АСЕМ-ын уулзалтын үеэр 15 орны Ерөнхийлөгч ирэхээ мэдэгдээд байна

acem

Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 27 дугаар  хуралдаан болж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ.

Тус зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АСЕМ зохион байгуулах газруудын бэлтгэл ажилтай өнгөрөгч бямба гаригт танилцсан юм. Энэ үеэр өгсөн үүрэг даалгавруудаа зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Шангри-Ла дахь Хэвлэлийн төвийн тохижилтын ажлыг зургадугаар сарын 10-ны дотор эхлүүлж, интернет сүлжээ, кабелийн холболт хийх, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гадна байрлах самбарыг шинэчлэх, “Чингисийн хүрээ” цогцолборын засваруудыг хугацаанд нь дуусгах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаны хүмүүст өглөө.

Мөн  долдугаар сарын 14-17-нд хуваарьт нислэгээр явах болон ирэх зорчигчдыг “Буянт ухаа” спорт цогцолбороос “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүргэх, нисэх буудлаас тосох автозамын маршрутыг баталж, агаарын хөлгийн нөөц бүрдүүлэх тухай хэлэлцлээ. Түүнчлэн “Чингис хаан” нисэх буудлын хамгаалалтын бүс дэх камержуулалт, гэрэлтүүлэг болон “Чингисийн хүрээ” жуулчны бааз хүртэлх 3.4 км автозамыг шинэлэх болон автомашины зогсоол байгуулах асуудлуудыг шийдвэрлэлээ. АСЕМ-ын уулзалтад одоогийн байдлаар 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа юм. Тэдэнд зориулсан бэсрэг наадмыг тус цогцолборт хийх юм.

Энэ сарын 12-13-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтын дүнгийн талаар АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны орлогч дарга Л.Оргил таницууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих