”Утаанаас угаар нь найдвартай”

Манай нийслэлд нийслэлийн төр, захиргааны байгууллага, нийт иргэд бахархан тэмдэглэмээр нэгэн онцлог үйл явдал тохиожээ. Улаанбаатар хот маань агаарын бохирдлоороо дэлхийн бүх хотуудаас хоёрдугаар байрт оров. Гэхдээ анх удаагаа хоёрдугаар байр эзэлж нэгдүгээр байрмы алтан медалийн оосроос атгаад алджээ. Хэрвээ үнэн зөвөөр нь шүүсэн бол нэгдүгээр байр эзлэх байсан гэсэн үг. Бүх улс орны хотуудыг агаарын бохирдлоор нь уралдуулах дэлхийн аваргын тэмцээнд анх удаагаа уралдаад л ийм амжилт гаргаж байгаа юм чинь ирэх жил нэгдүгээр байр эзлэх боломж алтан найдвар байна аа. Харин нэгдүгээр байрт Ираны Ахваз хот оржээ.

Гуравт нь бас л Ираны Санадаж, Дөрөвт нь Энэтхэгийн Лудхиана хот. Дараа нь Пакистаны Кюетта хот оржээ. Арвын доторхи шагналт байруудад дахиад л Ираны дөрвөн хот орсон байх юм. Удахгүй нийслэлийн парламентынхан, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхонтой хамт хоёрдугаар байрын мөнгөн медалийн шагналыг хүлээн авахаар өргөн бүрэлдэхүүнтэйгээр Стокольм хотыг зорих болно.

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг дээ. Нефтиэр баян, бас яаж ч мэдэхээр террористууд байдаг болохоор нь шүүгч нар илт Ираны хотуудыг лоббидсон юм шиг байна билээ. Агаарын бохирдлын хэмжээгээр хүн амьдрахад аюултай түвшинд хүрсэн гэдэг үзүүлэлтээрээ Улаанбаатар хот маань нэгдүгээр байрын Ахваз хотоос хол түрүүлсэн байхад Монголын Улаанбаатарыг биш Ираны Авхазыг түрүүлүүлнэ гэдэг чинь хардахаас өөрөөр яах билээ. Агаарын бохирдлоос нөлөөлж нас барсан хүний тоо гэдэг үзүүлэлтээр манай Монголын Улаанбаатар хотыг нойллож байгаа юм даа. Гомдмоор байгаа биз. Мэдээж Иран улсын Авхаз хотын удирдлагууд сэргэлэн болохоороо бууны сум, дэлбэрэлтэд өртөж үхсэн хүмүүсээ агаарын бохирдлоос болсон гээд мэдээлчихсэн байх гэж бодож байна. Тэр улс хотын удирдлагууд нь, хэзээ нэгэн цагт дайнгүй болно тэгвэл ядаж агаарын бохирдлоосоо салах хөрөнгө оруулалт салгаад авчих ухаан сийлж байгаа байхгүй юу.

Манай хотынхон ч гэсэн агаарын бохирдол энээ тэрээ гэж байгаад Мянганы сорилын сангаас хангалттай мөнгө салгадаг. Энэ мөнгөний тоо бол миний муу гар утасны тооны машинд багтахгүй л дээ. Тавдугаар цахилгаан станц бариад хүлээлгэж өгөөд, бүх айлыг цахилгааны эх үүсвэрээр үнэгүй дулаацуулаад, цаашаагаа гадаадад цахилгаан, дотооддоо дулаан гаргахаар мөнгийг агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрт зарцуулсан байна билээ. Тавдугаар цахилгаан станцыг дэд бүтцийнх нь хамт бариад утаанаасаа хагацъя гэвэл ердөө 1.7 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж эрдэмтэд тооцоолсон.

Ийм мөнгө буцалтгүй тусламжаар өгье, утаанаасаа сал гээд байхад манайхан зөрүүдлээд заавал дэлхийд нэгдүгээр байрт орно гээд авахгүй байгаа юм билээ.

Ийм хэмжээний мөнгөө зүгээр л хамгийн туршлагатай MCS компанид ганц цахилгаан станц бариад өгчих эргэж төлүүлэхгүй хоёр тэрбум ам.доллар хаячихаж болмоор юм. Гэтэл энэ компанийг заавал галладаг зуух оруулж ир гэж тушаажээ. Бас өөр олон зуух энд тэндээс зөөж дотоодод үйлдвэрлэж байна. Өнөө зуухыг нь улс төрчид шалгаж энэ өвөл, ер нь өвөл бүр “турших” юм гэнэ. Одоо зуухыг тараана, тараахгүй, авна, өгнө гэж гэр хорооллоор дүүрэн бөөн хэрүүл. Туршилтын объект нь гэр хорооллынхон болохоор зайлуул тэд бас утаагаа угаараар солихгүй гэж гүрийх шинжтэй. Зуух авсан айлууд угаартаж эхлээд байна. Ялангуяа нойтон мод нүүрсээр галлаад дулаанаа манана гээд яндангаа хаавал угаартах нь их байгаа тухай гомдол салахаа больжээ. Шинэ зуухны утаа нь үл мэдэг бага ч гэсэн угаар ихтэй нь батлагдлаа. Утаа бол яахав дээ, монголчуудын хувьд аргалын утаа боргилсон малчны гарт төрсөн болохоор сурсан дассан юм. Утаатай гэр, унгастай хөнжил дулаахан гээд манайхан болоод л байсан. Харин угаар бол найдвартай даа. Галаа цогшуулалгүй баагуулаад унтахад маргааш нь эргэж босож ирэхгүй бүгдээрээ чад. Тун найдвартай байгаа биз. Манай сүүлийн үеийн улс төрчид, утааны бизнес эрхлэгчид ийм үг ярьдаг болсон.

Гэрийн пийшингийн утааг бууруулна. Яндангаас утаа гаргахгүй. яндан бөглөнө, энэ онд 60 мянган яндан, ирэх жил 30 мянган яндан бөглөнө гэж ярьдаг болсон. Голомтоороо бүгдээрээ байхгүй болохыг ингэж хэлдэг тун муухай үг байхгүй юу. Утааг угаараар ингэж солих нь үнэхээр муу талаасаа бол найдвартай. Пийшингийн угаар гэдэг дэлхийд бөөнөөр хорих газруудад найдвартайгаараа бас л туршигдсан зүйл дээ. Ном зохиолд байдаг даа, бөөнөөр хорих газруудын хоригдлуудыг усанд оруулаад л угаарын хий гүйлгэдэг.

Утаанаас угаар нь илүү найдвартай гэхийн бас нэг тайлал бий. Утаа бол зүгээр л уушигны өвчин тусгана. Өвчлөгч этгээд ажил хийж чадахгүй олон жил амьд явна шүү дээ. Угаар бол ердөө хоёрхон цагийн дотор нам. Угаартсан хүн эргэж босож ирэхгүй нэг мөсөн ядуурлаас гарна. Харин ирэх жилүүдэд Улаанбаатар хот маань агаарын бохирдлоороо ч, түүнээс болж эрсэдсэн хүний тоогоороо ч дэлхийн хотуудаас ямар ч маргаангүй нэгдүгээр байр эзэлж алтан медаль хүртэнэ. Энэ жил мөнгөн медаль ирэх жилүүдэд алтан медаль хүртэнэ. Харин мөнгө алтан медалиудыг угааж их найр хийх л үлдлээ. Хүн амаа гэр хорооллынхныг үүрд ядуурлаас гаргахад утаанаас угаар нь илүү найдвартай.

Г.ДАШРЭНЦЭН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих