн хэзээ нь вэ гэдгийг хэлэх боломжгүй юм. Газар хөдлөлтийг хэмждэг багаж газрын чичирхийлэлтийг мэдэрч байдаг. Гэхдээ газар хөдлөлтийг бүртгэх багажийг тавихаар л хөдлөлтийг мэдчих юм шиг санадаг. Газар хөдөлсний дараа л тухайн багаж бичдэг. Тэгэхээр газар хөдөлсний дараа л мэдэх боломжтой.

-Газар хөдлөлт болохыг урьдчилан мэдэх аргагүй ч иргэдийн дунд айдас байгаад байна?

-Хүмүүс айдастай байгаа болохоор л өнөөдөр, маргааш гэж ярьж байгаа байх. Зарим нь ч сенсааци дэгдээж байж болох юм. Газар хөдлөлтийн давталт ойртоно гэсэн ойлголт байхгүй. Магнитут нь 6-тай хөдлөлт 700 жилд нэг боллоо гэхэд нэг л удаа хөдөлнө. Тухайн бүс нутгийн геологи, тектоник, хагарлуудыг судалж магадлалын онолоор тооцдог. Гэтэл тэнд магнитут 7-той хөдлөлт болно гэсэн байхад магнитут 9-тэй хөдөлнө гэж байхгүй.

Сүүлийн үед Улаанбаатар хотын эргэн тойронд идэвхтэй хагарлууд олдоод байгаа. Тэр бүхэн дээр үндэслэж газар хөдлөж болзошгүй гэж үзэж байгаа байх. Гадны улс орнуудад хүчтэй газар хөдлөлт болоод байхаар хүмүүс айдаст автаад байгаа юм.

-Сүүлийн үед Өмнөговь аймагт хэд хэдэн удаа газар хөдлөлт мэдрэгдлээ. Энэ нутаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байгаа хэрэг үү?

-Хамгийн сүүлд энэ сарын 3-ны 09.50 цагийн үед Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас 57 км газарт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн байгаа. Энэ газар хөдлөлт Өмнөговь, Өвөрхангай аймгийн заагт болсон. Нутгийн оршин суугч нарт мэдэгдсэн. Үүнээс үүдэлтэй хохирол учраагүй байгаа.

-Монголд жилдээ хичнээн удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж байна вэ?
-Жилдээ манитут 3.5 дээш чичирхийлэлт 40 гаруй удаа бүртгэгдсэн байдаг юм. Түүнчлэн багажинд мэдрэгдэхгүй хөдлөлт өдөртөө 100 гаруй удаа болдог.

-Нийслэл хот маань газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог. Газар хөдлөхөд хагарал нөлөөлдөг гэлээ. Тэгэхээр нийслэлийн ойр орчимд хичнээн тооны хагарал үүсээд байгаа бол?
-Улаанбаатарын идэвхжил 2005 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн байгаа. Газар хөдлөлт идэвхжээд ирэхээр тухайн газар судалгаа явуулдаг. Одоогийн байдлаар Авдар уул, Эмээлт, Гүнжийн аманд идэвхтэй хагарлыг илрүүлсэн. 2005 оноос өмнө Улаанбаатар хотод хамгийн ойр идэвхтэй хагарлыг Хустайн хагарал гэж үзэж байсан. Гэтэл нийслэлд 20-30 км-т идэвхтэй хагарлууд бий болно гэдэг чинь газар хөдлөх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Улаанбаатарт газар хөдөлнө. Гэхдээ хэзээ гэдгийг нь хэлэх боломжгүй. Идэвхтэй хагарлын насыг нь тодорхойлж байж энд тэдэнд мянган жилийн өмнө газар хөдөлж байсныг тогтоодог. Маш нарийн судалгаа явуулсны үндсэн дээр газар хөдлөлтийг тогтоодог. Тэрнээс биш хэн дуртай нэг нь газар хөдөлнө гэж тааж болохгүй.

-Сүүлийн өдрүүдэд Өмнөговиос өөр хаана, хаана газар хөдлөлт бүртгэгдээд байна вэ?

-Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас зүүн хойш 30 км газарт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон.

-Магнитут нь 4 гэхээр хэр хүчтэй хөдлөлт вэ?

-Тухайн бүс нутагт байгаа хүмүүс мэдрэнэ. Ер нь магнитут 3-аас дээш хөдлөх юм бол мэдрэгдэнэ.

-Тэрнээс доош хэмжээтэй хөдөлвөл мэдрэгдэхгүй хэрэг үү?
-Газар хөдлөлт геологийн онцлогоос болж мэдрэгддэг. Тухайн орчны газрын гүнд болж байна гэдгээс нь хамаарч өөр өөр мэдрэгдэнэ. Зарим тохиолдолд магнитут нь 2-той хөдлөлт ч мэдрэгддэг. Тэгэхээр нөхцөл байдлаас нь шалтгаалдаг.

-Газар хөдөлсөн тохиолдолд өндөр барилга нурах аюултай гэлцдэг. Тэгэхээр тухайн барилга ямар газарт баригдсанаас шалтгаалах нь ээ?
-Хүмүүсийн ой ухаанд газар хөдлөхөөр өндөр барилга нурна гэсэн ойлголт байдаг. Гэтэл тухайн зай болон гүнээс шалтгаалдаг. Ойрын болон холын зайн газар хөдлөлтийн давтамж нь өөр байдаг. Гэтэл хүмүүс өндөр байшинг муу гэдэг. Тэгэхээр газар хөдлөлтийн зай ойр бол өндөр барилга нураад байхгүй. Харин ч намхан барилга нурах аюултай.

-Тэгэхээр газар хөдөлсөн тохиолдолд нам дор газарт байрлах нь буруу хэрэг үү?

-Аль болох хадан хөрстэй газарт л байвал аюул багатай. Гэтэл сэвсгэр хөрсөн дээр чичиргээ их болж өсдөг. Манайхан газар хөдлөхөөр ширээн доогуур ор гэлцдэг. Үнэндээ бол өөрийнхөө амьдарч буй орчиндоо аюулгүй байдлыг хангах газар бий болгох учиртай. Сургууль байлаа гэхэд сурагчдад хаана аюулгүй байж болох вэ гэдгийг зааж өгсөн байх ёстой. Мөн албан байгууллага ч ялгаагүй. Газар хөдөлсөн тохиолдолд тухайн барилга байгууламж стандартын дагуу баригдсан л бол даацын хана тэсвэрлэж үлддэг. Тэгэхээр хана л бараадах хэрэгтэй. Мөн газар хөдөлвөл хаалга үүдээ онгорхой байлгах, шил толиноос хол байх хэрэгтэй. Япончууд яагаад ширээн доогуураа ороод байдаг гэхээр тэдний хэрэглэж буй ширээ бөх бат байдаг. Хичнээн том зүйл унасан ч эвдрэхгүй. Харин Монголын нөхцөлд ширээ нь ямар билээ. Юу ч даахгүй эвдэрнэ. Япончууд үргэлж газар хөдлөлтийг мэдэрдэг болохоор аюулгүй байдлаа хангах үүднээс сайн бэлтгэлтэй байдаг. Тэгэхээр байшин, барилгыг газар хөдлөлт судалдаг хүмүүсийн гаргаж өгсөн стандартын дагуу барих нь аюул багатай.

А.Лхагважав


URL:

Сэтгэгдэл бичих