Парламент хууль биш хор найруулдаг газар болов уу

fde92896427fd093033d30aa21704cddМонгол төрийн ажил энэ хаврын чуулган эхэлснээс хойш үндсэндээ зогсонги байдалд орлоо. Хаа сайгүй л хүлээлтэд шилжчихэж. Хууль хэзээ батлагдахыг харзнасан хүмүүс танхимын явган хэрүүл хэзээ дуусахыг чих тавин хүлээсээр. Чуулганы хуралдааныг тэд хүссэн үедээ гэрлийн хурдаар хийж, долоо хоногийн хуралдааны хувиар алдагдах нь байдаг л үзэгдэл болж хувирсан. Пүрэв, баасан гарагт хэлэлцэхээр 20 гаруй хуулийн төсөл жагсаадаг ч хамгийн ихдээ хоёр хуулийн төслийн цаана гардаг. Тэгсэн атлаа тарах цагаа ягштал баримтлахыг яана. Өөрт ашигтай хуулиа 20 минутын дотор л хэлэлцэж баталдаг жишигтэй, манай гишүүд. Өглөөхөн СЕХ-оос оруулж ирсэн сонгуулийн тойрог, мандатыг хуваарилах тогтоолын төслийг үдээс хойш нь байнгын хороо хуралдуулан хэлэлцэж, үдэш нь чуулганы хуралдаанаар хэлэлцэж орхисон жишээ саяхных. 13 жил сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульдаа гар хүрч үзээгүй түүхийг Зи даргын удирдсан парламент өөрчилжээ. Хуулийн зүйл заалтыг санаатайгаар мартчихаад хэн ч хариуцлага хүлээдэггүй төрийг бий болголоо. Монгол төрийн тогтвортой байдал үндсэндээ алга болж, хэн дуртай нь хүссэн бол хууль өөрчилж болдог гэдгийг тэд харуулж байна. Хуулийг хүслээрээ өөрчилж болдог буруу жишгийг энэ парламент бий болгож өгөв. Тэдний дөрвөн жил суугаад хийсэн хамгийн том гавьяа ч энэ байж магад. Төрийн ажил намын сонгуулийн пиараас хойно тавигдах болсоор чамгүй хугацааг үдлээ. Өнгөрсөн баасан гарагт чуулганы хуралдаанаа ажлын цаг дууссан хойно хуралдуулж, баахан хууль бөөндөв. Энэ хавар өргөн барьсан болон хэд хэдэн чуулган дамжиж, гишүүдийн ажлын ширээнд тоосонд дарагдан хэвтэж байсан Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 2015 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийн тайлан зэрэг хэд хэдэн чухал хуулийг баталсан юм. Мөн хуучин хууль нь зургадугаар сарын 1-нээс хүчингүй болж буй Шүүх байгуулах тухай хуулийн төслийг бараг л гишүүн нэг бүрт утасдаж гуйлга түүлгэ тавьж байж батлуулсан гэхэд хэтийдэхгүй. Тухайлбал, Ц.Оюунгэрэл гишүүн шүүх байгууллага эрхзүйн чадамжаа алдахад хүрлээ. Эрхэм гишүүдээ хуралдаа ирнэ үү хэмээн зарлал тарааж гишүүдийг цуглуулсан нь худлаа биш. Эдгээр хуулийн төслүүд бүгд салбар бүртээ чухал хуулиуд. Тэр дундаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Халх гол үндэсний бүтээн байгуулалт, Хууль сахиулах тухай хуулийн төслүүд маш чухал. Гэтэл эдгээр хуулийг баасан гарагт УИХ долоо, наймхан гишүүний ирцтэй хуралдаж батлав. Уг нь энэ танхимд монголын ард түмний төлөөлөл болсон, хууль батлах үндсэн үүрэгтэй 76 гишүүн сууж байх ёстой ч ажил давхцаагүй, сайн дур нь хөдөлсөн, хийх юмгүй долоон гишүүн хуралд сууж бусдынхаа кнопоор “төгөлдөр хуур” тоглодог болсныг нуугаад яахав. Ажлын хэсгийн гишүүд утасдаж мэдээлэл хүргэхэд бараг л чи намайг хуралд дуудах ёсгүй. Би чиний ажилтан биш. Надад заах эрхгүй хэмээн загнадаг эрхэм гишүүнийг нэр цохон хэлсэн ч болохгүй юмгүй. Хамгийн их хурал тасалдаг, хууль боловсруулах ажлаа хийж үзээгүй шахам гишүүдийг Б.Наранхүү, Н.