Даргадаа хэрхэн яаж үнэлэгдэх вэ?

Даргадаа яаж үнэлэгдэх вэ?
Зарим хүүхнүүд 5 жил нэг газраа ажилласан хирнээ албан тушаалын хувьд нэг дороо эргэлдсээр байдаг. Харин зарим нь орж ирээд 2-хон жил болсон хирнээ шилдэг ажилтнаар шагнуулж, даргын санал болгосон сайхан боломжуудыг шүүрээд авдаг. Тэд яаж үүнийг хийж чадсан бэ? Энэ нь даргадаа өөрийнхөө талаар хангалттай сайн мэдээллийг өгч, үнэлгээ авсаных юм. Та ч бас жаахан сэргэлэн байвал үүн шиг амархан зүйл үгүй.

Цагаасаа нэг минут ч бүү хоцор.
Хоцрох болгонд танд түүнийгээ тайлбарлах хангалттай шалтгаан олддог тийм үү? Тэгвэл дарга нарт таныг ирэх гэж байтал зам бөглөрсөн, түлхүүрээ олохгүй байсан, санамсаргүй багынхаа найзтай тааралдаад ярьж зогссоор хоцорсон эсэх чинь огт хамаагүй. Тэдэнд та хоцорлоо л гэдэг чухал. Харин үргэлж цагаасаа хожимдож ирэхээс илүү удирдлагыг залхаадаг, дургүйг нь хүргэдэг зүйл гэж үгүй.

Байнга эелдэг загна
Дарга тань ямар нэг шинэ төсөл хэрэгжүүлж эхлэх болсон тухай дуулвал хамгийн түрүүнд баяр хүргэ. Мөн таны ажилд тус болохуйц зөвлөгөө өгвөл тухайн үед нь ч тэр, дараа нь түүний зөвлөгөөг хэрэгжүүлж үр дүнд хүрснийхээ дараа ч тэр талархснаа илэрхийл. Буруу зүйл хийсэн бол “гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчээр чимээгүй болчихолгүй, зоригтойгоор уучлалт гуй. Гэхдээ бялдууч өнгө аяс өчүүхэн ч оруулж болохгүй, чин үнэнээсээ бөгөөд шударга бай.

“Чадахгүй” гэдэг үгийг үгийн сангаасаа авч хая
Өөртөө итгэлтэй, чадвараа үнэлдэг гэдгээ харуул. Даргынхаа санал болгосон ажлыг үнэхээр хийж чадахааргүй байсан ч “Оролдоод үзье” гэж чангахан хариул. Дотроо нуугдаж байгаа эерэг эрчим хүчийг ийн харуулах нь таны бодож байснаас ч хүчтэй түлхэц болж чадна.

Зөв бичгийн алдаагүй бичихэд суралц
Ямар олон чадварлаг ажилтнууд үг үсэг, найруулгын жижиг алдаа гаргадгаасаа болж халагдсан тухай сонсвол та лав чихэндээ итгэхгүй дээ. “Зөв бичгийн дүрэм”-ийг нэг их чухал зүйл биш хэмээн дутуу үнэлэх хэрэггүй. Энэ бол таны суурь боловсрол, юманд хир хариуцлагатай ханддагийг чинь нуулгүй илчилдэг алдаа юм.

Зоригтой эсэргүүц
Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, даргатайгаа санал нийлэхгүй байгаагаа зоригтой хэл. Харин тэгж эсэргүүцэх шалтгааныхаа тайлбарыг толгой дотроо боловсруулсан байхаа мартуузай. Мөн даргынхаа саналыг эсэргүүцэж байгаа бол танд түүнээс дээр өөр нэг санал байх ёстой юм.

