Ялтан шилжүүлэх хэлэлцээрийг батлав

1

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Хуульзүйн сайд Д.Дорлигжав хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

Гадаадад хэдэн хүн ял эдэлж байна. Хичнээн хүн ял эдлээд гарсан бэ?

-Одоогийн байдлаар гадаад оронд монголын  300-гаад иргэн цагдан хоригдсон. Үүнээс 130 нь ял эдэлж байгаа юм байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Ялтан шилжүүлэх гэрээг Монгол Улс одоогоор 8 улстай байгуулсан.  Монголын иргэн Алтантуяагийн  амь үрэгдсэн хэргийн явц ямар байна вэ?

 

-Малайзад нас барсан эмэгтэйн эцэг, эхтэй уулзсан. Ял авсан нөхөр нь Австралид гарсан байсан. Тиймээс Австралийн талд санал тавьж, Малайзын ялтанг шилжүүлж болох уу эсвэл Монгол Улс руу шилжүүлж болох уу гэсэн.  Энэ асуудлыг холбогдох улс анхааралдаа авъя гэсэн.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Хонконгод манай иргэд үзэсгэлэнгээс хулгай хийсэн хэрэгт холбогдсон. Тэд ял эдэлж байна уу, цайраад ирсэн үү? Хар тамхины наймаатай холбогдсон иргэдийг хэр байна.

 

-Хулгайн хэргээр 4 жилийн хугацаатай ял эдэлж байгаа 3 хүн байна. Нэг нь давж заалдсан. Хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн тухайд “юу авч явж байгаагаа мэдээгүй байсан” гэсэн тайлбар тавьдаг. МИАТ-д “Таны өөрийн чинь ачаа биз. Өөр хүний зүйл авч яваагүй биз” гэсэн сануулгыг байнга тавьдаг. Олон улсад мөрдөгддөг зүйл.

 

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дуусав. Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх нь баталсан юм.

 

Н.Энх


URL:

Сэтгэгдэл бичих