Номтойбаяр зэрэг манай залуу гишүүд тэргүүлэх болсныг чуулганы ирцээс харж болно. Дөрвөн жил УИХ-аар яригдаж буй Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Худалдааны тухай, Малын эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Хог хаягдлын тухай гэсэн чухал хуулиуд мөн л хэлэлцэх дарааллаа хүлээн тоосонд дарагдсаар. Хүч түрсэн шийдвэр гаргахдаа гарамгай болсон эрх баригч АН, хүч түрлээ хэмээн “матрын нулимс” унагах атлаа цаанаа хамгийн хорон бүхнийг хийж суугаа Ардын намын гишүүд төрийн ажлыг уландаа гишгэлж орхисныг энэ мэт жишээнээс харж болохоор байгаа юм. Парламентын танхимд тооцоо судалгаатай мэдээлэл өгсөн нь биш хамгийн шоучин үгийг олж хэлсэн нь од болдог болжээ. Тэр дундаа сөрөг хүчин энэ талаар улам л гарамгай болж байна. Гишүүн нэг бүр нь үг хэлнэ. Тэр үгэндээ хамгийн чамин гоё үг хавчуулахыг хичээж, төрийн ажлыг үндсэндээ наргиан, маазрал болгож өнгөрүүлэх жишээний. Ц.Нямдорж гишүүний хорон үгнээс суралцах гэж ядсан Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар нарын тавилтгүй үг амьтанд очиж наалдах гэхээс илүү доог тохуу болоод өнгөрч буйг ойлгодог эсэх нь эргэлзээтэй. Тойрог мандатын хуваарилалт гэсэн хамгийн чухал асуудлыг Чингисийн төрсөн нутаг, Чойбалсангийн унаган нутаг гэсэн жалга довны үзлээр маазруулж орхисон хүмүүс бол Ардын намынхан. Хэрэггүй асуудлаар хурал хаяж гүйдэг тэд хэрэгтэй үед маазарч суугаад л наймаагаа ярьж орхилоо. Танхимд суугаад асуудлаа бодитой тооцоотой ярилцах нь биш хэвлэлийн анхаарлыг хэн илүү татах вэ гэдэг нь манай сөрөг хүчинд чухал болсныг нуугаад яахав.Хумсаа ардаа нуусан тэдний эцэс төгсгөлгүй балайрал, элийрэл, шоудалтаас ард түмэн үндсэндээ залхчихаад байна. Харамсалтай нь тэд үүнийг ойлгохгүй. Өөрсдийнхөө тавьж буй жүжигт үнэнчээр дүр бүтээх гэж улам л өрөвдөлтэй байдалд орсоор. Тавьсан урхиндаа өөрсдөө гүйж орчихсноо тэд өнгөрөгч баасан гарагт харуулав. Хоёр том намын дарангуйлал тогтоох гэж Сонгуулийн хуулиар нийлж оролдоод, улмаар АН-ынханд араараа тавиулж орхилоо, тэд. Өнгөрөгч долоо хоногт хоёр ч байнгын хороо зөвхөн МАН-ын гишүүдээс болж хуралдаж чадаагүй. Өмнөх долоо хоногт нь мөн л МАН-ын зохион байгуулалттай ажил хаялтаас болж байнгын хороодын ирц бүрдээгүй. Хүч түрсэн үйлдэл хийж байгаа бол хурал тасалж эсэргүүцэл үзүүлэх бус бултаараа орж суугаад жинтэйхэн тооцоо судалгаатай үг, үйлдлээр тэд хариу барих учиртай бус уу, Ардын намынхаан. Юманд хэмжээ гэж байдаг гэдгийг АН-ынханд харуулах цаг нь болж. Монгол төрийн ажил нэг намын даргын захиалгаар явдаг ийм гажиг тогтолцоо энэ парламентын үед тогтлоо. Өөртөө зориулж тойрог зурдаг улаандаа гарсан луйврыг зөвхөн АН-ын гишүүд л хийж чадах байх, өөр хэн ч биш. Цэцийн даргыг ажлаас чөлөөлснөөр эхэлсэн ордны ичгүүргүй хуйвалдаан эцэстээ баруун хязгаар нутгийг ялгаварласан, зүүн хязгаар нутгаас гишүүд байхгүй болсон гэсэн дуусашгүй тэнэглэл болж, улмаар эцэг өвгөдийн минь сүнс сүлдийг сэрээж хэрэлдэх хүртлээ даамжирлаа. Ийм гутамшиг, ийм аймшигтай улс төрийг зөвхөн Ардчилсан намынхан л хийж чадах биз. Хэтэрхий их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэгчээр дүр эсгэсэн ардчилагчдад атгуулсан төр маань дарангуйлал болж хувирлаа. Нэг намын, нэг хүний захиалгаар монгол төр хууль үйлдвэрлэдэг болов. Урвалт шарвалт хэрээс хэтэрч, албан тушаалын төлөө ах дүүгээсээ урвахад бэлэн “биеэ үнэлэгчид”-ээр энэ төрийг дүүргэчихлээ. Ямар ч хамаагүй үнээр дахин төрд суухын тулд тэд юу эсийг хийж, үйлдэж буйг бид харлаа, үзлээ. Албан тушаалын төлөө анд нөхдийгөө ч шоронд явуулж чадах ардчилсан нийгмийг бид үзлээ. Парламентад эрхзүйн чадамж байхгүй. Тэгсэн ч хөшигний цаадах улс төрөө тэд сонгууль дуустал хийх нь. Өнөөдөр ч хамаагүй парламентыг тарааж, дараагийн парламентаар, ядахдаа 76 хүнээр хуулиа хэлэлцүүлье. Араа мэдэхгүй оодорч буй тэдэнд ард түмэн бид жинтэйхэн дүн тавих цаг нь ч болчихож. Юманд хэмжээ гэж бий. Авлига, албан тушаалын наймаанд ч гэсэн дуусах цаг байх ёстой биз дээ.

Б.Өнөртогтох


URL:

Сэтгэгдэл бичих