Өөрийнхөө хүсэл тэмүүллийн талаар даргадаа хэл
Мэдээж хүндэтгэсэн байдлаар. Өөрийнхөө салбарыг удирдах хүсэлтэй байдгаа түүнд ойлгуул. Тушаал дэвших боломж гараад ирвэл, хэрэгжүүлэх ямар олон шинэ санаа тээж байгаа талаараа хэл. Таны өсөн дэвжих эрмэлзлийг дарга тань үнэлэх болно. Мөн зарим дарга нар “хэлэхээс нааш анзаардаггүй” хүмүүс байдаг.

Удирдагч болох чадвараа таниул
Хямралын үед энэ арга тусаа маш сайн өгнө. Хэрэв таны дарга ямар нэг шийдэхэд бэрх олон асуудалд орооцолдчихоод, түүнээсээ яаж гарахаа мэдэхгүй сууж байвал түүнд өөрийнхөө шийдвэрлэх арга замыг санал болго. Бусад багуудад даргынхаа ажлаас хуваалцан хийхийг даалгаж ч болох юм.

Санаачлагатай бай
Таны дарга компанийн гадаад дотоод олон ажлыг зэрэг зохицуулах гээд бүх юманд анхаарлаа хандуулж чаддаггүй байж болно. Тиймээс хэрэв таны нүдэнд хийж дуусгаагүй ажил тороод байвал, заавал даргынхаа даалгаврыг хүлээлгүйгээр түүнийг нь гүйцээчих. Тэгээд мессенжэрт нь захидал үлдээх юм уу, завтай цагаар нь өрөөнд нь ороод “Даргаа би өөрөө мэдээд … ажлыг хийгээд дуусгачихсан. Таны ширээн дээр үлдээсэн байгаа” гэж хэл.

Өөрөө өөрийгөө “сурталчил”
Гэхдээ үгээр биш үйлдлээр. Хамгийн анх ажилд орох өргөдөлдөө бичсэн давуу талуудаа түүнд хийж байгаа юмаараа баталж харуулах хэрэгтэй. Хэрэв та компанийн ирээдүйд нөлөөтэй чухал ажлыг гардан хийж дуусгасан бол бүх багийнхандаа баяр хүргэсэн мэндчилгээ илгээгээд, түүнийгээ copy-дож даргадаа мөн адил илгээчих. Ингэх нь түүний анхаарлыг тань дээр шууд бус замаар татах болно. Энэ мэтчилэн ямар ч аргаар бай, таны дарга ямар их зүйл амжуулж явааг тань мэдэх ёстой.

Сониуч бай
Хурал зөвлөгөөн дээр хэлэлцэх асуудлын талаар өмнөх өдөр нь сайн судла. Тэгээд бусад хүмүүсийн бодож ч үзээгүй асуултыг тавь. Та ямар нэг шинэ санааг дэвшүүлээгүй байсан ч, тавьж байгаа асуулт тань сонирхолтой бөгөөд юмыг өөр өнцгөөс нь олж харсан байвал та хамт олон, даргадаа үнэлэгдэж чадна.

Хүлээж байснаас нь илүүг харуулахыг хичээ
Хэрэв тэр танд 20 хуудас дүгнэлт бич гэсэн даалгавар өгсөн бол 25 хуудсыг биччих. Одоо ч гэсэн таны ажил үүрэг их байгааг ойлгож байна л даа. Гэвч та яг л зааж өгсөн хязгаарт нь тааруулж аливааг хийгээд байх юм бол таны дарга таныг үүнээс ч илүүг хийж чадах хүн гэдгийг хэзээ ч олж харахгүй.

Даргынхаа талаар тодорхой мэдээлэл цуглуул
Анхааруулга үг: Хэн ч өөрийнх нь хувийн амьдралд хошуу дүрэхэд дургүй. Гэвч төрсөн өдрийг нь марталгүй санаж бяцхан бэлэг өгөх, мөн та хоёрын яриа гэр бүлийн асуудал руу орвол хүүхдүдийнх нь нэрийг хэлээд тэдний хичээл сурлагынх нь талаар асууж багахан сайшаагаад авахад гэмгүй. Ой санамжаа өөрийнхөө төлөө ашиглах бас нэгэн боломж юм шүү.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.