Говьд өгсөн горьдлого тасрахгүй

Монголын ирээдүйг моодонд оруулсан говьд байгаа газрын баялаг иргэн надаас авхуулаад энд тэндэхийн дарга цэрэг, цаашлаад гадны орны (акулуудын) горьдлогыг төрүүлсөөр чамгүй удлаа. Төр засаг ч түмэн олонд бага ч юм шиг их ч юм шиг хувь хувьцаа тараахаа мэдэгдсэн болохоор ч тэр үү өнөөх горьдлогыг улам өдөөж энүүхэндээ л гэхэд хүн бүрийн шунал тачаалыг хөдөлгөж байгаа. За зарим нэг эрх мэдэлтэн тэрхүү шунал тачаалаа биелүүлж, шурга боолтоо чангалсан сураг хэвлэл мэдээллээр олонтаа цацагдаж байгаа. Гэвч мөнөөх бор иргэдийн горьдлого тасрахгүй байгааг хоёр нам, бишээ гурван нам мартаагүй байгаасай гэж найдах юм.

Эх сурвалжийн мэдэгдсэнээр “Эрдэнэс Тавантолгой” компани нийт 15 тэрбум хувьцааныхаа 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй олгох амлалт өгсөн. Тиймээс Монгол Улсын бүх иргэд хүссэн хүсээгүй хувьцаа эзэмшигч болно гэж тайвширч байгаа. Зарим нь сэтгэлээ амрааж дансаа нээгээд баяжсан мэт төсөөлж суугаа хүн ч бий. Гэвч нийт иргэдийн талаас илүү хувь нь хувьцааны зах зээлд наад захын мэдлэг байгаа билүү? Хувьцаа олгох нэрийдлээр ягаан, цэнхэр тасалбар шиг явдал болохыг ч үгүйсгэх аргагүй.

За хувьцаа ч яахав, эрт орой иргэдэд ирж инээд болох уу, ханиад хүрэх үү гэж хүлээх л үлдэж. Гэвч хувьцаанаас чухал нэг зүйл юу вэ гэхээр 10 хувийг ард иргэдэд ноогдуулсан юм байж. Харин 90 хувийг хэдий үнээр хааш нь зөөж байгаа нь л чухал асуудлын нэг байх. Хөршийн дарамтаас айж үнэд хүргэж чадахгүй хил давуулж байгаа баялаг бидний (ард түмний) ирээдүйн баталгаа болж чадах эсэхэд хэн хариулт өгөх вэ? Өнгөрсөн жилийн судалгаанаас харахад иргэдэд олгох 10 хувь 35,84 тэрбум доллар болох бөгөөд vvнийг 2,7 сая хvн амд хуваахад нэг Мoнгол хvнд 13 мянган долларын хувьцаа оногдох тооцоо гарчээ. Харин саяхан мэргэжлийн хүний ярианаас дүгнэхэд 13 мянган доллар арай ч даварсан тоо бололтой. Үүний хажуугаар уул уурхайн үйл ажиллагаа жигдэрч, дээгүүрээ ашгаа хүртсэн томчууд амтанд нь орж ард түмэнд амласан хувь хувьцаагаа ямар нэг аргаар үнэгүйдүүлэх алхам хийх вий.

Нэг талаас горьдлого бааз, нөгөө талаас амлалт бааз. Хэн хэнийгээ гомдоохгүй, аль аль талдаа хариуцлагатай байх л замаар давхиасай. Нэгэнт дээшээ гарсан хүмүүсийн чих хатуу болдгоос хойш ард түмний хувьд горьдлого бааз болж хувирдаг нь худлаа биш. Бослого гаргавал буудна. Сануулахад саатуулагдана. Тэгэхээр горьдлого тавихаас ч өөр яахав.

Үргэлжлэл бий…

Будуур


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих